Categories
мэдээ цаг-үе

Ц.Батбаяр: Ард түмэнд ёс зүй чухал гэдгийг ойлгуулчихвал ёс зүйгүй улстөрчдийг аяндаа шахчихдаг

Дэлхийн философийн өдөрт зориулсан Мэргэжлийн ёс зүй сэдэвт эрдэм шинжилгээний хурал өчигдөр МУИСийн Дугуй танхимд боллоо. Энэ үеэр ХСИСийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн Нийгмийн ухааны тэнхимийн дэд профессор, доктор, доцент, хошууч Ц.Батбаяртай ярилцсан юм.


-Ёс зүй, ёс суртахуун гэдэг зүйл Монголын нийгмийн бүхий л салбарт алдагдаж байгаа болохоор философичид Мэргэжлийн ёс зүй сэдвээр хуралдаж байна гэж ойлгож болох уу?

-Ёс зүйн асуудал нийгмийн шүдний өвчин болчихоод байна. Нийгмийн харилцааны гагнаас, гагнуур бол ёс зүй юм. Гэр бүлд ч ялгаагүй адилхан. Монголчуудын хувьд Чингис хааны үеэс эхлээд гэр бүлийн ёс зүй, нийгэм олон нийтийн ёс зүй, төрийн ёс зүй буюу төрийн ёс заншилтай байсан ард түмэн. Тэр нь ардчилал гарснаас хойш алдагдаж, залуучуудын хувьд ёс суртахууны төлөвшил муудсан, хүнтэй харилцах харилцаа байхгүй болсон, хувиа бодсон эгоист үзэлтнүүд бий болсон. Нийгэм хөгжихийн тулд хүний төлөө өөрийгөө золиосолдог, нийгмийн төлөө цаг зав, хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ зориулж чадах хүмүүс маш ховор болсон. Үзээд буцаагаад өгье ч гэсэн тийм хүн байхгүй болчихсон. Ийм учраас л тийм хүмүүсийг бэлтгэхийн тулд энэ хурлын гол ач холбогдол оршиж байна.

-Эмч, сувилагч, багш нарын ёс зүйн талаар нийгмээрээ нэг хэсэг шуугьцгаасан. Гэтэл сүүлийн үед улс төрч, төрийн албан хаагчдын ёс зүй, ёс суртахууны асуудал нийгэмд хурцаар хөндөгдөж эхэллээ?

-Энэ бол манай боловсролын болон сургалтын системтэй холбоотой л доо. Японд хүүхдэд хаалга хааж сурах, аягаа угааж хэвшихээс эхлүүлээд жижиг зүйлээс ёс зүйн асуудлаа шийдэж үе шаттайгаар анхаардаг. Төрөөд ухаан орох цаг, цэцэрлэг, сургууль, их, дээд сургууль, албан байгууллага гээд шатлаад явчихдаг. Манайд таг чиг байж байгаад их, дээд сургуульд орохоор философи гэж хичээл заана. Тэр хичээл амин сүнс, “А” үсэг нь ёс зүй байдаг. Философийн ном ёс зүйгээр эхэлдэг. Хамгийн эхний сэдэв нь. Яагаад вэ гэвэл хүн бол адгуус. Нөгөө талаар биосоциал буюу нийгмийн амьтан. Биологийн гээд байгаа чинь адгуусанд янз бүрийн зан араншин байдаг шүү дээ. Тэрэн шиг хүнд зан араншин хөгжсөөр байгаад өндөр хөгжилтэй ёс суртахуун болсон байхгүй юу. Тийм болохоор хамгийн ууган шинжлэх ухаан гээд байгаа чинь энэ.

Энэ үнэт чанараа хүн жил ирэх тусам олон мянган жил алдсаар байгаад өнөөдөр хүний нийгэм хүн сүргийн нийгэм болчихсон. Зүгээр л ашиг хонжоо, хэн ашигтай, хэн ашиггүй гэсэн “Yes”, “No” гэдэг хоёр товчлуур дээр л ажиллаж байна шүү дээ. Тэгэхээр үүнийг өөрчлөх нийгмийн шаардлага байна. Улс төрийн хувьд улстөрчдөөс ёс зүйн шалгалт авах ёстой, хамгийн эхлээд. Мэдлэг бол хамаагүй. Хятадын төрийн албан хаагчид Күнзийн сургаалаар ёс зүйн шалгалт өгч байгаа. Күнзийн ёс зүйн үндэслэл, Лаозы, Минз, Сүнз гэсэн том сэтгэгчдийнхээ үзэл дээр суурилж шалгалт өгч төрийн албан хаагч болдог. Тэгж шалгалт өгч тэнцсэн төрийн албан хаагчдыгаа “Буян хишигтэй төрийн албан хаагч” гэдэг.

-Айхавтар мундаг томьёолол юм?

-“Буян хишиг”-тэй гэдэг нь ёс суртахууны хувьд төлөвшсөн утгыг дотроо агуулдаг. Нөгөө талд германчууд бүх хүнээ философийн докторууд болгоно гэсэн. Дандаа философичид буюу ёс зүйчид болгоно гэсэн. Тэгэхээр нийгмээрээ ёс зүйтэй болчихно. Тэгэхээр улс төрд ёс зүйгүй хүн байх боломжгүй болно гэсэн үг. Энэ бол бүх түвшинд яригдах хүн ёсны асуудал.

Гадаадын жуулчид монголчуудын хүн ёс, хүнлэг чанарыг нүдээр үзэх гэж, улаан хацартай, хөдөөний хүмүүсийг үзэх гэж жуулчилж ирдэг байсан. Одоо бол тийм юм байхгүй болчихоод байна. Энэ бол хотжилтын сөрөг үр дагавар байхгүй юу.

-Төрийн албанд ёс зүйгүй хүмүүс шургалснаас төрийн албаны нэр хүнд унаад байна?

-Тухайн хүнийг зөв хэлж байна уу, худлаа хэлж байна уу гэдгийг мэддэг тусгай арга бий шүү дээ. Толгойд нь тусгай зүйл зүүгээд асуулт авах замаар үнэн, худал ярьж байгааг нь тогтоох янз янзын арга байна. Манай ээж Тагнуулын ерөнхий газарт ажилладаг хүн байсан юм. Нэг удаа “Би өрөө дүүрэн доллар асгачихсан байлаа гэхэд ганц ширхгийг ч аваад гарахгүй байх чадвартай шүү, ээж нь” гэж хэлж байсан юм. Тэр чадвар л одоо байхгүй болчихоод байна.

-Та сая офицерын ёс зүйн талаар илтгэл тавилаа. Тангараг өргөсөн цэргийн хүн бол туйлын өндөр хариуцлага, ёс зүй, сахилга баттай хүмүүс. Гэтэл авлига, мөнгө цаасны асуудалд нэр нь холбогдож, зарим нь бүр цолоо хураалгацгаах боллоо?

-Хуулийн хүрээнд л ажиллаж байгаа хүмүүс шүү дээ. Ёс зүйтэй хүмүүс үү гэдэг нь зарим талаар эргэлзээ төрүүлнэ. Хуулиа дагаад л, хуулиар би ингэж хийхгүй юм байна гэж бодоод л хийхгүй яваа болохоос хийх хүмүүс л байхгүй юу гэж хэлж болох юм.

Улстөрчид гэхээр луйварчид гэсэн ойлголт нийгэмд тогтчихлоо. Улс төрийн ангид олон оюутан элсээд төгсч байна. Ирээдүйн луйварчдыг төгсгөөд байгаа юм уу гэсэн эргэлзээ төрүүлж ч байж мэднэ. Хамгийн гол нь ёс зүй байх хэрэгтэй. Улс төрч гэхээр л луйварчин, заль мэхтэй, муу аргатай. Улс төр гэдэг угаас олиггүй зүйл, ээдэрсэн утас шиг. Улс төрийг улстөрчид биш философичид барина гэж Платон хэлсэн байдаг. Улс төрийн хамгийн гол амин сүнс нь уг нь ёс зүй байхгүй юу. Энийг хэлж өгөхийн оронд амин сүнс нь хууль шүү гэж цагаан цаас шиг ард түмэнд ойлгуулчихсан. Ард түмэнд улс төрд ёс зүй чухал шүү гэдгийг ойлгуулчихвал бүгд ёс зүйтэй болоод ёс зүйгүй улстөрчдийг аяндаа шахчина.

-Тухайн улстөрчийг хараад Энэ ёс суртахуунтай хүн мөн байна гэдгийг илтгэдэг ямар чанар байдаг вэ. Өөрөөр хэлбэл, ёс суртахуунтай хүнийг ёс суртахуунгүй хүнээс ялгах гол арга?

-Харагдахгүй шүү дээ. Гаднаа нэг их сайхан бурхан шиг царайтай, толийсон хүн байдаг. Дотроо юу бодож байгааг таах боломжгүй. Хүнийг танихад микроскоп хэрэггүй гэдэг.

-Тэгээд туршиж үзье гэвэл яаж шалгах вэ. Ёс суртахуунтай, ёс суртахуунгүй гэдгийг танья гэвэл яамаар ч юм бэ дээ?

-Мөнгө өгөөд шалгаж болно шүү дээ (инээв). Авах нь уу, үгүй юу. Өгөөш тавьж шалгана гэх ч юм уу даа.

-Дээр үед монголчууд маш их ёс зүй, ёс суртахуунтай байжээ гэж дурсаж л ярих болж дээ?

-Чингис хамгийн шударга хүн байсан. Чингис шиг хүн алга. Шударга ёсыг тогтоож чадахгүй байна. Чингис дэлхийд шударга ёсыг тогтооно гээд хутгаараа дэлхийг сийчээд боссон хүн шүү дээ. Монгол хүн хэзээ ч тэгж байгаль эхээ сийчдэггүй байхгүй юу. Гэтэл газрыг сийчээд боссон нь шударга ёсны төлөөх л дайн байсан. Эцсийн зорилго нь ёс зүйн дайн байсан байхгүй юу. Түүнээс биш түүний тэмцлийг газар нутгийн төлөө байсан гээд янз бүрээр тайлбарлаж болно л доо. Миний ойлгож байгаагаар эмх цэгц, зохион байгуулалт, шударга ёсыг тогтоохын тулд байлдсан. Монголд шударга ёсыг тогтоочихоод хилийн цаана шударга бус хүмүүсийн чимээ сонсогдоод тэгээд хөдөлж тэр нь даамжраад цааш явсан гэсэн үг.

-Улс төрд байгаа хүмүүсийг ёс зүйтэй болгох боломж байхгүй юм байна. Ёс суртахуунтай шинэ үе төрөн гарч байж л энэ бүхэн дуусгавар болох нь. Бидэнд тодорхой хугацаа шаардагдах нь ээ, тийм үү?

-Нэг нийгэм өөрчлөгдөж шинэчлэгдэхэд дор хаяж зуун жил хэрэгтэй. Бий байгаа үе нь үхэж дуусч байж дараагийн үе гарч ирнэ. Тэд үхэхдээ тийм амар явахгүй. Ер удмаа үлдээчихээд явчихдаг. Тэгэхээр тэр ёс зүйгүй байдал өвлөгдөөд, генээр нь дамжигддаг. Тэгэхээр монголчууд удам сайтай хүнтэй суу гэдэг шиг улс төрд удам сайтай хүн л байх ёстой. Хамгийн гол шалгуур нь.

-Бас философич буюу гүн ухаантай байх ёстой?

-Философийг судалсан. Юмыг олон талаас нь олон өнцгөөс харж чаддаг, ёс зүйтэй хүн байх ёстой.

Монголын нийгэм чинь уламжлалт нийгмийн, социалист уламжлалын, орчин үеийн гэсэн үнэт зүйлийн гурван фазыг дамжсан байхгүй юу. Уламжлалт нийгэм гэдэг нь бидний ёс уламжлал, ёс заншил. Энийгээ устгачихаад социализм руу орсон. Дараа нь социализмаа устгачихаад капитализм руу орсон. Дандаа устгаад явсан. Уг нь уламжлал-шинэчлэл гэдэг шиг явах ёстой байсан. Японд “Чи Такаши биш япон хүн” гэдэг. Гэтэл манайд тэр нь байхгүй болсон. Бүх сүм хийдийг нь шатааж, заримыг нь буудаад устгачихаад тэг болгочихоод шинэ үнэт зүйл оруулж ирсэн. Эцсийн эцэст энэ чинь үнэт зүйлийн хямрал байхгүй юу.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *