Categories
мэдээ цаг-үе

Ц.Баатархүү: Улаанбаатар хот удирдлагагүй хэд ч хонож болохоор байна

НИТХ-ын төлөөлөгч, НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Хотын захирагчийг батламжлах асуудал олны анхаарлын төвд байна. Энэ тал дээр танд мэдээлэл байна уу?

-Одоо мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд тухайн шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас олонхын санал авсан нэр дэвшигчийг батламжлуулахаар дээд шатны Засаг даргад өргөн барьдаг. Батламжлах эсэх нь дээд шатны Засаг даргын эрх мэдлийн асуудал. Тэгэхээр нийслэлийн Засаг даргыг батламжлах уу, үгүй юу гэдэг нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн хэрэг. Нэг удаа буцаах эрхтэй. Олонхын санал авсан С.Мөнхчулууны нэрийг өргөн барьсан юм билээ.

-Таны хувьд С.Мөнхчулуун төлөөлөгч хотыг захирах чадамжтай гэж үзэж байна уу. Сөрөг хүчний хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Их хэцүү асуулт байна. Ер нь аливаа ажил багийнх байдаг. 2016 онд нийслэлчүүдэд амлаж байсан мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь багийн ажил. МАН УИХ-д 65 суудалтай, НИТХ-ын 45 суудлын 34-ийг авсан. Нийслэлийн иргэдийн хурлын 76 хувийг дангаараа бүрдүүлдэг. Бүх томоохон бодлогын чиглэл, реформууд, өгсөн амлалтандаа хүрэх боломж тэдэнд бий.

АН оролцсон, оролцоогүй, бид хуралдаа ирсэн, ирээгүй шууд шийдээд явах боломжтой. Харамсалтай нь өрх болгоныг орон сууцтай болгох, агаарын бохирдлыг жил болгон 10 хувиар бууруулах, гэр хорооллын дахин төлөвлөлтийг шинэ үзэл баримтлалаар хөгжүүлэх, нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийх, ажлын байрыг нэмэгдүүлэх, ЖДҮ-ийг хөгжүүлэх гэж 2016 онд амласан амлалтуудаа хугацааны хувьд хэрэгжүүлэх боломжгүй. Нийслэлийн Засаг даргад хэн ч гарсан энэ ажлуудыг хийх цаг хугацааны хувьд нэгэнт боломжгүй болсон гэж харж байна.

-МАН-ын талцал нийслэлд ажиглагдаж байна уу. Нийслэлийн ажилд нөлөөлсөн зүйл бий юу?

-60 тэрбум, ЖДҮ гэсэн хоёр бүлэг УИХ-д үүсчихсэн. Нийлж нэг өрөөнд суугаад хурлаа хийж чадахаа больсон. Ирц бүрдэхгүй. Нийслэлийн бодлогыг тасралтгүй тогтвортой авч явах НИТХ-ын хуралдаан цагтаа эхлэхээ больсон. Олонхын бүлэг нэг өрөөндөө хуралдахгүй, асуудлаа ярихгүйгээс болж хурал үргэлж цагаасаа хоцорч эхэлдэг болсон. Энэ бүх хуваагдалд АН-ыг оролцуулах гэдэг. Бид үүнд оролцохгүй. ЖДҮ, 60 тэрбумын хэрэг бол уучилж болохгүй, иргэдийн боломжийг булааж авсан хэрэг.

-АН-ын хувьд хоорондоо хуваагдсан, талцсан зүйл бий юу?

-Үгүй. Ер нь НИТХ-ын АН-ын 11 төлөөлөгч нэг бодлоготой. Сөрөг хүчин нийслэлийн өмнө тулгамдаж буй асуудлын дарааллыг гаргаж эрх баригчдад үүнийг шийдээч ээ гэсэн хууль ёсны шаардлага тавьдаг. Үүний зэрэгцээ эрх баригчдын мөрийн хөтөлбөр биелж байна уу гэдэгт дүгнэлт өгдөг. Мөн татвар төлөгчийн мөнгөөр төсвийн орлого бүрддэг. Төсвийн мөнгийг үр ашигтай зүйлд зарцуулж байна уу гэдэгт хяналт тавих гэсэн үндсэн гурван ажлаа хийж байгаа. Гадуур яригдаж байгаа шиг нийслэлийн АН дотроо хуваагдсан зүйл байхгүй.

-С.Амарсайханыг Хотын даргад нэр дэвшихдээ хурлын даргын ажлаасаа чөлөөлөгдөх ёстой байсан гэх юм. Заавал чөлөөлөгдөх хуультай юм уу?

-Хотын даргад нэр дэвшихдээ Иргэдийн хурлын даргын ажлаа өгнө гэсэн хууль байхгүй. Ёс зүйн хувьд НИТХ-ын дарга нийслэлийн Засаг даргад өрсөлдөхдөө ажлаа өгөх нь зүйтэй гэсэн байр суурийг олон төлөөлөгчид гаргаж байна лээ. Өөрөөр хэлбэл, парламентын засаглалтай улс оронд НИТХ гэдэг бол нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага. Парламентын засаглалын утгаараа НИТХ-ын дарга гэдэг нь нутгийн удирдлагын хамгийн том төлөөлөл. Нэг үгээр гол албан тушаалтан. Тэгээд энэ гол албан тушаалтан дараагийн гүйцэтгэх албан тушаалд дэвшиж байгаа бол ёс зүйн хувьд ажлаа өгөх ёстой гэсэн байр суурийг гаргасан. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Үндсэн хууль зэрэг нэлээд хуулиудад зохицуулалт хийж сайжруулах шаардлага байгаа гэдэг нь харагдаж байна.

-Жишээлбэл, ямар зохицуулалт хийх шаардлагатай байна вэ?

-Иргэдийн хурлаас санал авсан хүнийг ийм, тийм хугацаанд дээд шатны Засаг дарга батламжлах ёстой гэдэг тодорхой хуулийн заалт байхгүй. Харин хоёр дахь санал хураалтаар эхний сонгосон хүн дахин ялалт байгуулбал тав хоногийн дотор дээд шатны Засаг дарга батламжлах үүрэгтэй. Эхнийх дээр хугацаа байхгүй учраас Улаанбаатар удирдлагагүй хэд ч хонож болохоор байна. Магадгүй үүнийг батлах эсэхээ шийдэхгүйгээр хичнээн ч хонож болно.

-Ерөнхий сайд батламжлахгүйгээр буцааж, дахин санал хураалтаар хотын даргад өөр хүн гараад ирлээ гэж бодъё. Энэ тохиолдолд батламжлахад хугацаа заасан уу?

-Энэ тохиолдолд хугацаа байхгүй. Үүн дээр зохицуулалт шаардлагатай байна.

-С.Мөнхчулууныг санал хураалтын үеэр АН-ын төлөөлөгчдөд тендер амласан гэсэн яриа гарсан. Ийм зүйл болсон юм уу?

-Тийм боломжгүй. Хоёр талын төлөөлөгчид бие биенээ хянаад сууж байгаа шүү дээ. АН-ын бүлгийн зүгээс сонгууль, ардчиллын зарчмаар олон хүн нэр дэвшиж байгаа бол санал хураалтаа нууцаар явуулах ёстой гэсэн байр суурьтай байсан. Хэн ямар санал өгснийг бид мэдэх боломжгүй. Тийм тендер амласан гэдэг нь худлаа.

-Энэ оны төсөвт АН-ын зүгээс өөрсдийнхөө мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгийг тусгаж чадав уу?

-АН-ын мөрийн хөтөлбөрийн гол амин сүнс бол асуудлын үр дагавартай тэмцэх биш, учир шалтгааныг нь шийдэх ёстой гэсэн баримтлал юм. Утаатай тэмцэнэ гэхээсээ илүүтэй түүнийг үүсгэж байгаа 220 мянган яндангаа хэрхэн бууруулах вэ гэдэгт юм. 220 мянган янданг инженер, эдийн засгийн шийдлээр бууруулна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ипотекийн зээлийг таван хувь болгох ажлаа үргэлжлүүлье гэсэн мөрийн хөтөлбөртэй байсан. Энэ мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд илүү ахиу мөнгө төсөвлөе гэсэн байр суурьтай байгаа. Улаанбаатар хотод дарга нарын суудаг захиргааны байшинг эхэлж барих ёстой юмуу, эсвэл орчныхоо бохирдлыг түрүүлж бууруулах ёстой юмуу гэдэг сонголт байна. Орчныхоо бохирдлыг бууруулъя, татвар төлөгчдийнхөө мөнгийг үүнд зарцуулах ёстой гэдгийг хэлсэн. Гэтэл 97 тэрбум төгрөгөөр шинэ захиргаа барьж байна. Үүнийг бид эрс эсэргүүцсэн. Мөн энэ оны төсөвт Сонгинохайрхан дүүргийн захиргааг барих хөрөнгийг оруулсан. Дарга нарт байшин бариад байдаг. Иргэдийн амьжиргаа сайжирдаггүй. Иргэд дахин төлөвлөлтөөр байшин барья гэхээр энэ ажил нь явдаггүй. Хоёрдугаарт, энэ жилийн төсөв дээр Улаанбаатар хотыг хүүхдэд ээлтэй болгоё гэсэн. Хотын хүнд ээлтэй байна уу гэдэг шалгуур хүүхдэд ээлтэй байна уу гэдгээр хэмжигддэг. Хүүхдүүд тоглож нааддаг, аюулгүй орчинд хөгжиж боловсрох боломжийг олгох үүднээс тодорхой хэмжээний төсвийг АН-ын бүлгийнхэн шийдүүлсэн. Нүдэнд харагдахгүй нэг аюул нь хөрсний бохирдол. Хөрсний бохирдлыг бууруулах ажилд нийслэл ямар ч бодлогогүй байна. Тиймээс энэ талд дээр эхний ажлуудыг хийе гэсэн санаачилгыг гаргаж, хөрсний бохирдлыг бууруулахад тодорхой төсөв батлуулсан. 2019 оны нийслэлийн төсөв анх удаа нэг их наяд төгрөг болсон. Улаанбаатар хот төсөв мөнгөөр дутаагүй. Гол нь үүнийг зөв зарцуулах менежмэнтээр дутаж байна.

-Энэ оны төсөвт ойн баяр тэмдэглэхэд их мөнгө тавьсан гэх шүүмжлэл байна. Үүнийг та юу гэж харж байна вэ?

-Тийм. Энэ жил шоу цэнгээн, баяр зохион байгуулах урсгал зардалд өндөр төсөв тавьсан. Улаанбаатар хотын 380 жилийн ойг зохион байгуулахад гурван тэрбум, улсын баяр наадам зохион байгуулахад гурван тэрбум, Зүүн хойд Азийн соёл аялал жуулчлалын үйл ажиллагаа зохион байгуулахад гурван тэрбум, аз жаргалтай хотын индекс тооцно гэдэгт нэг тэрбум төгрөг гэх мэтчилэн огт үр дүн нь харагддаггүй хурал, цэнгээнд маш их мөнгө төсөвлөж орж ирсэн. Бид эрс эсэргүүцсэн. Тухайлбал, Улаанбаатар хотын захиргааг нүүлгэнэ гэдэг дээр нэг тэрбум төгрөг төсөвлөж оруулж ирсэн. Улаанбаатар хотын шинэ захиргаанд тавилга худалдаж авна гэдэгт гурван тэрбум төгрөг төсөвлөсөн. Заавал тэрбум төгрөг үрэхийн оронд энд байгаа тавилгаа хэрэглэх боломжтой. Харин энэ мөнгийг утаа, түгжрэлийг бууруулах дэвшилтэт шийдлүүдийг хэрэгжүүлэхэд зарцуулж болно. Улаанбаатарын иргэд яахаараа хугацаа нь дууссан, актлагдсан, тав тухгүй нийтийн тээврээр үйлчлүүлэх ёстой юм бэ. Гэтэл өнөөдөр иргэдийн татвараар цалинждаг дарга нар зуун зуун саяар машин авч, 97 тэрбумаар шинэ байшин бариад байдаг. Ийм байж болохгүй гэдэг байр суурийг бид гаргасан.

-Аз жаргалтай хотын индекс тодорхойлно гэдэг нь ямар учиртай юм бэ?

-Жил болгон энэ ажилд бид шүүмжлэлтэй ханддаг. Улаанбаатар хотын иргэд аз жаргалтай байна уу гэдэгт судалгаа хийдэг юм. Би дарга нарт “Цонхоороо хар. Эсвэл гудамжаар алх” гэж хэлдэг юм. Энэ их утаанд хүүхэд, ахмадууд хохирч байна. Нийслэлчүүд бүгдээрээ утаагаар амьсгалж байхад яаж аз жаргалтай байх юм бэ. Ямар ч боломжгүй л дээ. Тиймээс тэр хэдэн төгрөгөө арай өөр зүйлд зарцуулах шаардлагатай гэж байгаа юм.

-МАН-ын хуваагдлаас болж төрийн ажил гацаад удлаа. Залуу улстөрчийн хувьд үүнийг юу гэж харж байгаа вэ?

-Төрийн үндсэн үүрэг бол тулгамсан гол асуудлыг шийдэх юм. Гэтэл өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлаас болоод улстөрчид асуудал шийдэгчид биш, өөрсдөө асуудал болоод хувирчихсан. Уг нь иргэдийн санааг зовоосон асуудлыг шийдэх ёстой байтал иргэд улстөрчдийн эв нэгдэлгүй байдал, худлаа хэлэх, хууран мэхлэх, иргэдийн боломжийг хулгайлж байгаад санаа зовж байна. Иргэд ганцхан зүйл хүсч байна. Эхний ээлжинд олон сайхан шинэчлэл хийдэггүй юмаа гэхэд ядаж татвар төлөгчдийн мөнгөнөөс битгий хулгай хийгээч ээ гэж. Ийм л энгийн шаардлага тавьдаг болжээ. Энэ нь улстөрчдөд итгэх иргэдийн итгэл үнэхээр багассаныг харуулж байна. Улс төрийн энэ тогтворгүй байдлаас болж эдийн засагт хөрөнгө оруулагчид итгэхгүй болчихсон. Энэ хэмжээгээр эдийн засгийн хөгжил удааширч байна. Үндсэндээ энэ байдлаараа цааш явбал тэвчихийн аргагүй бухимдалд орно. Түүнчлэн 2016 онд амласан эрх баригчдын мөрийн хөтөлбөр цаг хугацааны хувьд биелэх боломжгүй болчихлоо. Тиймээс цаашид яах вэ гэдэг том асуудал гарч ирнэ. Үүний зэрэгцээ бид хангалттай их улстөржиж байна. Гэхдээ сөрөг хүчин нь эрх барьж байгаа намтайгаа улстөржөөд байгаа юм биш. Эрх барьж байгаа нам нь дотроо үзэлцээд байгаа нь асуудал. Гол сонирхолтой зүйл нь энэ. Хуучин цагт намууд хоорондоо үздэг байсан бол одоо нэг нам дотроо үзэлцээд байгаа нь Монголын зовлон болоод хувирчихлаа. Эрх баригчид хангалттай хуваагдлаа. Одоо шийдэл, бодлого дээрээ төвлөрч асуудлаа ярья гэсэн байр суурьтай байна.

-МАНАН-гийн эсрэг тэмцэж байгаа гэж улстөрчид хэлж байна. Таны эргэн тойронд МАНАН бий юу?

-МАНАН гэхээр АН, МАН хоёр юугаараа ялгаатай юм бэ гэдэг асуудал гарч ирээд байх шиг байна. Иргэдийн зүгээс АН, МАН хоёр юугаараа ялгаатай юм бэ гэдэг ойлголт гарч ирнэ. Мэдээж сонгуульд дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрөөс өөр ялгаатай зүйл энэ хоёрт байна уу гэж. Үндсэндээ улс төрийн намын ялгарал багассан. Багассан учраас улс төрийн намууд ялгаагүй харагдаад байгаа юм. Ялгаагүй харагдаж байгаа учраас намуудын нэр хүнд унаж байгаа. Үүнийг нийлүүлээд МАНАН гэх нэршил гарч ирж байна. Дэлхийд намууд хоорондоо ялгардаг гол зүйл нь үзэл баримтлал. Тиймээс АН үзэл баримтлалаа шинэчилж батлаад баруун төвийн нам болсон. Энэ үзэл баримтлал нь цаашдаа Монголыг хөгжүүлэх үндсэн филисофи юм. Тэр утгаараа бусад намууд ямар үзэл баримтлалтай юм бэ гэдгээ харьцуулж, салгаж ойлгохгүй бол бүгдээрээ МАНАН-таж харагдаад байж болохгүй. Иргэд ч гэсэн тэгж ойлгодог. Иргэдэд улс төрийн боловсрол олгох ажлыг намууд хангалттай хийж чадахгүй байна.

-Танай намын зүгээс ээлжит бус сонгууль зарлах ёстой гэсэн байр сууриа олон нийтэд мэдэгдсэн. Асуудал ээлжит бус сонгуулиар шийдэгдэх болов уу?

-Ер нь бид асуудлыг ээлжит бус сонгууль явуулаад шийдэж чадахгүй. Цаашдаа улс төрийн намын санхүүжилтийн асуудлыг өөрчлөх хэрэгтэй. Сонгуулийн тогтолцооны асуудлыг өөрчлөх шаардлага бий. Энэ удаагийн парламент нэн тэргүүнд улс төрийн намын тухай хуулийг батлах хэрэгтэй. Хоёрдугаарт, Сонгуулийн тухай хуулийг батлах нь зүйтэй. Ингэж чадвал нэлээн том шинэчлэл хийнэ.

Э.ЯНЖМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *