Өнөөдөр НИТХ дахь АН-ын бүлгээс хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн хуралд НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа, Т.Батцогт, НИТХ дахь АН-ын дарга Ц.Баатархүү нар оролцлоо. НИТХ-ын дэгийн дагуу сар бүр хуралдах ёстой. Гэвч долоо, наймдугаар сард хуралдаагүй гэнэ. Хэрэв ээлжит чуулган хойшлох шалтгаантай бол дараагийн хурлын товыг тогтоол гаргаж товлох ёстой байдаг байна.
Хуралын эхэнд НИТХ дахь АН-ын дарга Ц.Баатархүү “НИТХ ардчиллын зарчмаас, нээлттэй үйл ажиллагаагаа явуулдаг зарчмаас ухарч байна. Тогтмол явуулах ёстой хурлаа хоёр удаа тасаллаа. Нийслэл Улаанбаатар хотын ажил амьдрал, бүтээн байгуулалт тасалдаж байна. 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн гэр хорооллын дахин төлөвлөлт, авто замын шинэчлэлтэй холбоотой асуудал, тусгай замын автобус, гэр хорооллыг дэд төв болгон хөгжүүлэх, хотын тохижилт, хог хаягдлын шинэ менежмент гэх мэт олон асуудлын эрчим суларч Улаанбаатар хот эзэнгүйдэж байна. Иймээс НИТХ-ын дарга Ц.Сандуйд шаардах бичиг хүргүүлнэ” гэлээ.
НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт“Нийслэлийн Засаг даргаас нутгийн өөрөө удирдах байгууллагуудад 2012 оноос хойш нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад ажиллаж байсан хүмүүсийн судалгаа мэдээллийг ирүүлэх үүрэг даалгавар өгсөн юм байна лээ. Энэ нь төрийн албан хаагчид ажлаа хийх боломж бололцоог хааж, сэтгэл санааны дарамт учруулж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн агентлагаас 200 гаруй хүн чөлөөлөгдсөн. Ингэснээр төрийн албан хаагчид нам бус байх хууль тогтоомжийг зөрчиж байна” гэв