Монгол бүсгүй Ц.Ариунзаяа “Neon Makeup” төрөлд дэлхийн аварга боллоо. Мэргэжлээрээ 9 дэх жилдээ ажиллаж байгаа тэрээр БНСУ болон Тайваньд театр кино, тайз дэлгэцийн нүүр хувиргагч мэргэжлээр суралцсан бөгөөд гоо сайхны DIVA академийг үүсгэн байгуулагчдын нэг юм.
Ц.Ариунзаяа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван төрлийн неон гэрлийг ашигласан бүтээл хийж гүйцэтгэн аваргын алтан медаль хүртжээ. Гоо сайхны олимп гэгддэг уг тэмцээнд 50 гаруй орны 3 мянга гаруй хүн оролцжээ. Ц.Ариунзаяа олон улсын тэмцээнд анх 2019 онд хуримын нүүр будалтын төрлөөр оролцож 8 дугаар байрт орж байв.
Тэрээр одоо олон улсын тэмцээнд шүүгчээр мөн оролцох болсон байна. “Энэ бол дөнгөж эхлэл гэдгийг ойлгож байна. Цааш улам илүү ихийг бүтээж, Монголын makeup төрлийг дэлхийн түвшинд хүргэх маш их үүрэг хариуцлага ирж байна” хэмээн тэрээр сэтгэгдлээ хуваалцаад “Хүн өөрийн зорьсон зорилго мөрөөдөлдөө хүрч болдог юм байна. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд тууштай, бүтээлч байх нь биднийг амжилтад хөтлөн хүргэх гүүр болдог юм” хэмээн ярьжээ.