Улсын Дээд шүүхээс Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэгт гэм буруутай гэж үзэн, Хаалттай дэглэмтэй хорих ангид тус бүр 20 жил хорих ял оноолоо.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 171 дүгээр магадлалтай, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Содномдаржаа, түүний өмгөөлөгч Л.Мөнхтөр, шүүгдэгч Ц.Амгаланбаатар, түүний өмгөөлөгч Д.Дашдорж, шүүгдэгч Т.Чимгээ, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюуны өмгөөлөгч Л.Энхсайхан нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцсэн юм.
Шүүх хуралдаанд ерөнхий шүүгчээр Ц.Зориг, шүүгчээр Д.Эрдэнэбалсүрэн, Б.Цогт, Б.Батцэрэн,Ч.Хосбаяр нар, улсын яллагчаар Г.Эрдэнэбат оролцлоо.
Дээд шүүх Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын өмгөөлөгчдийн гаргасан нэхэмжлэлийг хүчингүй болгож, өмнөх хоёр шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ хуулийн дагуу ажилласан гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Содномдаржаа, Т.Чимгээгийн гэр бүлийнхэн Дээд шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй Олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагад хандана гэв.