УИХ-ын гишүүнээр сонгогдон, Дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан С.Зоригийг 18 жилийн өмнө буюу 1998 оны аравдугаар сарын 2-ны Баасан гаригийн орой гэрт нь онц хэрцгийгээр хөнөөсөн этгээд хэн байв гэдгийг тогтоох шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилж шүүх бүрэлдэхүүн шийтгэх тогтоол гаргалаа. С.Зоригийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг гэм буруутай гэж үзэн ял шийтгэл оногдуулсан юм.
Шийдвэрт яллагдагчаар татагдсан Ц.Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноолоо. Ц.Амгаланбаатарт оноосон 25 жилийн 20-ыг гянданд, үлдснийг нь онцгой дэглэмтэй хорих ангид, Б.Содномдаржаад оноосон 25 жилийн 23-ыг нь гянданд, үлдснийг нь онцгой дэглэмтэй хорих ангид, Т.Чимгээгийн 24 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэхээр болов.
Эдгээр гурван хүнийг бүлэглэн, онц хэрцгийгээр, шунахайн сэдлээр, захиалгаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж амь насыг нь онц хэрцгий аргаар хөнөөсөн гэж үзжээ.