Ираны нийслэл Тегеран хотноо АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын шог зургаар үзэсгэлэн гаргасан болохыг “Islam Today”-д мэдээлжээ. Тус үзэсгэлэнд Ираны болон гадаадын нийтдээ 74 улсын уран бүтээлчдийн 1600 гаруй бүтээл тавигдсан байна. Зураачид АНУ-ын төрийн тэргүүний гаргаж буй зүй бус ааш авирыг илэрхийлэхийг зорьжээ.
Үзэсгэлэнг зохион байгуулагч Масуд Шойя Табатабай хэлэхдээ “Трампизм” хэмээн нэрлэсэн нь тохиолдлынх биш бөгөөд “Бид арьс өнгөөр ялгаварлан галуурхалт болон нацизм гэсэн санааг агуулж “Изм” буюу “Trumpism” гэж нэрлэсэн. Мөн хүмүүс ч үзэсгэлэнгийн бүтээлүүдээс Гитлерийн хэв шинж байгаа болохыг олж харж байна” гэсэн байна. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар, үзэсгэлэнгийн лого, билэг тэмдгийг мөн нацист Германы хас тэмдэгтэй адилтгаж, улаан дэвсгэртэй цагаан дугуй дотор хас тэмдэгийн оронд “Т” үсэг тавьсан байна.
Үзэсгэлэнгийн тэргүүн байрын 1.5 мянган долларын шагналыг Ираны уран бүтээлч Хади Азади хүртжээ. Тэрээр нэг долларын мөнгөн дэвсгэртээр хийсэн пиджактай Трамп номон дээр шүлсээ гоожуулж байгаагаар дүрсэлсэн уг бүтээлээрээ “Соёлын билэг тэмдгийг үгүй хийж байгааг Трампад харуулахыг хүссэн” гэсэн тайлбарыг өгжээ.
Б.ОДГЭРЭЛ