Хүйтэн сэрүүний улиралд амьсгалын замын цочмог халдварын өвчлөл ихэсч, эмнэлгийн орны ачааллыг нэмэгдүүлэн, уушгины хатгаа, бронхит зэрэг амьсгалын замын цочмог хүнд халдвар болж хүндэрч байна. Үүнд 0-5 хүртэлх насныхан болон 60-аас дээш насныхан илүү өртөж байна.
Иймээс амьсгалын замын цочмог халдварт өвчний дэгдэлтийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор аймаг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад дараахь зөвлөмжийг хүргүүлж байгаа. Үүнд:
- Томуу томуу төст өвчний үед хэрэгжүүлэх бэлэн байдлыг хангах төлөвлөгөөнд тодотгол хийж хэрэгжүүлэх,
- Өвчтөнд эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй шуурхай үзүүлж, бэлэн байдлыг хангаж ажиллах,
- Эмнэлгийн тусламж үйлчилгээ, амьсгалын замын дутагдалтай өвчтөнүүдэд шаардлагатай эм бэлдмэл, вирусийн эсрэг, дархлаа дэмжих эмийн нөөцийг нэмэгдүүлэх,
- Лавлагаа лаборатори, бүсийн вирус судлалын болон бактериологи лабораториудын бэлэн байдлыг ханган оношлуур, урвалжийн нөөцийг нэмэгдүүлэх,
- Томуу, менингококкт халдвар болон амьсгалын замын бусад цочмог халдварын улмаас хүндэрч болзошгүй бага насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, архаг хууч өвчтэй эрсдэлт бүлгийн хүн амд тавих өрхийн эмчийн хяналтыг сайжруулах, эмнэлгийн тусламж үйлчилгээг нэн тэргүүнд үзүүлэх,
- Эмнэлгийн орны ачаалал нэмэгдсэн үед орны зохицуулалт хийх, орны тоог нэмэгдүүлэх, нэмэлт ор, тасаг дэлгэх,
Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд дээр хүн амын хэт бөөгнөрөл үүсэхээс сэргийлж, гэрийн үзлэг, эргэлтийг нэмэгдүүлэх зэргээр ажиллахыг зөвлөмж болгов.