Categories
мэдээ нийгэм

Томуугийн эсрэг вакциныг 40-45 мянган төгрөгөөр хувийн эмнэлэгүүдэд хийж эхэлжээ

Томуугаас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь вакцин хэмээн ДЭМБ-аас зөвлөдөг.

Томуугийн вакцин хийх эмнэлгүүд болон үнийн талаарх мэдээллийг хүргэж байна.

ХӨСҮТ-д хийх томуугийн вакциныг худалдан авах, гэрээ байгуулах ажлаар холбогдох хүмүүс ажиллаж байгаа бөгөөд вакцин аравдугаар сарын сүүлээр ирэхээр байгаа аж. Тиймээс одоогоор хэдэн хүн тун вакцин ирэх, ямар үнэтэй хийгдэх нь тодорхой болоогүй байгаа юм байна.

Харин зарим хувийн эмнэлэгт БНСУ-аас оруулж ирсэн томуугийн вакцин хийгээд эхэлсэн бөгөөд вакцины төлбөрт эмчийн үзлэг багтсаныг хэлж байв.

  • “Интермед” эмнэлэг томуугийн вакциныг 45 мянган төгрөгөөр, ажлын өдрүүдэд 09:00-16:00 цагийн хооронд,
  • “Юнимед” эмнэлэг 45 мянган төгрөгөөр, ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд,
  • “Тод клиник” 40 мянган төгрөгөөр хийж байгаа бөгөөд цаг авч үйлчлүүлэх боломжтой,
  • “Family klinic” 45 мянган төгрөгөөр, ажлын өдрүүдэд 09:00-17:00, амралтын өдрүүдэд 10:00-15:00 цагийн хооронд,
  • “СОС Медика Монголиа” эмнэлэг аравдугаар сарын эхээр томуугийн вакцин хийж эхэлнэ гэв.

ХӨСҮТ-ээс дараах зөвлөгөөг өгч байна:

Вакциныг жилд нэг удаа булчинд тарьж хэрэглэнэ:

  • 6 сартайгаас 3 хүртэлх настай хүүхдэд 0.25 мл-ээр булчинд тарина,
  • 3-аас дээш насны хүүхэд болон насанд хүрсэн хүнд 0.5 мл-ээр булчинд тарина.

Дараах тохиолдолд энэ вакциныг хэрэглэхгүй:

  • Уг вакцины найрлаганд орсон аль нэг бодис болон өндөг, тахиа зэрэгт хэт мэдрэг,
  • Сүүлийн нэг жилийн хугацаанд таталт өгч байсан,
  • Өмнө нь томуугийн эсрэг вакцин хийлгэсний дараа 6 долоо хоногийн дотор вакцины дараах урвал, хүндрэл илэрч байсан,
  • Дархлал дарангуйлах эмчилгээ хийлгэж байгаа, дархлааны хомсдолтой хүнд хийхгүй.

Дархлаажуулалтын дараа илэрч болох урвал, хүндрэл:

  • Улайх, хавдах, өвдөх зэрэг хэсэг газрын болон халуурах, чичрүүдэс хүрэх, толгой өвдөх, ядарч сульдах, бөөлжих зэрэг хариу урвал илэрч болно
  • Ховор тохиолдолд цочмог харшлын урвал илэрч болно
  • Маш ховор тохиолдолд саажилт, мэдрэлийн үрэвсэл илэрч болно

Хэрэв дээрх шинж тэмдэгүүд илэрвэл эмнэлэгт хандах хэрэгтэй.

Ерөнхий анхаарах зүйлс

  • Вакцин хийлгэж байгаа хүмүүс тарьсан хэсгийг цэвэр байлгах дархлаажуулалтын дараах урвал илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй
  • Томуугийн өвчлөл тархахаас сарын өмнө томуугийн эсрэг вакцин тариулах.
  • Жирэмсэн болон хөхүүл үед вакцин хийлгэж болно. Гэхдээ эмчид үзүүлж, эмчийн заасны дагуу хийлгэх эсэхээ шийдэх ёстой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *