ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна
Монгол Улсын хэмжээнд энэ сарын 09-нөөс 16-ны өдрийн хооронд амбулаториор нийт 157.863 хүн үйлчлүүлсний 7.675 (4.9%) нь Томуу, томуу төст өвчтэй гэж оношлогджээ. Энэ нь өмнөх 7 хоногоос 0.3, өнгөрсөн оны мөн үеэс 0.2 хувиар тус тус их байгаа юм.
Мөн 10,000 хүн амд 29.0 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх 7 хоногоос 4.2, өмнөх оны мөн үеэс 2.4 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Томуу томуу төст өвчин нь вирусээр үүсгэгддэг амьсгалын замын цочмог халдварт өвчин. Халдвар нь амьсгал, агаар дусал, ахуй хавьтлын замаар халдварлана.
Иймээс Томуу, томуу төст өвчнөөс хэрхэн сэргийлэх зөвлөгөөг хүргэж байна.
- Хүйтэн, сэрүүний улирал эхэлж байгаатай холбоотой тохируулан хувцаслах, даарч хөрөхгүй байх
- Гэр сургууль, цэцэрлэг, ажлын байрны өрөө тасалгаанд цаг тутамд 10-15 минут цэвэр агаар оруулж, өдөрт 2-оос доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийх
- Илчлэг сайтай, амин дэмээр баялаг хоол хүнс, жимс, жимсгэний шүүс хэрэглэх
- Гараа савандаж угааж хэвших
- Хүүхдийг цэвэр агаарт салхилуулах, хамрын хөндийг байнга цэвэрлэж байх
- Томуу томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийж хэвших
- Үзвэр, үйлчилгээ, олон нийтийн газраар сэлгүүцэхгүй байх
- Ханиах найтаах үедээ ам, хамраа нусны алчуур, сальфеткаар таглах, цэр нус, шүлсээ ил задгай хаяхгүй байх, амны хаалт зүүх
- Томуугийн эсрэг вакциныг ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинет (101 тоот өрөө), 21 аймгийн Эрүүл мэндийн газрын дархлаажуулалтын кабинетэд хандан тариулах
- Томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл гэртээ өөрийгөө тусгаарлах шаардлагатай.
Томуу томуу төст өвчний үед илрэх шинж тэмдэг:
- Халуурах
- Ханиалгах
- Толгой өвдөх
- Үе мөч булчингаар өвдөх
- Хоолой хөндүүрлэх нус гоожих битүүрэх
- Цөөн тохиолдолд бөөлжих суулгах шинж тэмдэг илэрнэ.