БНХАУ-д дэгдээд буй коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын онцгой комиссын шийдвэр, НЗД-ын 108 дугаар захирамжийн дагуу нийслэлд олон нийтийг хамарсан ажил зохион байгуулахыг хориглож, 12 төрлийн байгууллагын үйл ажиллагааг түр зогсоогоод буй талаар НЗДТГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Засаг даргын захирамжийг зөрчсөн иргэнийг Зөрчлийн хуулиар 200.000 төгрөг, ААН-ийг 500.000 төгрөгөөр торгож, үйл ажиллагаа эрхлэх Тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна.
НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал: “Шөнийн 04 цаг хүртэл ажилладаг бар, ресторануудыг 00 цаг хүртэл ажиллуулж, урлаг соёл, спортын арга хэмжээ, жагсаал цуглаан зохион байгуулахыг хориглосон НЗД-ын захирамжийг хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй сургууль, цэцэрлэг байхгүй. Харин ямар ч бүртгэлгүй хүүхдийн өдөр өнжүүлэх байруудын үйл ажиллагааг зогсоох тал дээр цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Захирамжийн хэрэгжилтийг хангаагүй иргэнийг 200.000 төгрөг, ААН-ийг 500.000 төгрөгөөр торгож, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна” гэв.
Томоохон зах, худалдааны төв, дэлгүүрүүдийг хаана гэсэн ташаа мэдээллийн дагуу иргэд хүнсний бүтээгдэхүүнээ ихээр нөөцөлж, зохиомол хомстол үүсгэж байна.
НЗТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар: “Томоохон зах, худалдааны төв, дэлгүүрүүдийг хаахгүй. Эдгээр газруудад ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийг сахин ажиллахыг НЗД-ын захирамжид тусгасан. Иймд иргэд сандарч тэвдэн, хүнсний бүтээгдэхүүн их хэмжээгээр худалдан авах шаардлагагүй. Түүнчлэн орон байргүй иргэдийг Буянт-Ухаа 2 хороололд байршуулж нийгэмшүүлнэ гэсэн ташаа мэдээлэл гарсан. Тийм захирамж гараагүй бас гарахгүй гэдгийг мэдэгдье. Орон гэргүй хүмүүсийн асуудлыг судалж, өвлийн нөхцөлд дулаан байраар хангах, нийгэмшүүлэх тал дээр холбогдох байгууллага судалгаа хийж байгаа бөгөөд тодорхой шийд гараагүй байгаа” гэв.