Categories
мэдээ цаг-үе

Томоогүй хэрнээ манлайлагч 10 “Г” ангийнхан

Нийслэлийн 72 дугаар сургуулийг 1986 онд Ч.Алгаа багшийн удирдлагад төгссөн 10 “Г” ангийнхан энэ удаагийн “Нэг ангийнхан” буланд уригдан оролцож байна. 10 “Г” ангийнхан зургадугаар ангид орох жилээ нэг хамт олон болон бүрэлджээ. Зургадугаар ангийг дахин шинэ бүлэгтэй болгож, тэнд бусад бүлгийн хамгийн сахилгагүй нөхдүүд цугларсан нь энэ юм. Хэдий дүрсгүй, хөдөлгөөнтэй нөхдүүд нэг анги болсон ч төд удалгүй бусад бүлгээсээ онцгойрч, урлаг, спорт, хичээл сурлагаараа манлайлж эхэлжээ. Үргэлж л сахилгагүйгээрээ дуудуулдаг байсан нөхдүүд шинэ анги хамт олон, шинэ уур амьсгалд орж ирснээр өөрчлөгдөж, хичээлдээ сайжирсан нь тэр байлаа.

Тус ангийнхныг авьяаслаг, чадварлаг хамт олон болохыг сургуулийн урлагийн үзлэгт манлайлсан хийгээд Бүх ард түмний спартакиадад оролцож хүрэл медаль хүртсэнээр нь дүгнэж болно. Спортын уралдаан тэмцээнд ч тэд чамгүй амжилт гаргаж байжээ. Харин ангидаа урлаг, спортоор тэргүүлэгч нь Д.Баянмөнх байсныг ангийнхан нь дуу нэгтээ хэлж байсан юм.

Гэхдээ тэд сахилгагүй, томоогүй зангаа гээсэн үү гэвэл үгүй байлаа. Тэд шинэхэн юбка, саарал костюмаар гангарсан багш нараа чернилиэр будаж донго хүртэж байж. Сургуулийн цайны газарт цайгаа авахаар цааш эргэсэн Гармаабазар багшийнхаа тавагтай хуушуурыг шүүрч аваад, хувааж идсэн түүх ч тэдэнд бий. Одоо хэр нь багшийнх нь хуушуураа хэдэн жаалуудад алдсан тэр царай тэдний санаанд тод үлдэж. “Сүүлд бодох нь ээ багш нарыгаа өрөвддөг юм. Юм ховор, үнэ цэнэтэй байсан тэр үед мөн ч болчимгүй дэггүйтдэг байж дээ” хэмээн тэд ярьцгаана. Хүүхдийн л гэнэн томоогүй зан хойно багш нар нь ч сүр бадруулалгүй өнгөрөөдөг байсан тухай тэд хэлж байлаа.

Б.Нямдэлэг “Би их дүрсгүй гэгддэг хүүхэд байлаа.Угтаа тийм ч томоогүй байгаагүй л дээ. Ангийнхантайгаа хамт үймүүлэхээр яаж, ийж байгаад л би багшид баригдчихдаг байсан юм. Бусдыгаа матахгүй гэсэндээ өөрөө гэмтэн болдог хэрэг. Хөгтэй явдлууд ч их болно. Бид багшийг орж ирэхээс өмнө дэлгээтэй журнал дээр нь дүнгээ засчихдаг байсан юм. Би ч мөн адил дуурайж дүн тавьж байгаад баригдчихдаг байгаа. Тэр явдлаас их ичдэг байж билээ. Дараа нь хүүхдийн толгой хагалж хатуухан донгодуулснаар бүр хаширч, номын мөр хөөсөн дөө. Манай анги таван онц сурлагатантай байсан. Би тэднийг нэхсээр төгсөх жилээ эгнээнд нь нэгдэж билээ” гэв. Төгсөх шалгалт эхлэхэд билет цээжилнэ гэдэг амаргүй даваатай нүүр тулдаг. Тухайн үед гэр хорооллын хүүхдүүд нь уулан дээрээ эртлэн гарч билетээ уншдаг байсан нь тэдний мартагдашгүй дурсамжуудынх нь нэг болжээ.


Ангийн багш Гэгээрлийн тэргүүний ажилтан Ч.Алгаа нь тун ч чадварлаг нэгэн байсан талаар тэд дурссан. Энд тэндээс нийлж нэг анги болсон ёстой л үхрийн эвэр шиг хэдэн нөхдийг нэг цул болгож, тэр бүү хэл сургуулийнхаа манлайлагч хамт олон болгохын төлөө багш нь чадах мэдэх бүхнээ, сэтгэл юугаан зориулсан нь лавтай. Сургуульдаа манлайлагч анги болсон тэд бусад ангийнхны хувьд ёстой л “од” байжээ. Тиймдээ ч ангийн охидууд, хөвгүүд нь бусад ангийнхны харааг булааж, хайрын захиа авах нь олонтаа байж. Тэднийг ахлах ангид орох үед “Би чамд хайртай” кино гарснаар хөвгүүд гастукаа орхиж костюм зангиа зүүх мода дэлгэрсэн байна. Мөн офицер цүнхээр гангардаг байж. Хэдий юм ховор ч ахлах ангийн сурагчид болсон хойно олоод гангарчихдаг л байлаа хэмээн тэд ярьцгаав. Харин охидууд нь сурагчийн формоороо гоёдог байжээ.

Л.Эрдэнэчимэг “Бидний үед хичээл ороод 14 хоногийн дараа намрын ажилд явдаг байлаа. Хадлан авах, ногоо хураах ажлууд хийнэ. Тэр бүхэн л хүүхэд ахуйн сайхан дурсамж болон үлджээ. Ангийнхныгаа хөгжөөж, инээд хөөр нэмдэг хүүхдүүдийнхээ ачаар ажлын хүндийг ч мэдэхгүй дээ. Манай ангийн Энхбаатар тун хөгжилтэй хүүхэд байж билээ” хэмээн дурсав.

10 “Г” ангийнхан улс төр судлаач, инженер, багш, эмч гээд төрөл бүрийн мэргэжил эзэмшсэн байна. Тус ангиас нэг доктор төрсөн нь Ж.Баттөр аж.34 жилийн өмнө үүрнээсээ нисцгээсэн тэд ийнхүү өдгөө өөр, өөрийн гэсэн зам мөрөөр амьдралыг туулж, хийсэн ажил, хэлэх үгтэй намба суусан эрхмүүд болжээ.

Б.Нямдэлэг “Сурагч ахуй нас гэдэг үнэхээр л хир, толбогүй, гэнэн цагаан, цовоо цолгиун, мөрөөдөлдөө умбасан үе байдаг юм байна. Эргээд бодоход ажил амьдрал гэсээр бид тэр нандин сайхан үеэ холын хол орхичихож. Мэдээж энэ хугацаанд амьдрал нь тогтож, сэхээ авах үе ирсэн нь дамжиггүй. Энэ үедээ л хүн цагаан цаас шиг байх үедээ үерхэж нөхөрлөсөн ангийн хамт олноо санадаг юм байна” гэж байлаа.

Тэд гурван жилийн өмнө сургуулийнхаа ойгоор цугларчээ. Төгссөнөөсөө хойш огт уулзаагүй хүмүүс ч тэнд байж. Ч.Алгаа багшийнхаа хамтаар хэдэн өдрийг инээд хөөрөөр бялхаж өнгөрүүлсэн нь тэдэнд хаа нэгтээ гээж үлдээсэн тийм гэхийн аргагүй мэдрэмжийг төрүүлсэн байна. “Бид эрч хүчээр ёстой л сэлбэгдэх шиг болсон. Хүн гэдэг нас нэмж, нүүрэнд үрчлээ тодрохоос бусдаар өөрчлөгддөггүй юм байна. Хүүхэд байхдаа ямар байсан яг л тэр ааш аяг хэвээрээ л үлддэг юм байна гэдгийг ангийнхантайгаа уулзаад мэдсэн. Бид бүгдээрээ яг л арван жилийн жаахан хүүхдүүд шиг болчихсон шүү. Нэгнийгээ цаашлуулж, шоглож, дурсамжуудаа хуучилж ёстой л жаргалтай өдрүүдийг өнгөрөөсөн” хэмээн тэд баяр хөөр дүүрэн ярьж байлаа.

Энэ уулзалтаас хойш тэд үргэлж уулзахыг эрмэлзэх болжээ. Шинэ жил, баяр наадам гээд боломж л гарвал бие бие рүүгээ тэмүүлж, хамтдаа хүүхэд ахуйн тэр цаг мөчдөө очихыг урьтал болгодог болсон байна. Тэд гурван жилийн өмнөх тэрхүү уулзалтаараа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж, сургуульдаа багахан хэмжээний хөрөнгө оруулалт хийжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *