Ховд аймгийн төвөөс 18 км-ийн зайд орших “Ховд эко цемент ” үйлдвэрийн чулуунцар үйлдвэрлэх хэсэг албан ёсоор ашиглалтад орлоо. Чулуунцар үйлдвэрлэх хэсэгт гал өгөх ёслол энэ сарын 11-нд болсон юм. Цементийн үйлдвэрийн “зүрх” гэгддэг эргэх зууханд гал өгөх нэхүү үйл явдал бол барилгын салбарынхан, тэр дундаа цементийнхний хувьд маш чухал түүхэн үйл явц байлаа. Уг үйлдвэрийн эргэх зууханд гал өгснөөр цементийн чухал найрлага болох чулуунцар үйлдвэрлэгдэх нарийн шат дамжлага ажиллаж эхэлсэн гэсэн үг. Энэ утгаараа Ховдоор зогсохгүй баруун таван аймаг, цаашлаад Монгол Улсын хөгжлийг түргэтгэх зуух ажиллаж эхэлж байна гэдгийг нээлтэд оролцсон албаны хүмүүс нэгэн дуугаар хэлж байлаа.
Уг үйлдвэр одоогоор 400 гаруй ажилчинтай. Зуух галлах ёслол бол үйлдвэрийн ажилчдын хувьд удаан хүсэн хүлээсэн баяр нь байв. Ажлын хувцас, хамгаалалтын малгайгаараа ижилссэн тэд бөмбөлөг, элдэв туузаар чимэглэсэн 84 метр өндөр силос бүхий эргэх зуухтай том байгууламжаа бахдан харцгааж “Одоо юухан байхав. Зуух асвал тэгээд цементтэй боллоо гэсэн үг” гэж ойр зуураа ярилцана. “Ховд эко цемент” үйлдвэр бол байгальд ээлтэй технологиор тоноглогджээ. Ус хэрэглэдэггүй, ямар ч тоос тортог гаргадаггүй.
Барилгын талбайд нийтдээ 62 тоос шүүгч байрлуулжээ. 2018, 2019 оны үед баруун таван аймагт жилдээ 210-220 мянган тонн цементийн хэрэгцээ бий гэсэн тооцоо байжээ. Харин тэр тоо одоо өссөн нь мэдээж. Энэ үйлдвэр жилдээ 300 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай гэхээр баруун таван аймгаа өлхөн хангаад байх боломжтой. Баруун бүс ийм үйлдвэртэй болж байгаагийн бас нэг үндэс бол баруун аймгийнхан төвийн бүсийнхтэй адил үнэтэй цементээр хангагдах. Баруун бүсэд цементийн үйлдвэр байгуулах нь улс орны ирээдүй, хөгжилтэй холбоотой чухал бүтээн байгуулалт учир үүнд төр засгийн зүгээс хэд хэдэн тогтоол гаргаж, дараалсан ажлууд хийсний үр дүнд 2019 онд үйлдвэрийн шавыг тавьж байжээ. Цар тахлын хоёр жилд хил хаагдаж, үйлдвэрийн угсралтын ажил саатах, зогсох зэрэг хүндрэлүүдтэй нүүр тулж байсан ч зөв менежментийн үр дүнд ажлаа нэг ч өдөр зогсоогоогүй учир хагас жилийн өмнө ийнхүү зуухаа галлаж, чулуунцраа үйлдвэрлээд эхэлж байна.
Үйлдвэрийн нийт талбай 20 га бөгөөд энэ нь 19 хөлбөмбөгийн талбайтай тэнцэхүйц хэмжээ юм. Энэ талбайд хэрхэн бүтээн байгуулалт өрнүүлснээ “Нью Прогресс” группийн ерөнхийлөгч, “Вестерн холд” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Балжинням ирсэн зочдод сонирхуулаад “Бид эзгүй зэлүүд байсан газарт бүтээн байгуулалт өрнүүлж, үйлдвэрээ сүндэрлүүллээ. Энэ талбайд 30 гаруй барилга, байгууламж босгоод байна.
Сүүлийн үеийн технологиор цемент гаргах цогцолбор гэж хэлж болно. Өнөөдөр бол үйлдвэрийн үндсэн түүхий эд болох чулуунцар галлах зуухаа асааж буй түүхэн өдөр. Энэ түүхэн бүтээн байгуулалтад оролцсон бүх хүмүүс, компаниуддаа талархал илэрхийлж байна. Мөн баруун таван аймгаа цементээр хангах болно гэдгээ энэ дашрамд илэрхийлье” хэмээгээд ёслолын ажиллагаа нээгдсэнийг мэдэгдэхэд Монгол Улсын төрийн дуулал эгшиглэж, дараа нь салют буудуулж, нэгэн дуугаар хурайлцгаалаа.
Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди “Дөрвөн жилийн өмнө цаасан дээр байсан төлөвлөгөө өнөөдөр ийнхүү бодит ажил болж, үйлдвэрийн зүрх болох зуухыг нь асааж байгаа нь бахархахгүй байхын аргагүй түүхэн үйл явдал болж байна. Энэ бол хөгжлийн галыг бадраах үйл явдал. “Үйлдвэрлэгч Ховд” болоход хувь нэмрээ оруулах үйлдвэр болж байна. Ховд, баруун таван аймаг, Монгол Улсын хэмжээнд хувь нэмрээ үзүүлэх бүтээн байгуулалт юм. Нөгөөтэйгүүр энэ үйлдвэр эко гэдэг утгаараа “Ногоон хөгжил”-ийн загварт бүрнээ байна. Аливаа зүйл стандарттай байж гэмээнэ төгс болдог. Энэ үйлдвэр стандартуудыг бүрэн хангаж байгаа нь мөн сайшаалтай. Ховдын 90 гаруй мянган иргэнийхээ өмнөөс энэ том үйлдвэрийг ашиглалтад оруулсан хамт олонд баярлаж байна” хэмээлээ. Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн “Монголд барилгын материалын 342 үйлдвэр бий. Тэр дундаа цементийн үндэсний хэмжээний таван үйлдвэртэй. Харин “Вестерн холд” компанийн хамт олон бүтээгдэхүүнээ экспортод гаргана гэсэн том зорилготой байгаа. Бид ч дэмжиж гадагшаа гаргах гарцыг нь нээх болно” гэж байлаа. Гүйцэтгэх талын төслийн удирдагч Ван энэ үеэр эргэх зуухаа хагас жилийн өмнө ийнхүү асааж байгаа нь хоёр талын хамтын ажиллагаа нягт, биенээ дээд зэргээр дэмжиж ажиллаж байсны үр дүн гэж тодотгов.
Ингээд энэ ёслолын хамгийн оргил хэсэг болох зууханд гал өгөх ёслол эхлэв. Монголчууд галын дөл өөдөө гэж галыг ихэд дээдэлдэг. Тэр утгаараа ирсэн зочид шууд дамжуулалтаар зуухыг хэрхэн асааж буйг үзэж байлаа. “Вестерн холд” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Балжинням, гүйцэтгэх талын төслийн удирдагч Ван, төслийн удирдагч С.Жавхланбаатар нар эргэх зуухны хэсэгт очицгоолоо. Урьдчилсан бэлдсэн жижиг бамбаруудаараа том бамбараа асаав. Дүрэлзсэн улаан галтай бамбараа зуухны жижиг нээлхий рүү хийх агшинд чулуунцар үйлдвэрлэх эргэх зууханд гал очиж, хүнгэнэсэн их дуу чимээ гарлаа. Арваад жилийн турш үе үеийн Засгийн газрыг дамжсаар 2019 онд шаваа амжилттай тавьсан “Ховд эко цемент” үйлдвэрийн чулуунцар үйлдвэрлэх хэсэг ийнхүү ашиглалтад орлоо. Өнгөрсөн хавар Хөгжлийн банкны асуудал сөхөгдөхөд тэр дуулиан шуугиан энэ үйлдвэрийг чиглэж байсан ч цементийн үйлдвэрийн ажил зогсолтгүй, зөв гольдролоор явж байсан учир тов ёсоороо ийнхүү зуухаа галласнаар цемент гаргах үндсэн ажил нь эхэлж байгаа юм.
Том бамбараар зууханд гал өгсний дараа хойд нээлхийний хэсэгт очиход зууханд гал хэрхэн дүрэлзэж буйг харж болохоор байв. Монгол ажилчид гэхээсээ илүүтэй үйлдвэрийн тоног төхөөрөмжийг эхнээс нь угсарсан, эргэх зуухын угсралтад хөлс хүчээ зориулсан хятад ажилчид баярлаж, хөөрч, бүгд шахуу шаагилдан инээлдэж, гар утсаараа зураг дарж, бичлэг хийж, бүр нэг нэгнээ тэвэрч авч харагдсан шүү. Үүнээс нь үзвэл цементийн үйлдвэрийн эргэх зуухыг асаана гэдэг ямар том үйл явдал, ямар олон хүний хөлс хүч, хөдөлмөрийг шингээсэн бүтээн байгуулалт байдгийг харуулж байлаа. Энэ үйлдвэр хоногт 1200 тонн цемент үйлдвэрлэх бөгөөд ирэх сард эхний бүтээгдэхүүнээ гарган авах юм.
Үргэлжлэл бий.