Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Том үйлдвэрээ дагаж ЖДҮ хөгжинө

Одоо манайд явж байгаа зарчмаар жижиг, дунд үйлдвэр хөл дээрээ босох ч үгүй юм байна. Учир нь жижиг, дунд үйлдвэр том үйлдвэрээ дагаж хөл дээрээ босно. Түүнээс биш ЖДҮ-ийн сан байгуулаад нэмэргүй юм гэдгийг бид бэлхнээ харлаа. Тэр төсөл улстөрчдийн халаасанд орсныг хэн хүнгүй мэдэж авсан. Өмнө нь ЖДҮ-ийн төсөл бариад очсон хүмүүс баахан шаардлагыг нь арай гэж даваад банк руу очоод барьцаа хөрөнгө мэтээс болоод бүдэрчихдэг байсан юм. Гэхдээ жижиг, дунд үйлдвэрийн төслийн зээл банкаар дамжиж, банкны зээлийн санд бүртгэгддэг байсан. Гэтэл Батзориг сайдын үед л банкаар дамжиж зээл өгөхөө болиод сайд цохоод шийдчихдэг маягтай болчихсон байгаа юм. Төсөл бариад ирсэн Должин, Дулмаа нарт олдохгүй зээл улстөрчдөд юуны ч юм төлөөсөнд өгчихсөн байсан. Ингээд хэвлэлээр энэ булхай дэлгэгдэж, нийтийн эсэргүүцэлтэй тулсан ч ЖДҮ-чин улстөрчдийг хуулиар буруутгасангүй. Учир нь У.Хүрэлсүх М.Энхболдын эсрэг улс төр хийхдээ ЖДҮ-чин гишүүдийг барьцаалж, ашиг гаргаад л өнгөрөх шив.

Ер нь төрөөс явуулж байгаа бодлогоор бол мөнгө өгчихвөл ЖДҮ босно гэж үзээд байгаа. ЖДҮ хэзээ босдог юм гэхээр томоохон үйлдвэр, том салбар босч ирэхэд төрөөс мөнгө гаргасан гаргаагүй дагаж бий болдог. Одоо байгаагаараа байвал юу ч сайжрахгүй. Үйлдвэр байгуулна гээд мөнгө зарсан ч, тэр нь магадгүй улстөрчдөд биш иргэн Дулмаад очсон ч хүн амын гучин хувь ядуу байна гэсэн статистик өөрчлөгдөхгүй. Энэ нь төрөөс явуулж байгаа бодлого буруу байгаад байгааг илэрхийлж байна. ЖДҮ бий болгохын тулд том үйлдвэрүүдийг барьж босгох. Том үйлдвэрийг дагаж ашиг хийсэн компаниуд хөл дээрээ босдог. Хөл дээрээ боссон компаниуд дараа нь арай томоор харж, экспортын тухай ярьж эхэлдэг. ЖДҮ хөл дээрээ боссон жишээнүүд бий. Эрдэнэт, Оюу толгойг дагасан жижиг, дунд үйлдвэрүүд, ялангуяа Оюу толгойд хамтарч байгаа үйлдвэрүүд дэлхийн стандартыг мэдэрч, туршлага сууж байгаа. Өнөөдөр манайд байгаа жижиг бизнес эрхлэгчид гэхээр лангуучид буюу Эрээний ганзагачид, малчид л байгаа юм.

Лангуучдыг үйлдвэрлэгч гэхээсээ амин зуулгаа авч яваа улс гэж болох юм. Малчид ч бас үйлдвэрлэгч гэхэд хэцүү. Тэдний 90 гаруй хувь нь 200 хүртэлх малтай. Энэ нь амьжиргааны түвшиндээ л хүрэлцэнэ үү гэхээс жижиг, дунд үйлдвэрлэл гэхгүй. Манайд жижиг, дунд үйлдвэр ор байхгүй биш л дээ. Хэр хэрэндээ л хичээгээд байгаа хэрнээ дээшээ ахиж өгөхгүй байгаа нь нэгийг хэлнэ бус уу. Төмрийн, модны, оёдлын, хүнсний гээд жижиг үйлдвэрүүд үлгэн салган, хаалгаа барьчихалгүй ажиллаад байгаа нь цөөнгүй. Эд нар хөл дээрээ яагаад босохгүй байна гэхээр яг тэдний үйлдвэрлэдэг барааг Хятадаас хямдаар оруулж ирээд байгаа. Жишээ нь, саяхан баахан хэл ам дагуулсан зам тусгаарлах шар хашааг М.Даваасүрэнгийн “Ган хийц” компани өлхөн хийчихнэ. Гэтэл хэний ч шахаа юм, импортоор ороод ирж л байгаа юм. Ингэхээр жижиг, дунд үйлдвэрүүдээ яаж хөгжүүлэх юм. “Exclusive”-ийн Майцэцэг хэрэндээ л хямдаар оёмол бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлээд байгаа ч ганзагачид тэдний загварыг хуулбарласныг урдаас авчраад зарсаар л байгаа. Угтаа бол Төрөөс аж үйлдвэрийн талаарх баримтлах бодлого гэж бий. Энд дотооддоо үйлдвэрлэдэг барааг гаднаас авахгүй гэсэн заалтууд байдаг нь санамсаргүй харахад нэг их өөдрөг, эх оронч санаа шиг. Гэтэл дотооддоо үйлдвэрлэдэг, оёмол бүтээгдэхүүн, ширээ сандал, замын хашлага хийдэг хайсыг хүртэл импортоор оруулж ирээд байхаар өнөөх үндэсний үйлдвэрлэгчид босох боломжгүй болж байна.

Тэгвэл ямар гарц байна. Жишээ хэлье л дээ. Лангуучдыг үйлдвэрлэгчид болгохын тулд томоохон оёдлын үйлдвэрүүд нээгдэх ёстой. Учир нь ганзагачдын 70 хувь нь хувцас оруулж ирдэг юм билээ. Малчдыг үйлдвэрлэгч болгохын тулд ноос, арьс, шир, мах боловсруулах, гуравхан төрлийн томоохон үйлдвэр барьчихад л хоёр зуун хоньтой хүн амин зуулга залгуулах төдий биш, бизнес болж хувирна. Манай улс далан сая толгой малтай. Үүнээсээ арван саяыг нь жилдээ иднэ. Жаран саяыг нь хадгалаад байдаг. Тэр нь асар их зардал. Мал сайжруулах эрүүлжүүлэх гэж санаа тавилаа ч вакцин энэ тэрээ ч авч дөнгөхгүй. Жишээ нь Засгийн газар малыг хөлөөр нь гаргах эхний ээлжинд зөв байсан. Хэрэв гаргасан бол малчид арай ахиу мөнгөтэй болох байсан биз. Мөн Эмээлтийн тэнд хог болсон адууны 600 мянган ширийг илжрүүлээгүй байсан бол багаар бодоход зургаан тэрбум төгрөг малчдын халаасанд орох л байсан. Ноос. Манай Ерөнхийлөгч Монголоос экспортлох ноосон, оёмол бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх саналыг АНУ-д тавьсан. Хэрэв энэ саналыг АНУ баталбал жил бүр малчид багаар бодоход кг нь таван мянган төгрөгийн үнэтэй гучин мянган тонн ноосоороо утас ээрээд оёмол бүтээгдэхүүн болгож экспортолбол нэг кг ноос хориос тавин долларын үнэтэй оёмол бүтээгдэхүүн болно гэсэн тооцоо байдаг.

Үнэн хэрэгтээ нийслэлд том үйлдвэрүүд цөөхөн, ажлын байр үндсэндээ ханасан. Гэвч хот руу ирэх хүн урсгал тасраагүй. Нийслэлийн утааг сааруулахын тулд хөдөөгийнхний хот руу нүүх урсгалыг зогсоох шийдвэр өмнөх Засаг дарга гаргасан. Угтаа бол Үндсэн хууль зөрчиж байгаа юм л даа. Ийм шийд гаргахын оронд хоёр зуун хониных нь түүхий эд боловсруулахад зөв бодлого барьсан бол тэд хэний ч шахалтгүй буцаад явчихна. Харин хөдөөнийхний малын түүхий эдийг боловсруулбал хүн амын дөчөөд хувийг хангах үйлдвэрүүд өлхөн баригдах боломжтой гэсэн тооцоо бий.

НҮБ-аас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах талаар дөрөв, таван жил дэмжлэг үзүүлж байна. Хэдхэн жилийн өмнө Японоос хуурай сүү боловсруулах зуугаад машин оруулж ирсэн. Тухайн үедээ энэ машинууд ажиллаад хөдөөгийнхний сүүг худалдаж аваад газар дээр нь хуурай сүү болгон Японд экспортлох тухай яригдаж байсан. Өнөөдөр энэ төслийн хувь заяа юу болсон нь тодорхойгүй байна. Энэ мэтчилэн гадныхны жижиг, дунд үйлдвэрийг дэмжсэн маш олон төсөл санаачилгууд байдаг. Харамсалтай нь Монголын төр дэмжлэг бага үзүүлдэг тухай төсөл хэрэгжүүлэгчид ярьдаг. ЖДҮ-ийг хөгжүүлье гэвэл бодлогоо өөрчилье. Том үйлдвэрүүдийг байгуулъя. Өнгөрсөн хугацаанд ЖДҮ-д зарцуулсан мөнгөөр хэд хэдэн том үйлдвэр байгуулчих боломжтой байсан. Өнөөдөр Монголд бодитоор хөгжиж байгаа ЖДҮ гэвэл Оюу толгойн 200 гаруй, Эрдэнэт үйлдвэрийн ханган нийлүүлэлт хийдэг 100 гаруй компани л юм. Тэгэхээр жижиг, дунд гэсээр ахиж өгөхгүй байгаа үйлдвэрлэлийн салбараа хөгжүүлэхийн тулд томоохон үйлдвэрлэлийг дэмжихэд анхаараад үзвэл яасан юм. Тэд аяндаа л ЖДҮ-ээ дэмжээд явчихна шүү дээ.

Д.ТӨГСХҮСЛЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *