Өнөөдөр өглөө 05.00 цагт (Улаанбаатарын цагаар) Хоккайдо мужийн Саппоро хотын Одори паркт эхэлсэн олимпийн марафон гүйлтийн эмэгтэйчүүдийн төрөлд манай Баярцогтын Мөнхзаяа хурд, хүч, тэсвэр хатуужлаа сорив.
Уралдаан 06.00-д эхлэх байсан ч зохион байгуулагчид хэт халуун байгаагаас нэг цагаар урагшлуулсан юм. Уралдааны үед Саппород 32 градус халуун, чийгшэл 68 хувьтай байлаа. Халуун, бүгчим ийм нөхцөлд 42км 195м гүйнэ гэдэг бас л чанга даа.
Гараанаас 88 тамирчин гарсан ч барианд 73 тамирчин орж, 15 тамирчин уралдааны замаас гарч, тэмцээнийг орхив. Манай Б.Мөнхзаяа 42.195 км-ийг 2.37:08 (цаг, минут, секунд) амжилттай гүйж, 45-р байрт орлоо.
Эхний тамирчнаас 9 мин 48 сек алдагдалтай барианд орсон ч өөрийн энэ улирлын хамгийн шилдэг амжилтаа үзүүлж чадлаа.
Эмэгтэй марафоны дүн
1.Перес Жепчирчир (Кени) 2.27:20
2.Юригит Косгеи (Кени) 2.27:36
3.Молли Сейдел (АНУ) 2.27:46
…45.Б.Мөнхзаяа (Монгол) 2.37:08
“Таван цагариг”-ийн тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин Токиогоос мэдээлж байна.