Categories
мэдээ улс-төр

​“Тогтвортой хөгжлийн зорилтууд, Төрөлтийн шилжилт” сэдвээр зөвлөлдлөө

“Тогтвортой хөгжлийн зорилтууд, Төрөлтийн шилжилт” сэдвээр зөвлөлгөөний хоёр дахь хэсэг үргэлжилж, Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү удирдав.

Өнөөдөр дэлхий нийтээрээ өндөр төрөлт, нас баралтаас бага төрөлт, нас баралт руу шилжиж байна. Насжилтын асуудлыг шийдвэрлэх явдал нэг улсын чадавхиас давж, илүү глобал шинжтэй боллоо. Үүнийг шийдвэрлэхэд хүн төрөлхтний нийтлэг зорилтууд болох Тогтвортой хөгжлийн зорилт чухал болохыг Азийн Хүн ам, хөгжлийн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Осаму Кусумото онцлов. Тэрбээр цааш хэлсэн үгэндээ, төрөлтийг бууруулж байгаа хоёр гол хүчин зүйл байна. Нэг нь байгаль орчны доройтол, нөгөө нь насжилт гээд хүн ам зүйн бүтцээ өөрчлөхийн тулд, төрөлтийг нэмэгдүүлэх алхмуудыг хийх хэрэгтэй гэв.

Тайландын Вант Улсын парламентын гишүүн, Хүн ам, хөгжлийн асуудлаарх Азийн парламентчдын форумын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Жетн Сиратранонт хэлэхдээ, манай улсын нэг эмэгтэй 1964 оны үед зургаан хүүхэд төрүүлж байсан бол одоо дөнгөж хоёрыг төрүүлж, улсын дундаж үзүүлэлт 1.6 болсон байна. Өөр нэг үзүүлэлт гэвэл 15 хүртэлх насныхан 1970 онд хүн амын 45.1 хувийг эзэлж байсан бол өнөөдөр 18.0 хувьд хүрсэн байна. Эсрэгээрээ 65-аас дээш насныхан 1970 онд 3.2 хувьд байсан бол одоо 10.6 хувь болжээ. Энэ үзэгдэл тун удахгүй Монгол зэрэг орнуудад тохионо. Тиймээс нийгмийн идэвхтэй хүн ам буюу залуучууд олонтой улс орнууд хүн амын бодлогоо тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулж, түрүүлж харж, бусдаас суралцвал ирээдүйд тохиох бэрхшээлийг даван туулахад дөхөмтэй юм гэсэн юм.

Энэтхэгийн төлөөлөгч хүн амын тооны зохистой түвшин гэж байгаа эсэхийг тодруулахад илтгэгч доктор Осаму Кусумото дэлхийн хүн ам хэдийнэ зохистой түвшингээсээ давсан гэж хариулав. Мөн чинээлэг орнууд Тогтвортой хөгжлийн зорилтыг ямар байдлаар хэрэгжүүлж байгааг лавлахад байгалийн баялгаас сан үүсгэж, тэдгээр сангийн эх үүсвэрийг ирээдүйд чиглүүлж зарцуулах нь оновчтой гэлээ гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *