Categories
мэдээ нийгэм

Тогтвортой хөгжлийн зорилго 2030 орон нутагт хэрэгжүүлэх нь үндэсний хэлэлцүүлэг болно

НҮБ-аас 2015 оны есдүгээр сард дэлхий нийтээр 2030 он хүртэл хэрэгжүүлэх ТХЗ-ыг баталсан. Ядуурал, өлсгөлөн, өвчин эмгэг, гачигдлаас ангид байж, чанартай боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээ авах тэгш боломж бүрдсэн, зохистой ажлын байраар хангагдсан дэлхий ертөнцийг бий болгохыг зорьж байгаа энэ шинэ хөтөлбөр нь нэг ч хүнийг орхигдуулахгүйн зэрэгцээ хамгийн эмзэг нөхцөлд байгаа хүмүүсийг нэн тэргүүнд хамруулахыг зорьж байгаагаараа онцлогтой юм.

Ийм ч учраас МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ болон Хүний эрх хөгжил төв хамтран Тогтвортой хөгжлийн зорилго 2030 хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг орон нутгийн түвшинд үнэлэх жижиг төслийг Эмэгтэйчүүд, Хууль ба Хөгжлийн Ази Номхон далайн форум (APWLD)-ын Хөгжлийн шударга ёс хөтөлбөрийн хүрээнд Европын холбооны санхүүжилтээр хамтран хэрэгжүүлж байна. Төслийг хэрэгжүүлэхээр Хүний эрх хөгжил төвөөс санаачлан арав гаруй жил хэрэгжүүлж ирсэн хөтөлбөрийн хүрээнд байгуулагдсан Мөнгөн хуримтлалын бүлгийн холбоо (МХБХ)-г түшиглэхээр аймаг, сумаа сонгосон.

Манай хоёр байгууллага, МХБХ-дыг орон нутгийн хөгжлийн бодлогод дүн шинжилгээ хийх, хэрэгжилтийг үнэлэх, үр дүнг орон нутгийн захиргаа, олон нийтэд танилцуулж хэлэлцүүлэхэд аргазүйн дэмжлэг үзүүлж, чадавхийг нь бэхжүүлэх зорилгоор хоёр удаагийн семинарыг Улаанбаатор хотод болон сонгогдсон орон нутгуудад очиж зохион байгуулж ажилласан. Эдгээр семинарт Мөнгөн хуримтлалын бүлгийн холбоодын гишүүд болон аймаг сумын холбогдох төрийн байгууллагын албан тушаалтнууд, мэргэжилтнүүдийг хамруулсан. Үүний дүнд ТХЗ 1 болон ТХЗ 8-ыг орон нутагт хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд 2030 он хүртэл тасралтгүй ажиллан хувь нэмэр оруулах зорилготой МХБХ болон засаг даргын тамгын газар, ИТХ-ын төлөөллөөс бүрдсэн 3 ажлын хэсэг байгуулагдсан.

Ажлын хэсгүүд нь ТХЗ 1 болон ТХЗ 8-тай холбоотой орон нутгийн хөгжлийн бодлого, хэрэгжилттэй танилцан шаардлагатай мэдээллийг цуглуулан дүн шинжилгээ хийж, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замыг орон нутгийн захиргаатай хамтарч хэлэлцэн тодорхойлох төлөвлөгөөтэй ажилласан. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр шинээр бий болгохоор аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрийн зорилт, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнийшалгуур үзүүлэлтүүд нь шаардлага хангахгүй, ахиц дэвшил, алдаа дутагдлыг бодитой үнэлэх боломжгүй, ажилгүй иргэдийг ажлын байраар хангах үйл ажиллагаа нь гол төлөв түр ажлын байраар хязгаарлагдаж, байнгын ажлын байр бий болгоход чиглэсэн дорвитой ажил хийж чадахгүй байгаа зэрэг асуудлууд судалгааны үр дүнд тодорхой болсон юм.

Цаашид байнгын, зохистой ажлын байр бий болгох замаар ядуурлыг бууруулж иргэдийн амьжиргааг дэмжихэд чиглэсэн эдийн засгийн өсөлтийг хангахад жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, санхүүжүүлэх, ажлын байр бий болгоход түлхүү анхаарах, сургалт, уулзалт, дэмжлэг гэх төсвийн зарцуулалтын зориулалтыг тодорхой болгох, хэчнээн ажлын байр бий болгосон тухай үр дүнг иргэдэд тогтмол, нээлттэй, дэлгэрэнгүй тайлагнах, тусгай сангуудын зарцуулалт, буцалтгүй тусламж, зээлийн эргэн төлөлтийн талаарх хяналт, үнэлгээ хийх үнэлгээний үр дүн, шалгуур үзүүлэлтийг олон нийтэд тайлагнах, зээлд иргэд ямар шалгуураар хамрагдаж, буцаан төлж буй эсэх талаарх мэдээллийг цахим сайтууддаа байршуулж, иргэдэд мэдээлэх, зээлийн санхүүжилтээр ажлын байр бий болгох нөхцөлд хөдөлмөрийн гэрээг зайлшгүй байгуулах тухай болзолыг зээлийн гэрээнд оруулах зэрэг олон асуудлыг хөндсөн юм. Орон нутагт Тогтвортой хөгжлийн сонгосон зорилго, зорилтын хэрэгжилтийн талаарх суурь мэдээллийг нэгтгэн боловсруулж танилцуулах Үндэсний хэлэлцүүлгийг ХЭХТ болон МОНФЕМНЕТ хамтран 2019 оны нэгдүгээр сарын 21-нд зохион байгуулах гэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 11 325721, 9919-4455, 9984-6141 утсаар лавлана уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *