Цэц бол Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа. Ардчиллын амин сүнсийг хамгаалагч байгууллага ч гэж хэлж болно. Тэр утгаараа Цэц нь Ерөнхийлөгчийн зарлиг, УИХ, Засгийн газар болон Сонгуулийн ерөнхий хорооны гаргасан шийдвэр, зарлиг, олон улсын гэрээ контракт зэрэгт хяналт тавьдаг. Өөрөөр хэлбэл, төрийн эрх барих дээд байгууллагуудын гаргасан шийдвэр, хууль тогтоомжууд Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг нягталж, дүгнэлт гаргаж, маргааныг шийдвэрлэдэг онцгой субьект юм. Тиймээс “Үндсэн хуулийн Цэцийн дээр зөвхөн мөнх хөх тэнгэр бий” гэсэн зүйрлэлийг зүгээр ч нэг оноогоогүй байх.
Харамсалтай нь, Үндсэн хуулийн Цэц юу ч хийхээс сийхгүй болжээ. Ямар ч хамаагүй шийдвэр гаргаж мэдэхээр байгууллага болж хувирсан байна. Нэг өглөө сэрэхэд Монгол Улсад хаант засаглал зарлахад бэлэн юм байна гэдгийг хамгийн сүүлийн шийдвэр нь нотолчихлоо. Ер нь Цэцийн урьд хожид гаргаж байсан хуумгай, эрх баригчдын захиалгаар гаргасан шийдвэр олон бий. Жишээлбэл, сонгууль дөхөхөөр л тогтолцоог өөрчилдөг буруу зуршилтай. Түүх санацгаая. УИХ-ын 2012 оны сонгууль болохоос гурван сарын өмнө буюу гуравдугаар сарын 2-ны өдөр Цэц сонгуулийн тогтолцоог холимог болгож шийдвэрлэсэн. Тухайн үед МАХН-ын Э.Эрдэнэжамъяан нарын хүмүүс Цэцэд гомдол гаргаснаар сонгуулийн системийг ийн өөрчилсөн байдаг. Энэ сонгуулиар АН олонх болж, МАХН 10 суудал авч байв. Дараа нь 2016 оны сонгуулиас хоёрхон сарын өмнө дахиад л сонгуулийн тогтолцоогоо өөрчилчихөв. Тухайн үед Цэц “Сонгуулийн холимог тогтолцоо Үндсэн хууль зөрчсөн” гэж дүгнэсэн байдаг. Ингэснээр 2016 оны сонгуулийг мажоратор тогтолцоогоор явуулав. АН засгийн эрхэнд байсан үе. Гэвч эрх баригч хүчний тооцоолол биелээгүй. Тэр сонгуулиар МАН 65 суудал авч байлаа. Цэц ингэж УИХ-ын сонгуулийн системийг улс төрийн нөлөөлөлд автаж дахин, дахин өөрчилснөөс гадна Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө мөн л эрх баригч хүчинд үйлчлэв. Өнгөрсөн 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн Цэцийн дүгнэлт МАН-ын нэр дэвшигчдэд ашигтай болж хувирсан юм. Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн юм. ҮХНӨ-өөр Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа нэр дэвшинэ гэж заасан ч Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд ийм өгүүлбэр байгаагүй. Хуулийн энэ гаргалгаагаар Х.Баттулга дахин нэр дэвших боломжтой байв. Ингээд ҮХЦ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж, Х.Баттулгыг дахин нэр дэвших боломжийг хааж чадсан. Ингээд одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үнэмлэхүй ялалт байгуулсан түүхтэй.
Ерөөсөө Цэц гэдэг байгууллага Үндсэн хуулиа манах эрхэм үүргээ умартаж, улстөрчдийн, эрх мэдэлтнүүдийн гар хөл болж ирсний балаг үүгээр дуусахгүй. Сая дахиад л ҮХНӨ оруулах эрх баригчдын захиалгыг гүйцэлдүүлчихлээ. МАН-ын гар хөл гэгддэг ХҮН намын дарга Х.Доржхандын гаргасан гомдлыг Цэц хүлээн авахаар барахгүй Үндсэн хуулиа буруутгав. Цэц дээр дурдсан 2012, 2016 оны дүгнэлтүүдээ хүчингүй болсонд тооцлоо. Ингэснээр сонгуулийн тогтолцоог УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд өөрчлөх тэр боломж үүсэв. Энэ тухай Х.Доржханд гишүүн “Сонгуулийн пропорционал буюу хувь тэнцүүлсэн тогтолцоог ашиглаж болох эсэх түүхэн шийдвэрийг Үндсэн хуулийн Цэц Их суудлын хуралдаанаараа хэлэлцэж, цэг тавилаа” гэж ихэд додигор мэдэгдсэн нь саяхан. Их хурлын гишүүдийн тоог нэмж, тэдний хэд нь ч давхар дээлтэй байж болно гэж Цэц шийдчихлээ. Дээрээс нь сонгуулийн холимог тогтолцоог хэрэгжүүлэх замыг зассан Цэцийн дүгнэлттэй зэрэгцээд Их хурал ээлжит бусаар чуулж, Үндсэн хуулийг өөрчлөх шийдвэрээ гялс баталчихлаа. Анхнаасаа өөрсдөө захиалсан юм болохоор ярсхийтэл дэмжинэ лээ. Уг нь 2019 оны ҮХНӨ нь Үндсэн хуультай нийцэж байна уу гэдэг асуудлыг Цэц зөвхөн процессын талаас нь хянах ёстой. Улмаар ҮХНӨ оруулах журмын тухай хуулиа баримталсан эсэхэд дүгнэлтээ гаргах үүрэгтэй. Харин агуулга нь зөв, буруу болсон гэдгийг хянах нь дэндүү том толгой гаргасан үйлдэл. Үндсэн хуулийн “эх баригч” Б.Чимэд гуайн хэлснээр Үндсэн хууль бол алганд багтсан эх орон яах аргагүй мөн. Тэгэхээр Үндсэн хуульд хэн дуртай нь гар хүрвэл улсаараа тоглож байгаатай адил болохыг хашир улстөрчид сануулсаар байгаа. Гэтэл Үндсэн хуулиа буруушааж, алх цохиод суудаг Цэцтэй улс дэлхийд манайхаас өөр алга. Цэцийн энэ үйлдлийг гадныхан хүндрүүлж ойлгох юм бол ордны эргэлт маягийн юм хийж байна гэж харахаар.
Төрийн залгамж чанар нь үйл хэргийн туршлагаар өвлөгддөг. Аль ч нам, улс төрийн хүчин төрийн эрхэнд гарсан бай урьд урьдынхаа засгийн гаргасан шийдвэрүүдийг эргэж хардаг практик бий. Үүнийг парламент мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэвч УИХ-ын гишүүд нь дор бүрнээ сайд болчих санаатай тэр тухай ам ангайсангүй. Яг үнэн хэрэгтээ гишүүн болгон сайд болох санаатай учраас Цэцийн шийдвэрийг нүдээ аниад дагаж байна. Энэ удаадаа Цэцийн шийдвэрийг буцааж болохгүй гэдэг байдлаар ҮХНӨ-ийг зүтгүүлж байх шиг байна. Одоо энэ нь дүүрсэн хэрэг гэж бодож болох ч дахиж ийм үйлдлийг давтмааргүй байна. Үүний гайгаар Цэц ямар ч шийдвэр гаргаж болдог гэсэн буруу дэг жаяг Монголын улс төрд үлдэх аюултай. Ийм улбаатай Цэцийн гишүүдийг яг энэ үйлдэл дээр нь бүрэн бүрэлдэхүүнээр цэвэрлэх хэрэгтэй. Уржигдар ээлжит бус чуулганаар УИХ-ын Дэгийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн Цэцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг батлав. Дараа дараагийн Цэцийн гишүүдийг дахин ийм шийдвэр гаргуулахгүйн тулд даруй түгжиж, хазаарлахгүй бол эд нараас ямар ч шийдвэр гарч мэдэхээр болчихлоо. Тэгэхээр Цэцийн гишүүдийг 100 хувь солих саналаа Их хурал ээлжит бусдаа гаргачихаад буумаар байна.
Ер нь Үндсэн хуулийн Цэц гэдэг байгууллага муу бүхэнтэй нэр холбогдож ирсэн. Улс төрийн хамаг булхайг гүйцэлдүүлэгч гэдгээ хэд хэдэн удаагийн шийдвэрээрээ зарлачихлаа. Орон гүрэн дамжсан бөгс бөөрний хэрэгт хутгалдаж, Монгол Улсыг шившгийн хөндий рүү чирч байсан гээд тоочвол асуудал их бий. Мэдээж Цэцийн гишүүдийн мэдлэг, ур чадварыг үгүйсгэхгүй. Өндөр боловсролтой, Үндсэн хуулиар мэргэшсэн залуусаар цус сэлбэсэн ч гаргаж байгаа шийдвэр нь дандаа эрх мэдэлтнүүдийн талд байсаар байх юм. Цэцэд очсон залуу үеийнхэн тэнд уусаад байлгүй бугшсан үзэл, нөлөөлөлд автдаг хандлагыг өөрчилж, мэдлэг чадвараа илэрхийлдэг болох хэрэгтэй байна шүү.