Categories
мэдээ улс-төр

Тэтгэврийн шинэчлэлийн асуудлаар хэлэлцүүлэг болов

Тэтгэврийн даатгалын шинэчлэлийн асуудлаарх уулзалт, хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Тус хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд болон УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, тус яамны газрын дарга нар, холбогдох мэргэжилтнүүд болон Дэлхийн банкны мэргэжилтнүүд оролцов.

Хэлэлцүүлгийг нээж, Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт хэлсэн үгэндээ, “Тэтгэвэр авагчдын 60 гаруй хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авч, ахмад настнуудын амьжиргааны түвшин буурах хандлагатай боллоо. Тэтгэвэр авагчдын 70-80 хувь нь тэтгэврийн зээлд хамрагдаж байна. Тэтгэврийн даатгалын сан орлогоороо зарлагаа нөхөх боломжгүй болсон, цаашид ахмад настны нийгэмд эзлэх хувь өсөх хандлагатай, дундаж наслалт нэмэгдэж байгаа зэрэг олон шалтгаанаас үүдэн тэтгэврийн даатгалын сан ачааллаа даахгүй болж, дорвитой шинэчлэл хийх эрэлт, хэрэгцээ, шаардлага бий болсныг харж болно” гэв. Мөн тэрээр тэтгэврийн тогтолцоог шинэчлэхдээ нэрийн дансны шинэчлэлийг эрчимжүүлэх, шимтгэлийн болон тэтгэврийн зохистой хувь хэмжээг тогтоох, тэтгэвэр бодох аргачлалыг сайжруулах, тэтгэврийн сангийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах, сангийн хөрөнгийг даатгуулагчдад нээлттэй, ил тод болгох, сайн дурын даатгалын ач холбогдлыг олон нийтэд сурталчлах зэрэг асуудлыг тусгах нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн.

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, “Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ниймгийн даатгалын хууль тогтоомжийг цогцоор нь шинэчилнэ, тэр дундаа тэтгэврийн даатгалын тогтолцоог шинэчлэхээр тусгагдсан. Хүн амын огцом өсөлтийн үеийнхэн тэтгэвэрт гарах үед тэтгэврийн даатгалын одоогийн тогтолцоо үүсэх нөхцөл байдлыг зохицуулах боломжгүй” хэмээн тодорхой тоо, баримтуудыг танилцуулав. Мөн иргэдийн нийгмийн даатгалд хамрагдалтын хувь хэмжээ хангалтгүй, тэтгэврийн даатгалын сангийн алдагдал 2030 он гэхэд ДНБ-ий 4-5 хувьд хүрэх төлөвтэй байна. Тиймээс үүсч болзошгүй санхүүгийн эрсдэлтэй байдлаас сэргийлэх үүднээс зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлагууд бий. Уг асуудлыг шийдвэрлэх үүднээс Засгийн газар, олон улсын байгууллагуудтай хамтран ажилласан болохыг онцлов.

“Монгол Улсын тэтгэврийн даатгалын тогтолцоог шинэчлэх шаардлага, зорилтууд” сэдвээр ХАХНХЯ-ны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Мөнхзул илтгэл тавьсан. Мөн Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын нийгмийн хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Тунгалаг тэтгэврийн шинэчлэлийн асуудлаар олон улсын туршлагаас хуваалцлаа.

Үүний дараа хэлэлцүүлгийн оролцогчид тэтгэврийн шинэчлэлийн асуудлаар санал, бодлоо солилцов. Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ, С.Ганбаатар, О.Баасанхүү нар өөрсдийн байр сууриа илэрхийлж, тодорхой асуудлуудыг хөндсөн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Өнөөдрийн байдлаар арилжааны банкуудын олгож буй тэтгэврийн зээлийн хүү маш өндөр байгаа бөгөөд уг асуудлыг шийдвэрлэх, тэтгэвэр авагчдын зээлийн харилцааг зохицуулах баримт бичгийг ойрын хугацаанд боловсруулж, холбогдох газруудад өргөн барих шаардлагатай байна” гэлээ. Түүнчлэн хэлэлцүүлэгт оролцогчид тэтгэврийн шинэчлэлийн асуудлыг дахин сайржуулан боловсруулах шаардлагатай, 2030 он хүртэл тус салбарт концепцийн өөрчлөлт хийх, мөн ойрын хэдэн жилийн эдийн засгийн нөхцөл байдлыг зөв тооцож тусгах зэрэг саналуудыг гаргалаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *