Categories
мэдээ улс-төр

Тэтгэврийн насыг шинэчлэх бодлогоор МАН-ын бүлэг завсарлага авав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж гишүүдийн олонхийн саналаар дэмжин баталлаа. Уг хуулийн төслийг Төсвийн байнгын хороогоор хэлэлцэх үед гишүүд хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргасан нь чуулганы хуралдаанаар дэмжлэг хүлээсэн юм.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төсөлд татварын тайлангаа цахим хэлбэрээр гаргаж өгөх харилцаатай холбоотой зохицуулалтыг оруулжээ. Мөн татварын газраас тухайн аж ахуйн нэгжид шалгалт хийх бол урьдчилж 10 хоногийн өмнө мэдэгдэх юм байна. Мөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улирал бүрийн эцэст авах зохицуулалт тусгажээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын дарга З.Энхболд “Алтны компани Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөө төлөхгүй байвал яах вэ. Энэ тохиолдолд үйл ажиллагааг нь хаах хүртэл арга хэмжээ авч болох уу” гэж байлаа.

Холбогдох албаны хүний тайлбараар бол татварын хууль зөрчсөн бол хуулиараа шүүх, цагдаад өгнө. Татварын байгууллагын хувьд тухайн аж ахуйн нэгжийн дансыг хаах, хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ авахаас үйл ажиллагааг нь бүхэлд нь хаах эрх байхгүй гэлээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Цахим хэлбэрээр татварын баримт тайлан авдаг болох нь. Гарын үсэг байхгүй тохиолдолд цахим хэлбэрээр үйлдсэн тайланг яаж ч ашиглаж болно. Цаасан дээр зурсан гарын үсгийг скайнердах болж байна уу.

Зайлшгүй тохиолдол гэдгийг юу гэж тодорхойлсон бэ. Татвараа төлөхгүй бол дансыг нь хааж, хөрөнгийг битүүмжилнэ гэнэ. Төрийн буруутай үйл ажиллагаанаас болж татвараа төлж чадахгүй болсон нөхцөлд хөрөнгийг нь битүүмжлээд байвал яаж орлого олох вэ” гэж байлаа.

Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Татварын байгууллага хяналт шалгалт хийх тохиолдолд заавал 10 хоногийн өмнө урьдчилж мэдэгдэнэ. Цахим гарын үсэг, цахим тамга тэмдгээ ашиглана. Одоо татварын байгууллагад тайлан гаргаж өгөхдөө эхлээд цахим хэлбэрээр гаргачихаад дараа нь хэвлэдэг. Түүнийгээ татварын албанд авчирч өгдөг. Ингэх шаардлагагүй гэж үзэж байна” гэсэн юм.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлээд Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн ч УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт завсарлага авч байгаа үндэслэлээ “Тус бодлогод эрэгтэй, эмэгтэй тэтгэвэрт гарах доод насыг ижил төвшинд хүргэнэ хэмээн заасан нь агуулгын алдаа үүсгээд байна. Хэрвээ ийм байдлаар бодлогыг баталбал, нэг бол эрэгтэйчүүдийн тэтгэвэрт гарах насыг урагш татах, эс бол эмэгтэйчүүдийн тэтгэвэрт гарах насыг хойшлуулах болж байна. Дэлхийн аль ч улсад эрэгтэй, эмэгтэй тэтгэвэрт гарах нас ижил байдаггүй, ялгаатай. Энэ асуудлыг эргэж харъя, маш том асуудал болох нь” гэсэн юм.

Завсарлага авахын өмнө бодлоготой холбогдуулж УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ч.Хүрэлбаатар нар “Тэтгэврийн насыг эрэгтэй 62, эмэгтэй 58-д хүргэхээр бодлогод тусгасан байснаа одоо зөвхөн судлахын тулд гэж тайлбарлаж байгаа нь буруу. Хоёрдугаарт, эрэгтэй, эмэгтэй тэтгэвэрт гарах насыг ижил түвшинд хүргэнэ гэж заасан нь нэг бол эмэгтэй тэтгэвэрт гарах насыг хойшлуулах, эс бол эрэгтэй тэтгэвэрт гарах насыг урагшлуулах зүйл болж байна.

Нэгэнтээ тэтгэврийн бодлого батлах гэж байгаа бол тэтгэврийн зээлийн асуудлыг яах вэ гэдгийг шийдэх ёстой. Гарц гаргалгаа нь байхад энэ асуудлыг үлдээж болохгүй” гэсэн юм.

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт “Тэтгэврийн санг яаж бүрэн байлгах вэ гэдэг л чухал болохоос нас дараагийн асуудал. Хуулийн төсөл дээр эрэгтэй тэтгэвэрт гарах насыг 62-д, эмэгтэй тэтгэвэрт гарах насыг 58-д хүргэх юм орж ирсэн нь үнэн. Гэхдээ энэ асуудлыг олон талаас нь судлах шаардлага байна гэсэн. Түүнээс батлах гэж байгаа төсөл дээр тэтгэврийн насыг хойшлуулах юм байхгүй” гэсэн хариулт өгөв.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Эрэгтэй нас 62, эмэгтэй нас 58-д хүргэх асуудлыг судлая гээд ажлын хэсгийн төвшинд хассан. Түүнийг дарцан байна. Анх асуудал яаж ч орж ирж болно. Түүнийг УИХ-аар хэлэлцэх шатанд хасаад л явдаг” гэсэн хариулт өгч байв.

Дараа нь Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Үдийн завсарлагын цаг болсон тул одоо чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлав. Үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаан 14.00 цагаас үргэлжилнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *