Categories
мэдээ нийгэм

Тэрүнофүжи, Митакэүми, Аби нар адил 10 даваатай боллоо

Японы мэргэжлийн сумо бөхийн 73 дахь Их аварга /Ёкозүна/ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Токио хотноо үргэлжилж байгаа Хацү башёгийн 12 дахь өдрийн барилдаанд Комүсүби Мэйсейтэй учраа таарч барилдан түүнд катасүкаши мэхээр унаснаар 10 даваа, 2 унаатай болов.

Ийнхүү Хацү башёгийн 12 дахь өдөр 3 сумоч 10 даваатай башёг тэргүүлж эхэлснээр сүүлийн 3 өдрийн барилдаан дуустал энэ башёг тун өрсөлдөөнтэй, сонирхолтой болгож байна.

Энэ өдрийн барилдаанд Озэки Шодай, Хокүтофүжи /М-4/-тэй барилдаж түүнд ёрикири мэхээр уналаа.

Хацү башёг тэргүүлэгчдийн нэг Сэкиваке Митакэүми, Оношо /М-5/-той таарч барилдан түүнд хикиотоши мэхээр унаснаар 2 унаатай болсон бол Оношо 8 даваатай байна.

Тамаваши Б.Мөнх-Оргил /М-3/, энэ өдөр Хошёорюү С.Бямбасүрэн/М-6/-тэй учраа тааран барилдаж түүнд ошидаши мэхээр ойчиж 7 даваа, 5 унаатай болов. Харин С.Бямбасүрэн 8 давж 50 хувийн амжилтаа хийлээ.

Кирибаяма Б.Лхагвасүрэн /М-1/, Эндо /М-3/-той учраа тааран барилдаж түүнд уватэнагe мэхээр ойчиж, тэд адил 5 даваа, 7 унаатай болов.

Харин 11 дэх өдрийн барилдаанд Ичиножёо А.Ичинноров /М-2/, Такарафүжи /М-7/-тэй таарч барилдан түүнийг ёрикири мэхээр хаяж 6 даваа, 6 унаатай болов.

Чиёошома Г.Мөнхсайхан /М-5/, Комүсүби Дайэйшотой хүчээ сорьж түүнд ошидаши мэхээр ойчиж, тэд адил 4 даваа, 8 унаатай боллоо.

Аби /М-6/, Сэкиваке Таканошотой таарч түүнийг хаяснаар 10 даваатай башёг үргэлжлүүлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *