Categories
мэдээ цаг-үе

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн гэрийнхэнтэй хамт СУМО ҮЗЛЭЭ

Хару башёгийн сүүлийн өдрийн барилдаанд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өрсөлдөгчөө давлаа. 2015.03.22-ны 16.15 цаг

“Өдрийн сонин” Японы мэргэжлийн сумод цахиур хагалж яваа сэкивакэ Г.Ган-Эрдэнийн гэрээс сурвалжлага бэлтгэн хүргэж байсан билээ. Өчигдөр мэргэжлийн сумогийн башёд анх удаагаа түрүүлж озэки цолны болзол хангаад буй түүний гэр бүлээс хийсэн сурвалжлагаа уншигчдыхаа хүсэлтээр дахин хүргэж байна.

Хару башёгийн сүүлийн өдрийн барилдааныг Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн гэрт очиж аав ээжтэй нь хамт үзлээ. Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ бол дээд зиндаанд барилдаж байгаа Монголын 20 дахь сумоч. Бас маш богино хугацаанд цолонд хүрсэн гэдгээрээ сумогийн ертөнцөд шуугиан тариад байгаа. Энэ сарын башёгоос эхлэн сэкиваки цолтой барилдаж байгаа тэрээр хару башёд тун сайн барилдсан юм.

Тэрүнофүжигийн аавынх 13 дугаар хороололд байдаг ажээ. Харин амралтынхаа өдрөөр Сэлбэ дэх зуслангийнхаа байшин руу явчихдаг юм байна. Хаягийг нь заалгаж аваад сумо эхлэх үеэр яваад очтол гэр дүүрэн хүн бужигнаж байв. Башёгийн сүүлийн өдрийн барилдааныг үзэхээр Г.Ган-Эрдэнийн хамаатан садангууд нь цуглажээ. Бас Японы “Ёми үри” сонины сурвалжлагч орчуулагчийнхаа хамт ирчихсэн ярилцлага авч байлаа. “Хүү сайн барилдаж байгаа. Монгол, Японы хамгийн том сонины сурвалжлагчид манайд хүрээд ирэхээр сайхан байдаг юм байна. Хүүгээрээ л их бахархаж байна даа” гэж Г.Ган-Эрдэнийн өвөө Жүгдэр гуай ярив. Гэрийн эзэд хөдөөгүүр ажилтай явж байгаад урьд шөнө иржээ. Хүүгийнхээ сүүлийн өдрийн барилдааныг гэрийнхэнтэйгээ хамт үзэхээр шөнөжин давхисаар хотод ирсэн гэв.

Хар пиджактай голд сууж буй нь Г.Ган-Эрдэнэ. Тавдугаар ангид байхдаа

Г.Ган-Эрдэнэ гурван хүүхэдтэй айлын дундах юм байна. Аавыг нь Д.Гантулга, ээжийг нь Ж.Оюун-Эрдэнэ гэдэг. Дээрээ нэг эгчтэй, дороо нэг эмэгтэй дүүтэй, айлын ганц хүү ажээ. Ганц хүү болохоор багад нь нэлээн эрхлүүлдэг байсан гэнэ. Аав ээж нь хүүгийнхээ тухай ярихдаа “Эвий миний хүү” гээд хошуу дэвсээд л ярих юм. Аав ээж нь ганц хүүгээ нэлээн эрхлүүлж өсгөсөн болохоор тэр үү Г.Ган-Эрдэнэ их зөөлөн зантай, томоотой гэсэн. Хүүгээ барилдахын өмнө аав ээж хоёр нь багадаа ямар хүүхэд байсан тухай хуучлаад, хоол унд идэж уу гэсэн шигээ дуу шуутайхан байв. Үе үе зурагт руугаа харчихаад яриагаа үргэлжлүүлэх ажээ. Монгол бөхчүүдийг гарч ирэхээр “За энэ хэдийгээ харчихъя. Манай хүүхэд сумод барилдаж эхэлснээс хойш монгол бөхчүүдийн барилдааныг сэтгэл догдлон үздэг болсон. Өмнө нь давчихаасай гэж боддог байснаас биш одоогийнх шиг сэтгэл зовдоггүй байлаа” гэв. Ээж нь яриан дундуураа босоод бурхандаа зул өргөн залбирч байлаа. Ингэж ярьж байтал 16 цаг 10 минутын орчимд Г.Ган-Эрдэнэ барилдахаар дэвжээн дээр гарч ирэв. Саяхан л хүүгийнхээ тухай ярин орон дээрээ сууж байсан ээж нь хэд хэдэн удаа өндөлзөж байснаа босоод явчихлаа. Олон хүн байгаа болохоор багтахгүй нь гээд босож байгаа юм болов уу гэж бодтол “Би хүүгийнхээ барилдахыг харж чаддаггүй юм” гэж байна. Их л догдолж байгаа бололтой нүдэнд нь нулимс цийлэгнэсэн чигтээ малгайгаа өмсөөд гадаа гарав. Цонхоор хартал сүү өргөөд зогсож байлаа. Харин бусад нь зурагтынхаа өмнө суугаад барилдаан эхлэхийг хүлээж байв. Үеэл ах нар нь байж ядаж байгаа бололтой нэг харахад хоёр алгаа хооронд нь үрээд л, дахиад харахад байдгаар нь атгачихсан суух ажээ. Хажууд нь суугаад зоригжуулж байгаа аятай “Манай Батаа давна аа” гэж чанга чанга хэлж байв. Аав нь харин дуугарч чадахгүй байгаа бололтой хоёр гараа чанга атгачихсан, зурагтнаас нүд салгалгүй ширтэж байв. Ингээд хамгийн сүүлийн ёсолгоогоо хийж барилдаан эхлэхэд гэрээр нэг шуугиад явчихлаа. Хөдөлгөөн бүрт нь дэм өгөн орилолдож гарав. “За сайн байна. Хоёр гарыг нь хумьчихлаа. Ээ дээ наанаасаа мавашины барьц авчихвал” гэхтэй зэрэгцэн лав барьц автал бөөнөөрөө “Батаа яг зөв. Наадах чинь зайлж магадгүй юм байна шүү. Барьцаа лавшруулна шүү” гэлцэв. Өрсөлдөгч нь дэвжээний зах руу жаахан түрвэл “Батаа аа” гээд гэрээр нэг орилж байлаа. Эрчүүд нь ч яахав орилолдоод үзэж байхад үеэл эгч, дүү хоёр нь нүүрээ нэг дараад, хурууныхаа завсраар нэг харах ажээ. Тэрүнофүжи ч сайн барилдаж өрсөлдөгчөө дэвжээний захад түрэн гаргахад бүгдээрээ алга ташин баяр хүргэн бие биенээ тэвэрч авав. Хүргэн З.Одгэрэл нь цонх руу гүйж очоод ээжийгээ дуудан эрхий хуруугаа гозойлгож байна. Ж.Оюун-Эрдэнэ эгч хүүгээ даатган хангай дэлхийдээ сүү өргөж байгаад орж ирэхэд нь гэрийн эзэн тосож аваад хацар дээр нь үнсээд “Ялчихлаа” гэв.

Ээж Ж.Оюун-Эрдэнэ хүүгийнхээ барилдааны өмнө зул өргөв.

Тэрүнофүжи хару башёг хоёрхон унаатай дуусгав. Арван гурав дахь өдрийн барилдаанд Хакухо М.Даваажаргалыг өвдөг шороодуулахад гэрийнхэн нь бөөн баяр болжээ. Орой нь хүүтэйгээ интернэтээр холбогдоход “Аваргаас айлгүй сайхан барилдлаа. Санасан юмаа хийсэндээ ч их баяртай байна” гэж хэлжээ. Түүний хувьд хару башё эхлэхийн өмнө Японы хэвлэл мэдээллийнхэнд “Аваргыг давмаар байна” гэж ярьж байсан бөгөөд бэлтгэл сургуулилтаа сайн хийгээд санасандаа хүрчээ. Аваргыг өвдөг шороодуулсан түүний хувьд сүүлийн өдрийн барилдаан тун чухал байв. Сүүлийн өдөр Хакухо М.Даваажаргал Харумафүжи Д.Бямбадоржтой таарсан байв. Хэрэв их аварга Хакухо өвдөг шороодвол Тэрүнофүжитэй даваагаараа тэнцэх тул нэмэлт барилдаан болох байв. Дэлгэцээр Тэрүнофүжигийн царайг байн байн харуулахад гэрийнхэн нь ам амандаа яанаа гэлцэн дуу алдах ажээ. Ингээд хоёр аваргын барилдаан эхэлж ширүүхэн өрсөлдсөөр Хакухо М.Даваажаргал давж 34 дэх түрүүгээ авлаа. Хакухо давснаар нэмэлт барилдаан болохгүй болсон ч гэлээ гэрийнхэн нь алга ташиж байв. М.Оюун-Эрдэнэ эгч “Хоёр аварга маань ёстой нэг аваргууд шиг сайхан барилдлаа. Их аварга аргагүй хүчтэй шүү дээ. Миний хүү энэ башёд сайн барилдаж, аав ээжийгээ баярлуулж байна.Энэнээс илүү яахав” гээд алга ташин баяр хүргэж байв.

Батаа гэдэг нь Г.Ган-Эрдэнийн багын нэр. Гэрийнхэн нь түүнийг Батаа гэж дууддаг юм байна. Хүүгээ төрөхөд аав ээж хоёр нь баярлан өөрсдийнхөө нэрний Ган, Эрдэнийг авч нэр хайрлажээ. Гэтэл багадаа өвчин ороогоод байхаар өвөө нь “Аав ээжийнх нь нэр хүнддээд байгаа юм байлгүй. Гурван үсэгтэй богино нэрээр гэртээ дуудаж бай” гэжээ. Ингээд гэрийнхэн нь Бат гэсэн нэр өгч дуудах болсон гэнэ. Тиймээс гэрийнхэн болон ойр дотнынхон нь түүнийг Батаа л гэж дуудна. Сургууль соёлд орсон хойноо найзууд нь Ганаа гэж дуудах болжээ.

Д.Гантулга гуай Увс аймгийн Наранбулаг сумын хүн. Ээжийнх нь төрсөн дүүгийн хүүхэд улсын заан цолтой Сүхбаатар гэж хүн байжээ. Ерөнхийдөө том биетэй, сумынхаа наадамд ноцолдоод начин, заан цол авчихдаг хүмүүс байж. Харин Г.Ган-Эрдэнийн хувьд 1991 оны арваннэгдүгээр сарын 29-нд Дарханы нэгдсэн эмнэлэгт төржээ. Тэр үеийн хүүхдүүд голдуу 3.2-3.6 кг жинтэй төрдөг байсан бол Г.Ган-Эрдэнэ 4.2 кг төржээ. Эмч нар мундаг том хүү эх барьж авлаа, ирээдүйд аварга болох биз ээ хэмээн бэлгэшээж байсан гэнэ. Тэднийх хүүгээ нэг ой хүртэл нь Дарханд амьдарч байгаад Улаанбаатарт нүүж иржээ.

ТЭРҮНОЖҮЖИ Г.ГАН-ЭРДЭНЭ АСАШЁОРЮҮ АВАРГЫГ ХАРААД СУМОГООР БАРИЛДЪЯ ГЭЖ ШИЙДЖЭЭ

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ багаасаа олон төрлийн авьяастай байжээ. Цэцэрлэгт байхдаа бүр загвар өмсдөг байсан гэнэ. Өмссөн хүрмээ нэг мөрөн дээрээ тохож явж байгаад үзэгчдийн өмнө ирэхээрээ өөдөөс нь шиддэг аальгүй хүү байсан тухай аав нь инээдээ барьж ядан ярилаа. Бас их гоё дуулдаг, бүжиглэдэг байжээ. Дөрөвдүгээр ангид байхдаа урлагийн үзлэгээрээ дуулж, бүжиглэж байх үеийнх нь бичлэгийг үзүүлэв. Ангийнхаа хүүхдүүдээс том биетэйг ч хэлэх үү тэр дунд ёстой нэг үзүүлж өгч байна лээ. Дуулах авьяас нь өнөө хэр хэвээрээ гэсэн. Сүүлийн үед ажиглаад байхад миний муу хүү аав, ээжийн тухай дуу их дуулах юм. Бодвол санадаг л байх даа гэж аав нь ярина лээ. Нээрээ л өнгөрсөн арванхоёрдугаар сард Японд очиж монгол бөхчүүдтэй ярилцлага хийж явахад “Улаанбаатар” хоолны газар Г.Ган-Эрдэнэтэй олон таарсан даа. Очих бүрт монгол хоолоо захиалчихсан сууж байна. Хоолоо идэж дууссан хойноо “Энхтуяа эгчээ, караокены сул өрөө байгаа юу” гэж асуудаг байлаа. Харахад тэр том биедээ баймгүй эрх төрхтэй, тэгсэн хэрнээ таарах бүртээ “Эгч ээ, ажил амжиж байна уу” гэж санаа тавин асуудаг байв. Энэ тухайгаа гэрийнхэнд нь хэлвэл “Айлын ганц хүү болохоор эрхлүүлэлгүй яахав. Гэхдээ миний хүү буруу эрхлээгүй ээ. Их л зөөлөн хүн дээ” гэж байна. Аав нь ингэж ярихдаа хүүгээ санасан уу яасан уруул ам нь тэрүүхэн тэндээ өмөлзөх шиг болно лээ. Бас хүү нь математикийн хичээлдээ тун сайн байсан, ээж нь нэг хэсэг хүүгээ спортоор биш, тоогоор явуулна гэдэг байсан тухай сонирхуулсан. Тэрээр “Олонлог” сургуулийн төгсөгч бөгөөд тооны Ганболд багшийн хайртай шавь байсан гэнэ.

Г.Ган-Эрдэнэ гурав, дөрөвдүгээр ангиасаа эхлэн жүдо, самбоор хичээллэж эхэлжээ. Тэр үед Спортын төв ордон дээр хичээллэдэг байсан “Тэмүүжин” хүүхдийн бөхийн секцэнд явж эхэлснээс хойш спортоос холдоогүй юм байна. Бас 17 настай байхдаа хамт бэлтгэл хийдэг хүүхдүүдийн хамт Өвөрхангайн наадамд очиж барилдан үзүүрлээд G-Mobile-ын 93037061 дараа төлбөрт дугаараар шагнуулаад ирж байсан удаатай. Уг дугаараа аавдаа бэлэглэж, аав нь гурван ижл гаруйтай барьж байгаад одоо мобикомын дугаар барьж байгаа гэнэ.

Д.Гантулга гуайн төрсөн эмэгтэй дүү нь Монгол Улсын гавьяат тамирчин, начин А.Ганбаатарын төрсөн дүүтэй гэр бүл болжээ. Ингээд хүргэн талдаа улсын цолтой бөхчүүлтэй болчихож. А.Ганбаатарын төрсөн дүү А.Төмөрбаатар гэж хүн дархан аварга Ж.Мөнхбат аваргын шавь байсан гэнэ. Нэг өдөр Г.Ган-Эрдэнийг хоёулаа аваргатай уулзанаа хө гээд дагуулаад явжээ. Ингээд Ж.Мөнхбат аваргатай уулзуулан “Энэ хүүхэд бөх болох уу” гээд шинжүүлтэл “Ирээдүй байна, манай сургуульд оруулчих” гэжээ. Тэр үед дархан аварга Ж.Мөнхбат “Их шавийн дээд сургууль”-ийг үүсгэн байгуулаад байсан болохоор зөвлөснийх нь дагуу тус сургуульд оруулжээ. Ингээд удалгүй ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны Ц.Шийрэв багш дээр аваачиж өгөн жудогоор хичээллүүлжээ. Жудогоор хичээллэх хугацаандаа 2009 онд Монгол Улсын гавьяат тамирчин О.Балжинням аваргын нэрэмжит залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл, 2008 онд кураш бөхийн залуучуудын дэлхийн аваргаас хүрэл авсан байна. Яг тэр үед мэргэжлийн сумод их аварга Асашёорюү Д.Дагвадорж ид бужигнуулж байсан цаг. Г.Ган-Эрдэнэ аваргын барилдааныг гэртээ зурагтаар шимтэн үзээд “Ер нь сумогоор барилдъя” гэх болжээ. Ингээд ээж Ж.Оюун-Эрдэнэ нь хүүгээ дагуулаад Япон руу аялахаар явжээ. Буцаж ирэхдээ Г.Ган-Эрдэнэ “Ер нь сумогоор барилдаж болмоор юм байна” гэж ярих болсон гэсэн гэнэ. Тэгсэн нэг өдөр Ж.Мөнхбат аварга утасдаад “Японы Тоттори сургуулийн сумогийн багш нар ирж хүүхдүүд авахаар болсон байна. Чи шалгуулаад үз” гэжээ. Японоос багш нар очих гэж байгааг Хакухо М.Даваажаргал аавдаа дуулгасан гэнэ. Ингээд багш наро ирж сонгон шалгаруулалт хийгээд дөрвөн хүүхэд аваад явсны нэг нь Г.Ган-Эрдэнэ байж. Харин түүнтэй хамт одоо сэкиваки цолтой барилдаж байгаа Ичиножо А.Ичинноров шалгалтад тэнцэж япон руу явж байжээ. Тэр үед Г.Ган-Эрдэнэ 120 гаруй кг жинтэй байсан бол өдгөө 180 кг жинтэй. Очоод сумогийн хүнд хэцүү бэлтгэл хийдэг ч гэлээ гэрийнхэндээ хэцүү байна, шантарч байна гэж ганц ч удаа хэлж байгаагүй гэнэ. Сүүлд жүрёо зиндаанд амжилттай барилдаж байхдаа аав ээжийгээ Японд урин аялуулах үеэрээ “Анх ирсэн үед ч хэцүү байсан шүү. Үнэхээр хэцүү бэлтгэл сургуулилт хийдэг байсан” гэж цухасхан дурьдаад өнгөрчээ.

Тэрүнофүжи шинэ он гарсны дараахан ээжтэйгээ утсаар ярихдаа “Энэ жил би заавал озэки цолонд хүрнэ” гэж амалжээ. Хүүгийнхээ ам гарахыг сонссон ээж нь цагаан хэл амнаас хол байх болтугай гэсэндээ башётой өдөр бүр хүрээ, хийдээр явж хэл амны ном уншуулдаг гэсэн. Түүний аав ээж хоёр нь Г.Ган-Эрдэнийг 2011 онд анх Япон руу явахад аав ээж хоёр нь хоёр сая төгрөгийг иен болгон өгч явуулж байсан гэнэ. Замын зардал, сургуулийн төлбөр зэргийг Тоттори сургуулийнхан дааж байсан бөгөөд очсон хойноо тэр бүр мөнгө төгрөг нэхэж байгаагүй гэсэн. Харин ч бүр сайн барилдахын хэрээр цалин мөнгө авч өнгөрсөн жилийн тавдугаар сард аавдаа хар, ээждээ цагаан өнгийн “Toyota Harrier” маркийн хайбрид машин өгч явуулсан гэнэ. Бас зарим сард хэрэглээнээсээ илүү гарсан мөнгөө гэр рүүгээ явуулдаг ажээ.

С.АЛТАНЦЭЦЭГ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *