Данзанбалжирын Энхтайван 1975 онд Дүрлэх урлагийн дунд сургууль төгсөхдөө “Тусгаар тогтнолын туг” зургаараа дипломын ажлаа арай л өөр нүдээрхамгаалж байлаа. Ардын журамт цэргийн анхны магнаг үсэгтэй тугийг урлаж буй зурагт толгойдоо торгон алчуур зангидаж, гоёлын дээлээ өмссөн бүсгүйчүүд цагаан эсгий ширмэл ширдэг дээр тойрон сууцгааж, улаан торгон дээр алтан соёмбо, ацаг шүд нь жигдхэн үсгүүдийг зээгт наамлаар урлаж буй нь сүр жавхлантай.
Эрдэнэтийн ардчилсан холбооны анхны дарга Д.Энхтайван
Уг нь социализмын үеийн үзэл суртлаар бол харц ардын хувцас хунар уранхай ноорхой байх ёстой байсан авч тэрсүүд оюутанд тийм санаа төрсөнгүй. Дипломын удирдагч нь далан настай, ардын зураач Ү.Ядамсүрэн гуай. Чухамдаа монгол үндэсний хувцсыг насаараа судалж цуглуулсан өвгөн зураач, монголчууд ядуу байгаагүй. Дөрвөн улирлын хувцастай, толгойдоо булга, минж, суусрын арьс л хүргэнэ үү гэхээс одооны хүмүүсийн хошуураад байгаа андаатар гэгчийг тавихгүй, тарваганаас бол бүр ч сэжиглэнэ гээч гэнэ.Тэр Дүрслэх урлагийн сургуульд ардын зураач Л.Гаваа, Д.Доржпалам, Б.Гомбосүрэн нарын гурван ланжгарын гараар орсон болохоор үндэсний үзлийн үнэр эрт оржээ.
1985 онд зурсан “Талын гэрэл” хэмээх энэ бүтээлээрээ Д.Энхтайван ардчилсан үзэл баримтлалыг нийгэмд тунхаглаж байсан гэдэг.
Энэ нь хойно И.Е.Репиний нэрэмжит Уран сайхны академик институтэд очоод бүр ч сэдэрсэн. Нева мөрний эрэг дээрх түүхт хотын энэ сургуульд Зөвлөлт эх орны дайны үеийн Ленинградын 900 хоногийн бүслэлтийг давсан “ветеран войны” Ю.М.Непринцев, А.Д.Романычев,О.А.Ермеев, Е.Е.Мойсеенко, А.А.Мыльников нарын дайнд хамаг муу муухай, худал хуурмагаа гөвчихсөн ямар ч будаггүй жинхэнэ хүмүүс багшилж байлаа. СССР-ийн ардын зураач тэдэнд марксизм, ленинизмийн үнэр ч байсангүй. Амьдралын гашуун үнэнийг ааш аяг, уран бүтээлээрээ илэрхийлнэ. Тэр нь шавь нарт нь халдварлана. Гоц халдвартны тоонд монгол оюутан ч амархан багтав.Энд Д.Энхтайван “Тусгаар тогтнолын туг”-аасаа яг арван жилийн дараа “Талын шөнө” зургаа зурсан. Тас харанхуй шөнө талын дунд нэгэн гэрэл цайвалзах нь ойртсоор ахуйд Монголын говь нутагт малчин ардууд “Цогт тайж” киног шимтэн үзэж буй нь харагдана. Энэ бол 1985 он. Түнэр харанхуйг нүхлэн гэрэлтүүлсэн тэр зураг одоо ч И.Е.Репиний институтэд хадгалагдаж буй монгол зураачийн цорын ганц бүтээл юм.
1986 онд будаг нь ханхалсан зураач маань Эрдэнэтэд томилогдож, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Гоо зүйн секторын эрхлэгчээр ажлын гараагаа эхлэв. Энд Эрдэнэтийн яруу найрагч, зохиолч, зураачид цугларч, нийгэм нэг л бишээ гэдгийг ярилцана. Михайл Горбачёвын өөрчлөн байгуулалтын шуурга Монгол, Зөвлөлтийн найрамдлын энэ хотод дорхноо исгэрч, бүгчимдсэн залуус ил тод байдлыг хүсэмжилнэ. Нэрт яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн шүлгүүд ч тайвшруулсангүй. Тийнхүү 1989 ондЗасвар механикын завод дээр До.Ганболд тэргүүтэн улс төрийн бүлгэм байгуулж, яруу найрагч Дашдондог, Дашдондов, Лхүндэв, Болдсайхан, Батлүндэн, зураач Батбилэг, Баттөр, сэтгүүлч Амаржаргал, Хүүхэлдэйн театрын найруулагч Хүрэлбаатар нарын уран бүтээлчдийг нэгтгэсэн”Эв нэгтний холбоо” буюу “ЭНХ” бүлгэм мэндэлсэн билээ.
Нууцхан энэ бүлгэмээс удалгүй МоАХ-ны салбар төрж, Эрдэнэт хотын салбар зөвлөлийн анхны зохицуулагчаар зураач Д.Энхтайван сонгогдлоо. Ийнхүү тэр “Тусгаар тогтнолын туг”-ийг урласан шигээ 90 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын тугийг ч барилцав.Барих барихдаа бүр тэрсүүд явдлыг нь зэмлэсэн нутгийн өвгөний үгээр бол “Оролцох нь ч яахав, оройд нь явдаг нь ч юув дээ” гэгч болсон. Түүний “Торой банди” зураг хүйтэн царцанги нийгмийн тогтолцоог халахад өөрийгөө хөсөр гээсэн зоригтон л тодорч, ялалтад хүргэж чадна гэдгийг илэрхийлсэн байдаг нь учиртай. Тэр энэ зургаа Ардчилсан намын анхдугаар их хуралд бэлэглэсэн билээ.
Тэгэхэд тэрсүүд зураач нар МоАХ-ны салбар зөвлөлийг хаа сайгүй толгойлж байсан юм, Хөвсгөлд Батжаргал, Сэлэнгэд Нороврагчаа, Өмнөговьд О.Лодон гээд л. Ер нь зураачид зөн мэдрэмжээрээ нийгмийн өөрчлөлтөөс түрүүлж явдаг. 90 онд Я.Үржнээ, Х.Цэгмэд, Х.Баттулга, Н.Арвис, Ч.Энхээ нарын олон залуу зураач ардчилсан хувьсгалын түрүү эгнээнд явсныг түүх гэрчилнэ.
Ардчилсан хувьсгалын түүх гэрчлэх нэгэн хуудас бол 1989 оны 12 дугаар сарын гурванд”Ил тод” бүлгэмийнхэн Эрдэнэтэд улс төрийн тайван жагсаал зохион байгуулж, улмаар НҮБ-аас Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг батлан гаргасан 10-ны өдөр ардчилсан хүчний залуус олон нийтийг хамарсан анхны томоохон цуглаан хийсэн юм. Тус цуглаанаас МАХН-ын Төв Хорооны V бүгд хуралд гурван зүйлт өргөх бичиг хүргүүлэв. Үүнд нэгдүгээрт, улс орныг удирдан жолоодох чадваргүй болсон МАХН-ын ТХ-ны Улс төрийн Товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох, хоёрдугаарт Эрдэнэт, Мардай, Заамар зэрэг уул уурхайн орд газрыг зөвхөн монголчууд эзэмшиж ашиглах, гуравдугаарт Монголоос Зөвлөлтийн цэргийг гаргах. 1990 оны гуравдугаар сарын МоАХ-ны өлсгөлөнгөөс өмнө тавьсан эдгээр шаардлага хэдхэн сарын дараа хэрэгжсэнийг түүх гэрчилнэ.
Эрдэнэтийн МоАХ-ны салбар зөвлөл навч нахиагаа дэлгэж, Л.Лувсан-Очир даргатай МоАН, А.Батбаярын тэргүүлсэн МҮДН, Т.Ганболдын удирдлагаар МСДН байгуулагдав. Хөвсгөлийн дөрөвдүгээр сарын улс төрийн өлсгөлөнг ч Эрдэнэтийн ардчилсан хүчнийхэн анхнаас нь тууштай дэмжиж байлаа.Гэвч тэдний тэмцлийг эсэргүүцэгчдийн зүгээс яруу найрагч Лхүндэвийн толгойг чулуугаар шидэж хагалах гэх мэт бусармаг үйлдэл гаргаж байсан тул Эрдэнэт хотын АДХ-ын Гүйцэтгэх захиргааны дарга Тогооч, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ш.Отгонбилэг нартай хэлэлцээрийн ширээний ард суухад хүрэв. Ингэснээр Хөвсгөлчүүдийн тавьсан нэгэн шаардлага болох олон намын оролцоотой төрийн эрх барих дээд байгууллагыг зарчмын хувьд дэмжиж, Эрдэнэтийн МоАН, МҮДН, МСДН-ын зөвлөлийн Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурснаараа улс төрийн зөвшилцөлд хүрсэн анхны алхам болсон юм. Үүний үр дүнд ГОК-ийн ажилчид ч ажил хаях шийдвэрээ цуцлав. Энэхүү алхмыг үнэлж, МСДН-ын дарга Б.Батбаяраас Эрдэнэтийн МоАХ-ны зохицуулагч Д.Энхтайванд талархлын бичиг ирүүлж байлаа.
90 оны анхны ардчилсан сонгуулиар Эрдэнэтээс Ц.Элбэгдорж, До.Ганболд хоёр АИХ-ын депутатаар сонгогдон, шинэ Үндсэн хуулийг батлалцлаа. Тэгэхэд Эрдэнэтийнхэн санал асуулгаар шинэ намуудыг 51,2 хувийн саналаар дэмжиж, анх удаа орон нутагт цэнхэртсэн нь УБХ-д суудал эзлэхэд ч ихээхэн нөлөө үзүүлсэн. 1996-2000 онд Д.Энхтайван УИХ-ын гишүүнээр сонгогдон, улмаар Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байсан юм.Эрхэм гишүүний сэтгэлийг өмнөд хөршийг зорьсон “Ой ачсан оршуулгын цуваа” юунаас ч илүү эмзэглүүлж, модны экспортыг таслан зогсоох хуулийн төсөл боловсруулан УИХ-д гурвантаа өргөн барьсан ч далд эдийн засгийн лобби бүлгийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байлаа.
Энэ хооронд Туж, Дух нарс хожуулын тал болж, Монгол эх орны газар нутгийн аравхан хувийг эзэлдэг ногоон хүрэм таван хувь болтлоо сэглэгджээ.Эрхэм гишүүн эцэст нь Хүүхдийн парламент зохион байгуулан “Ой модгүй бол бид яах вэ” хэлэлцүүлэг явуулж, сэтгүүлчдийн дэмжсэн дуу хоолой олон улсын байгууллагад хүрэв.Дараалсан тэмцлийн үр дүнд Монголын парламент модны экспортыг таслан зогсооххууль баталсан нь одоо ч хэвээр байна. Энэ бол Д.Энхтайваны гавьяа. Тиймээс ч ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн түүний тухай “Лус савдаг баярлуулсан хүн” хэмээн бичсэн нь бий.
Тэр үед ямар газрын баялгаа олборлож эхэлсэн биш, модоор хөлжих гэсэн донтонгууд түүнийг элдвээр дайрч давшилж, нэгэнт огтолсон мод төмөр зам дагуу хөглөрч байлаа. Чухам л “Их санасан газар ес хоног хоосон” гэгч болсон ч аажимдаа мод боловсруулах үйлдвэрүүд шинээр байгуулагдаж, хуванцар ширээ сандал модоор солигдож, хувийн байшингууд хаа сайгүй босч эхлэв. Наяад оны дундуур нам, засгаас дэвшүүлсэн Хувийн орон сууц, Зээлийн орон сууц хөтөлбөр ийнхүү хэний ч шахалт шаардлагагүй амилах нь тэр. О.Дашбалбар агсны нэрлэснээр “Эвслийн лантуу” тэрсүүд гишүүний санаачилсан хууль монголчуудад давхар хожоо авчирсныг хожим тэрээр тэнгэрийн таалал хэмээдэг.
Тэр ганц л юмнаас “айдаг”. Тэр нь завсраас завшигчид. Аливаа хувьсгалын дараах шилжилтийн үед авлига, хулгай, луйвар гаарч, эзэнгүйдсэн нийгэмд завсраас завшигчид дандаа хожсон байдаг. Ардын хувьсгал, ардчилсан хувьсгал ч ялгаагүй. Хэн таргалж, хэн турсныг ард түмэн одоо мэднэ. Харин Д.Энхтайван хэзээд тугчин байсан. Тэр үүнийгээ
Би халуун сэтгэл, энэхэн биеэ бусдад зориулах монгол эр хүн дээ
Би хээрийн салхинд ариуссан энгэрийн ганцхан модны навчаа
Би энхрийн нутгаа бусдаас харамлаж, дээшээ огших монгол эр хүн дээ хэмээн “Би монгол эр хүн” дуундаа мөнхөлсөн билээ. Энэ дууны хөшөө эдүгээ Боорчийн талд гэрэлтэн байна. Чингис хааны менежментийн холбооны тэргүүн Д.Энхтайван дээд тэнгэртээ итгэдэг, дээлтэй Монголоо мандан бадрахад итгэдэг тугчин. Тэр талцдаггүй Монголын төлөө тэмцсэн өвгөдийнхөө зарлигтай жинхэнэ монгол эр хүн дээ.
Х.АРИУНБААТАР