Үндэсний сурын харваачдын төсвөөс олгох бай, шагналын жишиг хэмжээг эрийн гурван
наадмын бөх, уяачдын шагналтай дүйцүүлэн нэмлээ. Үндэсний
сурын харваачдад олгох шагналын хэмжээг үндэсний бөх, хурдан морины бай,
шагналаас илт бага хэмжээгээр тогтоосныг өөрчилж, “Жишиг хэмжээ шинэчлэн
тогтоох тухай” Засгийн газрын 2010 оны 271 дүгээр тогтоолын хавсралтаар
баталсан Үндэсний их баяр наадамд амжилт үзүүлсэн харваачдад төсвөөс олгох бай,
шагналын жишиг хэмжээг нэг дахин, байрны тоог хоёроор нэмэгдүүлж, таван байранд
шагнал олгохоор өөрчлөлт оруулжээ.
Нэгдүгээр байр найман сая, хоёрдугаар байр зургаан сая, гуравдугаар байр дөрвөн сая,
дөрөвдүгээр байр хоёр сая, тавдугаар байр нэг сая таван зуун мянган төгрөг
болжээ. Харваачдад олгох шагналын хэмжээ өөрчлөгдсөнтэй холбогдуулан 25
сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Ч.Улаанд
зөвшөөрчээ.