Нийслэл дэх Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор М.Эрдэнэжаргалтай ярилцлаа.
-Танай газраас Нийслэлийн 2022 оны хөрөнгө оруулалтад аудит хийсэн дүгнэлттэй танилцсан. Түгжрэлийн эсрэг зарцуулсан 420 тэрбум, 240 автобус зэрэг олны анхаарлыг татсан асуудал дээр аудит хийсэн байна. Аудитын дүгнэлтээс онцолж хэлэх хэсгүүд юу байв?
-Ер нь өмнөх жилүүдэд нийслэлийн хөрөнгө оруулалт 200 тэрбум хүрдэггүй байсан. Харин Засгийн газрын 2021 тавдугаар сарын 146 дугаар тогтоолоор Нийслэл Улаанбаатар хотын талаар авах арга хэмжээний тухай батлахдаа түгжрэлийг бууруулахад зориулж жил бүр нийслэл хотод 420 тэрбумаас доошгүй хөрөнгө оруулалтыг шийдвэрлэнэ гэж оруулсан байдаг.
Түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний нийт төсөл 2022-2024 оны хугацаанд 800 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан байсан. Үүнээс 2022 онд 411.8 тэрбумыг зарцуулахаар төлөвлөсөн байв. Ингэхдээ НИТХ төсөвтөө хоёр удаа тодотгол хийж гарсан дүн энэ.
-Түгжрэлийг бууруулах 411.8 тэрбум төгрөгийн эх үүсвэр улсын төсвөөс гарсан уу?
-Улаанбаатар хот улсын төсөвт жил бүр орлого төвлөрүүлдэг байсан. Харин түгжрэлийн шийдэл яригдаж эхэлсэн жилээс “Хотоос орлого авахаа больё. Харин наад хөрөнгөө түгжрэлдээ зарцуулаарай” гэдэг байдлаар улсад төвлөрүүлэх орлогыг бууруулж өгснөөр 411.8 тэрбумын эх үүсвэр гарч ирсэн юм билээ. Бид 2022 оны хөрөнгө оруулалтын төлөвлөлтөөс эхлээд хянаж үзсэн. Ингэхэд тухайн жил арга хэмжээний гуравны нэг нь хэрэгжинэ гэсэн байсан. Тэгэхээр түгжрэлийг бууруулах арга хэмжээний зөвхөн 2022 оны хөрөнгө оруулалтыг үзсэнээр бүрэн дүгнэж болохгүй байсан. Хоёрт, бидэнд тулгарсан нэг асуудал нийслэл 420 тэрбум төгрөг зарцуулаад түгжрэл яг ямар түвшинээс ямар түвшинд хүрэх юм бэ гэдэг үр дүнгээ өөрсдөө тооцоогүй байсан. Энэ хөрөнгийг зарцуулснаар ийм үр дүнд хүрнэ, түгжрэл тэдэн хувиар буурах юм гэсэн тооцоо анхнаасаа байгаагүй.
-Энэ нь өөрөө зөрчил болчихож байна уу?
-Тэгнэ. Үүнээс гадна төсөл арга хэмжээгээ ерөнхий нэршлээр явчихдаг. Төсөв нь цаашдаа юунд зарцуулагдах нь тодорхойгүй. Янз бүрийн ажилд зарцуулагдаж болох эрсдэлтэй. Энэ бол хууль тогтоомжийг зөрчиж байна гэж бидний хувьд үзсэн. Ерөнхий нэршил дотор Яармаг дахь Нутгийн захиргааны ордонд 25 тэрбум төгрөг өгчихсөн байх жишээтэй. Үүнийг төсөвт тусгаагүй байна гэж хэлж болдоггүй их зовлонтой. Бид жил бүр л НИТХ-д уламжилдаг, хариу арга хэмжээ авах нь тун бага.
Мөн зураг төсөвгүй 104 төсөл, арга хэмжээ байсан. Тэгсэн хэрнээ мөнгө нь төсөвт суучихсан. Газрын зөвшөөрөлгүй 47 төсөл арга хэмжээ гэх мэт төлөвлөлтөөсөө эхлээд учир дутагдалтай. Үүний дараа худалдан авах ажиллагааг шалгасан. Хэд хэдэн чиглэлээр зөрчил дутагдал илэрсэн. Шууд гэрээ байгуулдаг, харьцуулалтын аргаар гэрээ байгуулдаг явдал олон гарсан. Худалдан авах ажиллагааны тухай хуулийн 3.4 дэх заалт буюу нууцад 118 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай 43 төсөл арга хэмжээг хамруулж, ямар нэгэн сонгон шалгаруулалт тендергүйгээр зохион байгуулсан.
-Үндэслэл нь хууль ёсных байсан уу?
-Бидэнд үзүүлж байгаа нь ТЕГ-ын албан бичиг л байгаа юм.
-Ямар чиглэлийн ажлууд голдуу нууцад авагдсан байна вэ?
-Янз бүр. Сургууль, цэцэрлэгийн барилга, дотор тохижилт зэрэг ч бий. Сургууль, цэцэрлэг ажиллуулахаар орон сууцны нэгдүгээр давхар, хувь хүмүүсийн объект зэргийг худалдаад авчихсан. Тэдгээр нь стандарт шаардлагаа хангаагүй. Сургууль, цэцэрлэгийн сандал ширээ анх захиалсан стандарт нормоороо байгаагүй зэрэг Нийслэлийн боловсролын газартай холбоотой асуудлууд олон гарсан.
-224 улаан автобусыг 2022 оны нийслэлийн төсвөөс худалдаж авсан. Бүгд ирсэн ч үйлчилгээнд гараагүй. Ямар асуудал байсан юм бэ?
-Яах вэ, тоо ёсоороо бүгд байгаа. Тэр дотроо зарим нэг нь автобус гэхэд техникийн шаардлага хангаагүй. Хөдөлгүүрийн эзлэхүүн 9000сс байх ёстой атал 8400сс байх жишээтэй. Өгсүүр замд явж чадахгүй байна гэдэг үүнтэй холбоотой. Хурдны хайрцаг автомат гэж заасан байхад механик авчихсан. Тоног төхөөрөмж нь дутуу, зөрүүтэй ирсэн олон зүйл байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор Хотын дарга асан Д.Сумъяабазарт гурван удаагийн албан шаардлага хүргүүлж байсан. Хөрөнгө оруулалтын төлөвлөлтөөс эхлээд маш их зөрчил байна. Хариу нь өнгөрсөн арваннэгдүгээр сарын 20-нд ирсэн. Маш хангалтгүй хэрэгжилттэй хариу тайлбар ирсэн. Түүнээс гадна бид энэ асуудлаар өнгөрсөн зургадугаар сард хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн шүү дээ. Үүний цаана хууль тогтоомж зөрчсөн байж болзошгүй гэдэг утгаар хандсан.
-Ногоон автобусны худалдан авалтыг аудит хийх үү?
-Ногоон автобус бол 2023 оны асуудал шүү дээ. Бид ирэх хавар аудит хийх болов уу.
Б.ЭНХЗАЯА