Categories
гадаад мэдээ

Тэрбумтангууд яагаад цомхотгол яриад эхлэв DNN.mn

Дэлхийн тэргүүн тэрбумтан Илон Маск шинэ эзэн болж ажилдаа орсон өдрөөсөө л Твиттерийн захирлуудыг ээлж дараалан халж, захирлуудын зөвлөлийг татан буулгасан. Цаашлаад Твиттер компанийн ажилтнуудын тал орчим хувийг Илон Маск халахаар зэхэж байна гэж өөрсдийн эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр Блүүмберг агентлаг 11 дүгээр сарын гуравны өдөр мэдээлсэн. Твиттер компанид ажилладаг 7.5 мянган хүний 3.7 мянгыг нь ажлаас хална, харин ажилдаа үлдсэн хүмүүсийг гэрээсээ ажиллахыг хориглохоор төлөвлөж байгаа гэсэн. Ингэснээр Илон Маск зардал хэмнэхээр тооцоолж байна гэж эх сурвалж мэдээлжээ. Тэгвэл Марк Цукерберг ажилчидтайгаа уулзах үеэрээ зардлаа бууруулж, тэргүүлэх чиглэлээ өөрчлөхийн тулд шинэ баг ажилд авахыг зогсоож, бүтцийн өөрчлөлт хийснээр корпораци 2023 он гэхэд хамаагүй жижиг болно гэж хэлсэн. Тус компани 2004 онд Фэйсбүүк компанийг үүсгэн байгуулснаас хойш анх удаа ийм арга хэмжээ авч байгаа юм. Шалтгаан нь бас л компанийн орлого буурсантай холбоотой аж. Гүйцэтгэх захирал Цукерберг “Эдийн засгийн нөхцөл байдал тогтворгүй байгаа нь” ийм шийдвэр гаргах шалтгаан болсон гэж үзэн, ажилд авахыг түр зогсооно гэж мэдэгдэв.

Одоо Мета компанид 83.5 мянга гаруй ажилтан ажилладаг аж. Коронавирусийн тахлын үеэр Мета ажилчдынхаа тоог 62 хувиар нэмэгдүүлж, 2019 оны эцэст 48,000 байсан бол 77,800 гаруй ажилтантай болжээ. Метагийн 2022 оны I улирлын орлогын тайланд хүлээгдэж буй 28.2 тэрбум долларын орлогоос 27.91 тэрбум долларын орлого олжээ. Хоёр нийгмийн сүлжээ болон мессенжерийн цэвэр орлого нэгдүгээр улиралд 2021 оны мөн үетэй харьцуулахад 13 хувиар буурч, 11,48 тэрбум ам.доллар болжээ. Хамгийн гол нь 2021 онд 2,96 тэрбум долларын цэвэр алдагдал хүлээсэн байна. Мета компаний хувьцааны үнэ 2022 онд 60 хувиар унасан аж. Энэ бүхэн дэлхийн эдийн засаг хумигдаж байгаа нь Илон Маск, Марк Цукерберг нарыг ч тойрохгүй дайрч, ажилчидаа цомхотгохоос өөр аргагүй байдалд хүргэж байна гэсэн үг болж байна.

Г.Амарсанаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *