Украины Дижитал өөрчлөлтийн сайд Михайл Федоров , “SpaceX” компанийн “Starlink” хиймэл дагуулын интернэт үйлчилгээ ашиглах төхөөрөмж тус улсад ирсэн гэдгийг мэдэгдэв. Михайл Федоров “SpaceX” компанийг үндэслэгч Элон Маскийг тоног төхөөрөмжөөр хангасанд талархал илэрхийлжээ. Украинд болж буй дайнаас үүдэн тус улсын интернэт сүлжээ доголдоод байсан билээ.
Федоров өөрийн твиттер хуудсаар Элон Маскт хандан “Таныг тэнд Ангараг гарагийг “эзлэх” төлөвлөгөө гаргаж байхад энд укрианчууд бид эзлэн түрэмгийлэгчдэд эзлэгдэх гэж байна. Иймээс та эрх чөлөө, тусгаар тогтнол, ардчиллыг дэмжиж өөрийн “Starlink” хиймэл дагуулын системийг бидэнд ашиглуулахыг зөвшөөрөөч” гэж хүссэн юм. Технологийн тэрбумтан Маск өнгөрсөн амралтын өдрүүдээр “Starlink” хиймэл дагуулын интернэт сүлжээний үйлчилгээг ашиглахад Укрианд олон тооны төхөөрөмж хэрэг болно” гэж мэдэгдсэн бөгөөд үүнийгээ ч амжилттай биелүүлсэн байна. Өнөөдөр дэлхийн хамгийн баян хүн болсон Элон Маскийн “Starlink” хиймэл дагуулын интернэт сүлжээ нь хэдэн мянган хиймэл дагуулаас бүтдэг бөгөөд дайсны цэргийн хөдөлгөөнийг байнга ажиглан оновчтой цохилт өгөхөд үнэлж баршгүй дэмжлэг үзүүлэх юм. Харин эсрэгээрээ өөрийн цэргийн холбоог найдвартай хангаж батлан хамгаалах боломжоо эрс нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Үүнийг ганц өгүүлбэрээр тайлбарлавал украинчууд улс орон даяараа маш өндөр хүчин чадалтай камерууд суулгаж бүх зүйлийг харах боломжтой болсон гэсэн үг.
“Starlink” нь олон хиймэл дагуулуудад суурилсан интернэтийн систем бөгөөд “SpaceX”-ийн дэлхийн үйлчилгээний хомсдолтой бүс нутгийн иргэдэд үнэгүй интернэт бий болгох зорилгоор хэрэгжүүлж буй төсөл юм. Энэ нь интернэтийн үйлчилгээ найдваргүй, эсвэл боломжгүй газруудад хамгийн тохиромжтой систем гэсэн үг. Тэрбумтан Илон Маскын “SpaceX” компани нам өндрийн тойрог замд 12.000 ширхэг хиймэл дагуулаас бүрдсэн сүлжээ байгуулж, дэлхийн өнцөг булан бүрт өндөр хурдны интернэт үйлчилгээ үзүүлэхээр ажиллаж байгаа билээ.”Starlink” хэмээн нэрлэж буй энэ төслийн хүрээнд дэлхийн тойрог замд нийт 700 гаруй хиймэл дагуултай болсны дараа анхны туршилтаа явуулсан юм. Энэхүү интернэт холболтын эхний туршилтын үр дүнд үүсээд байгаа сүлжээ нь 100 Mbps хурдтай үйлчилгээ үзүүлж чадаж байгааг “SpaceX” компани албан ёсоор олон нийтэд зарласан. Энэ нь хамгийн хурдтай онлайн тоглоомыг тоглох, хэд хэдэн HD киног зэрэг үзэхэд хангалттай өндөр хурд юм. Үүнээс гадна өнгөрсөн зун “SpaceX” компани эдгээр хиймэл дагуулуудаа хооронд нь “сансрын лазер”-ын технологиор холбож туршсан нь амжилттай болсныг мэдээлсэн. Starlink төслийн хүрээнд одоогоор 2000 орчим хиймэл дагуулыг дэлхийн нам өндрийн тойрог замд байрлуулаад байна. Хэрэглэгч эдгээр хиймэл дагуулуудтай тусгай терминалаар холбогдож, дэлхийн хаанаас ч өндөр хурдны интернэт хэрэглэх боломжтой болоод байгаа юм. Өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар “Starlink” төсөл 145000 орчим хэрэглэгчтэй болсон байна. “Starlink” төсөл хиймэл дагуулуудынхаа тоог нэмэхийн хэрээр дэлхийн бүс нутгуудад үйлчилгээгээ шат дараатай нээх юм. Анх “Starlink” төслийг эхлүүлж байхдаа гигабитээр хэмжигдэх хурдтай үйлчилгээ үзүүлнэ гэж Илон Маск амлаж байв. Тойрог зам дахь хиймэл дагуулуудын тоо 4400-гаас дээш гарсан тохиолдолд ийм хэмжээний хурд үзүүлж чадна гэж компанийн зүгээс тайлбарласан. Газарт байгаа хэрэглэгч уг интернэттэй холбогдохдоо бага оврын тавган антенн ашигладаг юм.
Уг антенныг Илон Маск “савааны үзүүрт бэхэлсэн UFO” шиг зүйл хэмээн дүрслэн ярьж байв. Үүний дараа уг туршилтыг гүйцэтгэсэн “SpaceX”-ийн ажилтнууд антенны зургийг олон нийтэд харуулсан юм. Энэ нь шовгор үзүүргүй л болохоос манай малчдын гэрийн гадаа байгаа тавган антеннтай яг адилхан антенн байсан билээ. Өнөөдөр дэлхийн хүмүүсийн 50% нь интернэтэд холбогдоогүй хэвээр байгаа нь “SpaceX” яагаад ийм сүлжээ бий болгох гээд байгааг бидэнд ойлгуулж байгаа хэрэг. Энэ сүлжээг бүтээхэд 10 тэрбум еврогоос илүү өртөг орох ч “SpaceX” 2030 он гэхэд “Starlink”-ээс жилд 2025 тэрбум евро олох тооцоо гараад байгаа юм. Энэ нь сүлжээгээ үнэгүй, эсвэл үнэгүй шахам ашиглуулж дэлхийн бүх хүнд хүрэх реклам болон бусад дагавар үйлчилгээнээс орлого олно гэсэн үг.