Categories
мэдээ эдийн-засаг

Тэрбумын хөрөнгөтэй Засаг дарга төсвийн мөнгөөр байр авчээ

Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг 2013 оны төсвийг тодотгохдоо шинэчлэл хийж, тансаглалыг танасан хэмээн онцолсон. Гэсэн ч энэ үед засаг ноёд хэрхэн тансаглаж байсны  жишээг иш татах гэсэн юм. Дархан-Уул аймгийн  Засаг дарга С.Насанбат төсвийн мөнгөнөөс 70 сая төгрөг гаргуулан, дөрвөн өрөө орон сууц Дарханы төвд авсан байна.  Мөн ондоо тэрбээр албан хэрэгцээндээ машин худалдаж авахад зориулан 153  сая төгрөгийг гаргуулахаар татвар төлөгчдийн халаас руу гараа шургуулав.  Дархан-Уул аймгийн иргэн О.Гэрэлмаа  Засаг даргаа дээрх шалтгаанаар  Авлигатай тэмцэх газарт өгсөн юм билээ.
Авлигатай тэмцэх газраас иргэн О.Гэрэлмаад ирүүлсэн хариудаа “Танаас гаргасан гэмт хэргийн шинжтэй мэдээллийг хянан үзэх явцад С.Насанбат… нь албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан хэтрүүлэх, хээл хахууль өгөх авах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдохгүй байх тул таны гаргасан мэдээлэлд … эрүүгийн хэрэг үүсгэхээс  татгалзав” гэжээ.  Хуулийн хүрээнд үйлдэгдсэн дээрх тансаглал АТГ-т хэрэг үүсгэх шалтгаан болохгүй байж болох ч эдийн засгийн хямралд өртөж, өрхийн төсөвтөө өдөр бүр таналт хийж, хэрэглээгээ хасч байгаа жирийн иргэний хувьд хүлээн зөвшөөрөх аргагүй жишиг.
Албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэг нийтэд цацагдсаны дараа хэвлэлийнхэн тэрбумтан Засаг дарга нарыг зарласан агаад Дарханы Засаг дарга айргийн тавд жагссан билээ.  С.Насанбат дарга өрхийн төсвөөсөө нэг их танахгүйгээр хадгаламжийн дансан дахь 379 сая 178 мянган төгрөгөөсөө   байр авчих бэлтэй эр. Гэсэн ч тэр ядуу  төсвөөсөө  орон сууцныхаа үнийг гаргуулахаас санаа  зовсонгүй.  Ингэхэд Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг төсвийн тансаглалыг танах тухай PR-дахын өмнө тэрбумтнуудад хуулийн хүрээнд тансаглах боломж олгосоор буй Засгийн газрын элдэв хуучирсан тогтоолуудаа эргэж хармаар юм.
Төрийн алба хашиж байгаа албан тушаалтнуудыг төр байраар хангаж болно л доо. Хэрэв С.Насанбатын оронд хэн нэгэн багш, эмч, зохиолч байсан бол төрийн мөнгөөр байр авч өгөхөд хачирхах юмгүй. Харин С.Насанбат төсвийн мөнгийг хэмнэсэн бол  ёс зүйтэй харагдах л байсан.
Засаг даргад автомашин худалдаж авахдаа гул барьсан Засгийн газрын тогтоол байдаг нь  2011 оных. Харшил хөдлөхөөр шог заалт энд бас байна аа. Засгийн газрын 233 дугаар тогтоолд  “Төр засгийн үйлчилгээний  авто баазын  талаар авах зарим арга хэмжээний тухай”  тогтоолын дөрөвдүгээрт  Засгийн газрын гишүүн болон  түүнтэй адилтгах албан тушаалтны хэрэгцээнд  үйлчилж байгаа  автомашины нормыг 100 мянган км-ээр тогтоож, дөрвөн жил тутам шинэчлэх арга хэмжээ авч байсугай” гэжээ.  Нийтийн тээврийн автобус 12 жил “гүйх” стандарттай байдаг.   Засаг дарга нар ямар саранпай юм унав л  гэж. Өмнөх даргынх нь машин боломжийн унаа  байсан нь тодорхой. Гэтэл дарга нар дөрвөн жил тутам машинаа сольж тансаглах нь төсвийн мөнгийг үрэлгэн зарцуулж буйн тод жишээ. Тэдний машиныг дөрвөн жил тутам сольдоггүй бол нийслэлийн нийтийн тээврийн хөгшин автобуснуудыг шинэчлэх  хэмжээний мөнгө хэмнэгдэх л байлаа. Ядаж байхад  дарга нар хямдхан тэрэг сонгох биш. Зах зээлийн ханшаас дээгүүр үнээр л машинтай болно шүү дээ.
Дархан-Уул аймагт ийнхүү тэрбумтан Засаг ноёноо татвар төлөгчдийн мөнгөөр эрхлүүлж байхад аудитын газар нь хориглосонгүй.  Аймгийн иргэдийн хурлын  төлөөлөгчид нь ч төсвийн мөнгийг хэмнэх талаар сануулсангүй.  Дарханд МАН ээлж халаагүй засаг барьсан болохоор  албан тушаалтны хэргийн  мэдээлэл  дарагдаад өнгөрөх нь олонтаа.    Дархан-Уул аймагт төрийн данснаас 430 сая төгрөг  шамшигдуулсан хэрэг гарч байхад  дарханчууд бараг л мэдээгүй өнгөрсөн. Орон нутгийн мэдээллийн хэрэгслүүдээр  энэ хэргийн шүүх ажиллагааг дурдаа ч үгүй.  Д.Хаянхярваа гишүүнийг Засаг дарга байх үед тус аймгийн  Төрийн сангийн даргаар ажиллаж байсан Э.Наранбаатар, аймгийн Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан Д.Нямхүү нар төсвийн мөнгийг завшиж, энэ хэрэгтээ аймгийн цэцэрлэг, сургуулийн эрхлэгчид, нягтлан бодох нарыг  хутгах дөхсөн билээ.  С.Насанбатын хуулийн хүрээн дэх тансаглалын зах зухаас дурдахад л ийм. Илүү ноцтой хэрэг гарсан ч байсан олон нийт хэзээ хойно мэдэх байх даа.
Иймэрхүү нөхцөлд иргэний аудит  найдвар төрүүлнэ.  Шилэн данстай хамт иргэдийн аудит гэсэн нэр томъёо Монголын нийгэмд орж ирсэн юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шилэн дансны тухай хууль оруулж ирэхэд УИХ  дургүйд хүчгүй гэдэг шиг л юм болсон.  Шилэн данс  гэж юу байдаг юм гэх мэтээр Ц.Нямдорж мэтийн хашрууд нь гоочлоод, хуулийн төслийг нь буцаачихсан. Шилэн данстай болсноор төсвөөс санхүүждэг  төрийн байгууллага, орон нутгийн өмчит  аж ахуйн нэгжийн төсөв, орлого зарлага нь бүгд  нээлттэй болох юм. Төсвийн гүйлгээ хийсний дараа 72 цагийн дотор  төсвийн мөнгө хаана юунд орсныг хүссэн хэн бүхэн тухайн байгууллагын цахим хаягаар орж “Шилэн данс” хэсгээс хардаг болох хуулийн төсөл яваа.  Мэдээллээ хугацаанд нь тавиагүй албан тушаалтныг ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авах юм билээ. Албан тушаалтнуудын тансаглалд цэг тавих хуулийн орчин үгүйлэгдэж байна. Уг нь тэд хуулийн хүрээнд ч тансаглах эрхгүй шүү дээ.

Б.Янжмаа  

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *