Чилийн өмнөд нутаг яргай загас нутагшуулах өндөр боломжтойг иргэд нь олж харж чадсанаар өдгөө тэр хавь яргай загасны фермүүдийн гол нутаг болжээ. (Эх сурвалж: SalmonChili)
Яргай загасгүй Чили дэлхийн яргай загасны зах зээлийг атгаж, экспортоосоо жилд гурван тэрбум ам.доллар олж байна. Чилийн энэ тэсрэлтийг дэлхийд billion dollar industry гэж тодотгодог. Монгол хэлнээ хөрвүүлбэл тэрбум долларын эдийн засаг гэсэн утга гарч ирнэ. Тэрбум долларын салбар нэг л босчихсон бол өөрийгөө улам хөгжүүлээд явчихдаг онцлогтой учраас Чилийн яргай загасны аж үйлдвэрийн салбар 2007-2009 оны бактерийн хямралаа давж, шинэ стандартуудыг нэвтрүүлж, шинэ инновациудыг бий болгон хөгжиж байна.Тэрбум долларын эдийн засгийг босгож ирдэг арга, менежмэнт цэнхэр гаригийн улс орнуудад хэдийнэ бий болсон тухай ярихаас өмнө яргай загасгүй Чили хэрхэн яаж яргай загасны зах зээлийн гол тоглогч болсон түүхийг сонирхъё.
Андын нуруу даган сунасан Чилийн нутгийн Антарктид тив рүү ойртсон өмнөд хэсгийн байгаль, цаг уур “Яргай загасны эх орон” гэгддэг Норвегийнхтой төстэй болохыг чиличүүд анзаарч л дээ. Гаднаас яргай загас авчран нутагшуулж, үржүүлж эхэлсэн түүх нь ердөө энэ. Байгаль цаг уурын нөхцөл төстэйг анзаарч шинэ төрлийн загас үржүүлээд дэлхийгээс валют олох боломжтойг олж харсан иргэдийнх нь оролдлогоос эхэлсэн бизнес Чилийг тэрбум, тэрбум ам.долларын экспорт хийхэд хүргэсэн юм. Хэсэг иргэд боломжийг олж хараад хөдөллөө ч хөрөнгө оруулалт, бодлогын дэмжлэггүй тохиолдолд дэлхийн бизнес болж хөгжих аргагүй. Иргэдийнх нь энэ оролдлого эдийн засгийн шинэ салбар бий болгохыг хүсч зорьсон Засгийн газрынх нь бодлоготой нийлсэн учраас яргай загасны фермийн аж ахуй бий болгох судалгаа, хөрөнгө оруулалт асуудалгүй шийдэгджээ.
Ингээд л фермд үржүүлсэн яргай загас хэмээх шинэ бизнес дэлхийд давамгайлах болж. Чили өдгөө яргай загасны экспортоороо Норвегийн дараа хоёрт жагсдаг. 2003 оноос хойш дэлхийн яргай загасны хэрэглээний 34 хувийг хангаж байгаа. Бидний зэсийн зах зээлийн голлох тоглогч гэдгээр нь андахгүй Чили улс энэ бизнест орж ирсэнээр яргай загасны бизнес загварыг 180 градус өөрчилсөн юм. Өмнө нь дэлхийн зах зээл дээр нийлүүлэгддэг яргай загасны 70 хувь нь байгалийн, 30 хувь нь фермийнх байснаас гадна жилд нэг сая хүрэхгүй тоннын нийлүүлэлттэй байв. Гэтэл яргай загасны зах зээлийн өнөөдрийн зураг нь тэс ондоо. Өдгөө дэлхийн яргай загасны зах зээлийн 70 хувийг фермд үржүүлсэн загас эзэлж байна. Үлдсэн 30 хувь нь байгалийнх.
Тэрбум ам.долларын экспортын салбар бий болгох бодлогын үр дүнд чили виноны экспорт өдгөө дэлхийд тавд эрэмбэлэгдэж байна. Монголчуудын амтархан уудаг дарсны нэгд Чилийн вино зүй ёсоор багтдаг. (Эх сурвалж http://www.worldstopexports.com/chiles-top-10-exports/)
Чилийн экспортод тэрбум ам.доллар давсан бүтээгдэхүүн олон бий. Зэс, загас, жимс, самар, мод, вино зэргийг дурдаж болно. Экспортын орлогоороо аравт жагссан махны тухайд тэрбум ам.доллар хараахан хүрээгүй байна. Гэхдээ Чилийн Засгийн газар махны экспортоо тэрбум ам.долларт хүргэх бодлого бариад эхэлчихсэн. (Эх сурвалж: http://www.worldstopexports.com/chiles-top-10-exports\)
Нэг сая тонн ч хүрдэггүй байсан зах зээлийн өнөөгийн хэмжээ гурван сая тонноор яригдаж байна.
Чилийн яргай загасны аж үйлдвэрийн салбарт 30 мянган хүн ажил эрхэлдэг. Эдийн засгаа солонгоруулж, уул уурхайгаас хамаарах хамаарлаа бууруулах тухай яриа Чилид аль эрт 1930-аад оноос өрнөсөн түүхтэй. Энэ яриа нь 80-аад оноос бодитой ажил болж үр дүнгээ өгч эхэлсэн юм. Дахин онцлоход яргай загасны экспорт Чилид жилд ойролцоогоор гурван тэрбум доллар оруулдаг, billion dollar industry болоод буй. 300 гаруй жилийн түүхтэй Чили вино гэнэтхэн л 1980-аад оноос дэлхийн зах зээлд нэвтэрч, 2017 оны байдлаар дэлхийд тавд жагсаж, хоёр тэрбум америк долларын экспорт хийж байгаа нь мөн л Чилийн эдийн засгийг солонгоруулах бодлого, уул уурхайгаас орж ирсэн мөнгийг энэ салбарын хөгжилд цутгасаны үр дүн гэгддэг.
Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр Монгол Улсын Засгийн газраас Гурван тулгуурт хөгжлийн бодлогодоо олон нийтийн анхаарлыг хандуулахад чиглэсэн форум зохиосныг олон нийт санаж байгаа байх. Бидний хувьд форумын гол фокус нь хөдөө аж ахуйн салбар хуралдаан байсан юм. Эдийн засгийн бодлогын реформын тулгын гурван чулуу болох уул уурхай-хүнд үйлдвэр, хөдөө аж ахуй-хөнгөн үйлдвэр, худалдаа аялал жуулчлал дэд бүтцийн салбарууд хоорондын уялдааг засаг яаж харж байгаа нь сонирхол татсан хэрэг л дээ. Тэр хуралдааны үеэр ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг салбартаа хувьсгал хийнэ гэж тунхаглаж байв. Сайдын хэлээд буй хувьсгалыг тухайн үед хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр дотоодоо хангаад, илүү гарсныг нь гадагш экспортлох юм байна гэж ойлгоод өнгөрсөн юм. Хөдөө аж ахуйн салбарт хийх хувьсгалын тухай яриа сүүлдээ махны экспортод тулгарсан асуудал, газар тариалангийн болон мал аж ахуйн бүс нутгаа зааглах шалтгаан гэх мэт өнөө л форум бүр дээр ярьдаг түмэн бэрхшээл рүү халтирсан учраас өөр нарийн гарц гаргалгаа олж хараагүй билээ. Гэхдээ салбар хуралдаанд нэг сонирхолтой панелист харагдсан. Гадны улсын Засгийн газрын дэмжлэгтэй төслөөр 10 орчим жил зүтгэсний эцэст сарлагийн ноолуур билүү, хөөврийг экспортын бүтээгдхүүн болгосон туршлагаа ярьсан нь содон, шинэ сонсогдсоныг онцолъё. Тэр хүн одоогоор жилдээ гурван сая долларын экспорт хийдэг болсон гэж ярьсан нь салбар хуралдааны үеэр сонссон цорын ганц сонирхолтой жишээ байсан юм.
Нийтлэлийнхээ эхэнд Чилийг онцолсон нь цаанаа нарийн учиртай. Тэдний явсан зам бидний одоогийн явж буй зам ерөнхийдөө давхцаж байснаас гадна Чилийн хөгжлийн явцдаа туулсан зам нь баларч амжаагүй байна. Канад, Австрали хэдийгээр уул уурхай өндөр хөгжсөн орнууд боловч анхнаасаа чөлөөт зах зээлийн системтэй учраас Монголын уул уурхайн салбартай шууд харьцуулаад харчихаж болдоггүй. Чилийн өнөөгийн эдийн засгийн хөгжил нь нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээр 22000 орчим ам доллар. Манай улсын Тогтвортой хөгжлийн бодлого 2030-д тавьсан зорилт болох 18000 ам доллараас ялимгүй илүү гэсэн үг. Эндээс цаашлуулаад ухахаар 2032 он орчмын бидний төсөөлж буй Монгол Улсын хөгжил өнөөгийн Чилийн хөгжил хоёр дүйх бололтой харагдаж байна. Б.Батзориг сайдын хуралд сууж байхад Чилийн хэрэгжүүлж буй бодлого, эдийн засгаа олон тулгууртай болгох төлөвлөгөөний амжилттай шийдлүүд, A Billion Dollar Industry буюу тэрбум давсан долларын экспорт хийх бизнесүүдийг босгож ирж буй тогтолцоо, туршлага өөрийн эрхгүй санаанд бууж байсан юм.
Чилийн яргай загасны экспорт Норвегийн дараа дэлхийд хоёрт ордог.
Өдгөө олон улсад “Тэрбум долларын эдийн засаг”-ийг босгож ирдэг арга, менежмэнт нэгэнт бий болчихсон. Эдийн засагт тэрбум долларын орлого авч ирэх шинэ бизнесийг босгодог Чилийн жор гэхэд л юун түрүүн уул уурхайн салбартаа суурилдаг. Чилийн зэсийн экспорт 17 тэрбум, бусад ашигт малтмалын экспорт нь 17 тэрбумаар хэмжигддэг. Тодруулж хэлбэл Чили улс уул уурхайгаасаа жилд 34 тэрбум ам доллар олдог. Уул уурхайн орлогынхоо тодорхой хувиар санхүүжүүлж байгуулсан Fundación Chile хэмээх байгууллага тус улсын хөгжилд онцгой үүрэгтэй ажилладаг. Fundación Chile бол инновацилаг төслүүдэд хөрөнгө оруулах венчур хөрөнгө оруулагчдыг олох, улсад үнэ цэнэ бий болгох шинэ бизнес моделиуд боловсруулж, технологи дамжуулах үйл явцыг дэмжих үүрэгтэй байгууллага. Дэмжиж хамтарсан старт ап компанийнх нь үйл ажиллагаа тогтворжтол тулж түшиж, чиглүүлж зүглүүлэх гол зарчим Fundación Chile-д үйлчилдэг. Өнөө компани нь хөл дээрээ зогсонгуут харин төсөл дэх хувь эзэмшлээ зарж, дараагийн төслүүдэд хөрөнгө оруулдаг.
Тус байгууллагын хамгийн амжилттай хэрэгжсэн төслүүдийнх нь нэг бол нийтлэлийн эхэнд дурдагдсан яргай загас. Тэд улсынхаа өмнөд нутагт яргай загас үржүүлэх тусгай технологи боловсруулж, үүн дээрээ Норвегийн яргай загас үржүүлэх технологийг нэмж нутагшуулж илүү төгөлдөржүүлсэн юм. Ингэж ажилласны эцэст Чилийн яргай дэлхийд гарч ирснээс гадна Fundación Chile энэ технологио япончуудад өндөр үнээр зарсан байдаг. Товчхондоо Fundación Chile бол экспортын шинэ боломжийг олж нээдэг “инновацилаг институт”. Тус сан яргай загаснаас гадна нэрс жимсний экспортын салбар зэрэг олон чиглэл гаргаж ирснийг түүхээс нь харж болно.
Засгаас зохион байгуулсан форумын хөдөө аж ахуйн салбар хуралдаанд Б.Батзориг сайдын урилгаар ирж мэдээлэл өгсөн ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дарга В.Энхболдын хэлж байгаагаар өнөөдөр манай улсын нийт экспорт 6.2 тэрбум ам доллар, үүний зургаан тэрбум нь уул уурхайн бүтээгдэхүүн юм байна. Үлдэж буй 200 сая долларыг нь хөдөө аж ахуй, газар тариалан, мал мах, ноос, ноолуур хамаг бүхнээ хамж шимж зараад дэлхийгээс олж ирдэг аж.
Эндээс анзаарахад Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх бодлого бол ерөөсөө л экспортын бодлого. Бүр тодруулж хэлбэл экспортоо төрөлжүүлэх бодлого болж таарч байна. Тэрбум долларын эдийн засаг шинээр босгож ирдэг Чилийн туршлагаас харахад олон юмыг хамж шимээд тэрбум доллар хүргэх гэж зүтгэх биш нэг бүтээгдэхүүн, нэг төрлийн малыг ч юмуу барьж аваад, түүн дээрээ фокуслаж инновацилаг, шинэ бизнес модельд тулгуурласан экспортын бүтээгдэхүүн гаргах чиглэлд анхаарч, сэтгэлгээндээ өөрчлөлт хийх цаг ирчихэж. Тэгэхээр юуны түрүүнд Fundación Chile -ийн Монгол хувилбарыг байгуулъя. Тэр байгууллагаа тэрбум доллар доллар босгох үйл явцын гал тогоо болгомоор байна. Тэрбум долларын салбар босгож ирэх “Гал тогоо”-гоо галаар таслахгүй байхын тулд харин уул уурхайн салбар нь одоогийн зургаан тэрбумын экспортоо хэд дахин нэмэгдүүлж, магадгүй 20 тэрбумын экспорт хийдэг салбар болж хүчирхэгжих хэрэгтэй байна.
Сүүлийн үеийн мэдээ гэвэл Чили дараагийн тэрбум долларын салбар руугаа зүтгэж байна. Үхрийн мах, стейкний экспортын чиглэлээр том ажил эхлүүлсэн тухай мэдээлэл хөвөрч буй. Fundación Chile 2025 он гэхэд Чилиэс дэлхийд экспорт хийдэг 250 уул уурхайн ханган нийлүүлэгч төрүүлэхээр зориод эхэлчихсэн. Тэгэхээр уул уурхайд үйлчилгээ үзүүлдэг салбар нь хүртэл тэрбум долларын экспорт хийдэг салбар болж гарч ирэх бололтой.
Fundación Chile-ээс ч илүү амбицтай 2010 онд эхлэлээ тавьсан Start-Up Chile төслийг онцлохгүй өнгөрч болохгүй. Төсөл эхэлснээсээ хойш дэлхийн 79 орны энтерпренерүүдийг Чилийн нийслэл Сантьягод цуглуулаад байна. Сантьяго өдгөө энтерпренерүүдийн төв болсон нь чиличүүд болон дэлхийн технологи сонирхогчдын гайхлыг төрүүлсэн итгэмээргүй ч гэсэн үнэн бодитой явдал болоод байгаа юм. Start-Up Chile 2010 онд нээлтээ хийснээс хойш 1300 гаруй жижиг бизнесүүдтэй хамтран ажиллаад байна.
Төсвөөс санхүүжүүлдэг Засгийн газрын уг хөтөлбөрийг дэлхийн 50 гаруй улсад хуулбарлан авч хэрэгжүүлээд эхэлчихсэн. Лондонгийн Эдийн засгийн сургууль дахь Innovation Co-creation Lab-ийн орлогч захирал Christian Busch “Start-Up Chile-ийн анхдагч санаачилгыг олон улсад тун таатайгаар хүлээн авч хэн бүхэн яриандаа байнга дурддаг болсон” хэмээн онцолсон удаатай. Энэ санаачилгыг анх тухайн үед Чилийн Засгийн газрын энтерпренер шип, инновацийн зөвлөх асан, бизнес эрхлэгч Николас Шеа гаргасан түүхтэй. Хөтөлбөрт ирээдүйтэй бизнес санааг шалгаруулан авч санаачлагчид нь ямар нэг барьцаагүй 10 сая чили песо болон түүнээс дээш хэмжээний санхүүжилт өгдөг. Үүнээс гадна Чилид ажиллах нэг жилийн хугацаатай виз олгодог юм. Christian Busch энэ ажлыг “Чили улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг хурдасгах зорилготой санаачилга” хэмээн олзуурхан дүгнэж байна.
QMC группын захирал М.Дагватай хамтран бичив.