Categories
мэдээ улс-төр

“Тэнгэрийн зам”, “Дүүжин тээвэр” төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Алсын хараа-2050”, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгасан “Тэнгэрийн зам”, “Дүүжин тээвэр” төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ. Энэхүү шийдвэрийг ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан сэтгүүлчдэд мэдэээв.

“Хотын зам” компанийн судалгаа, шинжилгээнд тулгуурлан нийслэлийн А бүсэд 6-12 метрийн өндөрт 10 гаруй км урт, хоёр урсгал, дөрвөн эгнээтэй, төлбөртэй, 27 орох, гарах цэгтэй зам барих “Тэнгэрийн тойрог” төслийг хэрэгжүүлэх болжээ. Замыг Сансарын аюулгүйн тойрог-Зүүн 4 зам-Нарантуул-Дүнжингарав-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Хан-Уул дүүрэг-Нарны гүүр-Баруун 4 зам-Гэсэр сүм-100 айл-Сансарын тойрог гэсэн чиглэлээр барих аж. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр автозамын түгжрэл 46.5 хувиар, агаарын бохирдол 20 хувь буурна хэмээн тооцсон гэдгийг ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэв.

Тэрбээр, “800 сая ам.доллараар тавих энэхүү зам замаар зорчих нийтийн тээврийн хэрэгсэл бүрээс нэг ам.долларын төлбөр авахад зургаан жилийн дотор санхүүжилтээ нөхөх боломжтой. Төслийг зураг төсөл боловсруулах, зам тавих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэй, 25 жилийн хугацаатай концессын гэрээгээр барих юм” гэлээ. Төслийг 2-3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх боломжтой гэсэн тооцоолол байгаа” гэлээ.

Нью-Йорк, Москва, Анкара зэрэг томоохон хотод хэрэглэж буй “Дүүжин тээвэр” төслийг Олон улсын хөгжлийн ассоциацийн 60.7 сая еврогийн зээлээр хэрэгжүүлнэ. “Дүүжин тээвэр” нь Баянхошууны уулзвар-Ханын материал-3, 4 дүгээр хорооллын эцэс буюу 4.9 км зорчих юм. Нэг удаа 8-10 хүн тээвэрлэх боломжтой энэхүү тээврээр өдөрт 22 мянган хүн зорчино хэмээн тооцжээ. Төслийг хэрэгжүүлэх зээл 40 жилийн хугацаатай, жилд 0.76 хувийн хүүтэй юм. Энэхүү төслийн төлөвлөлт, ТЭЗҮ-г НЗДТГ-т хийж байгааг ЗТХ-ийн сайд дурдлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *