Дэлхий нийтийг цар тахал нөмөрсөн, айдас хүйдэстэй хорио цээрийн энэ үед сэтгэл сүлсэн гэгээн сайхан бүтээлийн тухай богинохон атугай ч хүргэхийг бодлоо. Тэр нь Дамдинсүрэнгийн Урианхайн “Мөнхийн шалтгаан” шүлэг юмсан. Урианхай ахтай олон чиг уул давааг хамт давж бүлээн дулаан үгийг нь сонсч, зөөлөн тунгалаг царайг нь харж явна. Эдүгээгээс арван хоёр жилийн өмнө эх орныхоо баруун хилийг тойрч тэнгэрийн хаяа мөрлөн зогсож буй хэдэн бор цэрэгтээ шүлгээ дуудаж явсан сан. Ховдын Булганы Гурван хүүхдийн заставт шөнө оройхон очиж сарны гэрэлд шүлгээ уншсан үдшийн сайхныг хэлээд яанам.
Байтагийн уулсаас салхилсан баруун зүгийн салхин их найрагчийн буурал үсийг илбээд сарны мөнгөн туяанд сахал үс нь улмаа мөнгөрөн гэрэлтээд
“Тэнгэрийн тунгалаг зэрэглээнд болжмор жиргэж л байвал би амьд явна
Тэр шувуунд би хачин их хайртай
Тэртээ уулын хормойд ой шуугьж л байвал би амьд явна
Тэр эгшигэнд би хачин их хайртай
Хайраар би амьдардаг аа…” хэмээн уншихад нь сэтгэл санаа цэлмээд, ёстой л нэг зүрхэнд хайр дүүрээд ирдэг сэн. Үг бүрийнх нь цаана тийм гэж хэлэхийн аргагүй амар амгалан, монгол хүмүүний амьдралын сайхан, утга төгөлдөр өнгө зохирол харагддаг.
“…Хаврын үдэш гадаа бороо шивэрч л байвал би амьд явна
Тэр шивнээнд би хачин их хайртай
Харц хөлчингө амраг цээж налаад сууж л байвал би амьд явна
Тэр амьсгаанд би хачин их хайртай
Аялгуу содон монгол хэлээр хүмүүс ярьж л байвал би амьд явна
Тэр хэлэнд би хачин их хайртай
Ариун нь мөнх Монголоор дэлхий дутаж л байвал би амьд явна
Тэр оронд би хачин их хайртай” тийм ээ, бид чинь ийм л гэгээн сайхан ард түмэн. Урин хавар гадаа налайж, голын ус цөнгөө түрэн удахгүй усны шувууд ганганаад ирнэ. Хаврын зөөлөн бороо шивэрч нэг л мэдэх нь ээ модод гөлөглөөд хүн бүхэнд орчлон дэлхий шинэ юм шиг санагдан, амьдрах урам зориг улам бадраад ирнэм бус уу.