Театрууд шинэ
улирлын тоглолтоо ирэх аравдугаар сарын эхээр нээнэ. ДБЭТ аравдугаар сарын 10,
11-ний өдрүүдэд Ж.Вердийн “Аида” дууриар тоглолтоо нээж арваннэгдүгээр сарын
нэгний өдөр А.Аданы “Жизель” балетаар эхний сарын тоглолтоо өндөрлөхийг өмнө
мэдээлсэн. Харин УДЭТ найруулагч төрийн соёрхолт Н.Наранбаатар, зохиолч
Б.Цогнэмэх нарын “Тэнгэрийн хүү” жүжгээр аравдугаар сарын хоёрны өдөр нээж,
сарын турш түүхэн жүжиг үзүүлэх юм байна. Б.Цогнэмэхийн жүжгийг аравдугаар
сарын 2-4-ний өдрүүдэд тоглох нь. “Түүхэн жүжгийн сар” нэрийн дор, дараагийн
жүжиг төрийн шагналт Д.Намдагийн “Оролмаа эх” жүжиг байна. Энэ жүжгийг
аравдугаар сарын 9,10-ны өдрүүдэд тоглох бол С.Жаргалсайханы “Тэмүүжин” жүжгийг
хүүхэд залууст зориулан мөн 10-ны өдөр, найруулагч Ч.Найдандорж, ардын уран
зохиолч Б.Лхагвасүрэн нарын “Тамгагүй төр” эмгэнэлт жүжгийг аравдугаар сарын
16-18-нд гурван өдөр дараалан тоглохоор болжээ. Үүгээр УДЭТ-ын ирэх сарын
тоглолт өндөрлөж байна. Тус театр энэ онд Б.Цогнэмэхийн зохиолоор “Үнэний хаан
Будда” нэртэй шинэ жүжиг тавихаар төлөвлөсөн ч санхүүжилтгүйн улмаас
хойшлуулжээ. Харин У.Шекспирийн “Ромео,
Жульетта” жүжгийг найруулагч төрийн соёлхолт Н.Наранбаатар шинээр тавих гэж
байгаагаа өмнө мэдээлж байв. Энэ жүжгийг ирэх арваннэгдүгээр сард үзэгчдэд
хүргэхээр төлөвлөжээ. Гэхдээ анхны тоглолтын тов одоогоор гараагүй байна. Дэлхийн сонгодог драмын жүжиг дэх үнэнч хайр
дурлалын бэлгэдэл болох “Ромео Жульетта” эмгэнэлт жүжгийг өмнө нь найруулагч
Ч.Найдандорж 1996 онд найруулан тавьж байв. Энэ нь УДЭТ-ын урын сан дахь уг
жүжгийн хоёр дахь шинэчилсэн найруулга юм. “Ромео Жульетта хоёр”-ыг анх
С.Гэндэн найруулагч 1966 онд тавьсан байдаг.
1996 оны
шинэчилсэн тавилтад гавьяат жүжигчин И.Одончимэг, Н.Урнаа нар Жульеттад, Ромеод
О.Гэрэлсүх, Меркуциод Г.Онон, Тебальдад
Л.Дэмидбаатар нар тоглож байв. Ерээд оны Ромео, Жульетта болох О.Гэрэлсүх,
И.Одончимэг нарын тоглолт үзэгчдийн сэтгэлд одоо ч тодхон байна. Л. Дэмидбаатар
ямар гоё Тебальд байсан нь мөн үзэгчдийн сэтгэлд зурагдан үлджээ. Ерэн хэдэн
оны залуус энэ жүжиг рүү цувж, нээлтийн хоёр өдрийн тоглолт танхимд багтахгүй
шахам дүүрэн үзэгчтэй байв. Уламжлалт сонгодог зарчмаа ёсчлон баримталсан
Найдандоржийн “Ромео Жульетта”-гаар шинэ үеийн үзэгчид Шекспирийг хүлээж авч
байлаа.
“Тэнгэрийн
хүү”
УДЭТ
Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” жүжгээр өнгөрсөн жил бас өвөл цагийн тоглолтоо
нээсэн. Хүннү гүрний түүхийг өгүүлэх замаар төр улсын мандал буурлын учир
шалтгааныг хөндөж буй энэ жүжгээр тус театр шинэ цагийн өнгө төрхөө тодорхойлж
байх шиг. Найруулагч Н.Наранбаатарын 2011 онд анх тайзнаа тавьсан “Тэнгэрийн
хүү” жүжгийн үйл явдал, Хүннүгийн хунтайж Модун өмнө зүгийг тохинуулаад эргэн
ирэхэд өрнө зүгийн Кушан улс улсын хилд халдаж, баатар эрсийг хөнөөсөн байжээ.
Ужид цэнгэлд автаж, төр улс нь доройтсонд Модун хаан эцгээ зэмлэн буруушааж
байгаагаар эхэлнэ. Түмэн хааны бага хатан Шунхуй, авга Лүүсүү ван нар үгсэн
хуйвалдаж, Түмэн хаан Модуныг Кушан улс руу барьцаа болгон илгээхээр шийджээ.
Модун “Төрийн төлөө амиа хайрлахгүй” хэмээн барьцаанд очихыг зөвшөөрнө. Модун
барьцаанаас оргож, дайснаа дарж, өст Кушан, Хан улсуудыг цохин доройтуулж, Хүн
гүрний сүр хүчийг өндөрт залснаар жүжиг өндөрлөж байна. Зохиолчийн эх зохиолд
Модун амь эрсдэж жүжиг төгсдөг ч найруулагч Н.Наранбаатар “Хүннү гүрний 2220
жилийн ой тохиож байгаа энэ бэлгэдэлтэй жил Модуныг үхүүлж төгсгөөд хэрэггүй.
Том гүрнийг байгуулж буйгаар төгсгөе” гэж шийджээ. Модун улс гүрнээ доройтуулсан
эцэг Түмэнг хороож, төр улс, газар шороогоо авч үлдэж байна.
“Оролмаа эх”
Төрийн хошой
шагналт Д.Намдагийн “Оролмаа эх” жүжгийг анх 1973 онд С.Галсанжав найруулан
тавьж байжээ. Зохиолчийн мэндэлсний 100 жилийн ой 2011 онд тохиоход найруулагч
Ч.Найдандорж УДЭТ-т энэ жүжгийг сэргээн шинэчилж тавьсан. Шинэчлэхдээ соёлын
гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар тайзны зохиолыг шинээр боловсруулан бичсэн байна.
“Тамгагүй
төр”
Ардын уран
зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр”
нь гурван бүлэг, зургаан үзэгдэлтэй эмгэнэлт жүжиг. Найруулагч Ч.Найдандорж
1998 онд анх тайзнаа тавьж байв. Арав гаруй жил тоглогдоогүй уг жүжгийг
өнгөрсөн 2010 оноос дахин тоглох болсон. Үйл явдал нь, Хүннү гүрний хаан Арчуг
хоёр хатантай. Хоёр хатан хоёул хөл хүнд болов. Хаан бага хатан Гүргэлээ хөл
хүнд болсонд ихэд баярлах ба их хатан Цэцэрийн хөл хүнд болсныг үл таашаана.
Хаан түүнийг өөрийн үр бус гэж сэжиглэнэ. Үнэн хэрэгтээ их хатан түшмэл
Эгэрэгийн үрийг тээжээ. Хатад амаржиж хаан хоёр хүүтэй болов. Түшмэл Эгэрэг
хааны их хатнаас төрсөн нууц хүүдээ хаан ширээ залгамжлуулахаар хааныг
ятгана. Хаан харин бага хатнаас төрсөн хүүгээ хаан болгохоор шийджээ. Эгэрэг их
хатан Цэцэртэй үгсэн хуйвалдаж нялх хоёр хүүг хооронд нь сольж орхив. Арчуг
хаан хүүгээ солигдсоныг мэдсэнгүй. Их хатнаас төрсөн түшмэл Эгэрэгийн хүүг
бага хатнаас төрсөн хүү хэмээн санаж багад нь хаанд өргөмжлөв. Хөвгүүд эрийн
цээнд хүрэхэд хаанд өргөмжлөгдсөн түшмэлийн нууц хүү Ачир ихээхэн хэрцгий хүн
болж өсөх ба бага хатнаас төрж их хатны хөхийг хөхөж өссөн хааны жинхэнэ хүү
Хүчир ухаан уужуу, хүнлэг сэтгэлт нэгэн болж өсчээ. Эрийн цээнд хүрсэн Ачир хүү
хаан эцэгтээ эхтэйгээ гэрлэх тухайгаа хэлэхэд хаан ихэд цочирдоно. Хаан Ачирыг
цаазаар авч, их хатнаас төрсөн бусдын хүү хэмээн эндүүрч яваа Хүчирыг хаанд
өргөмжлөх шийдвэр гаргав. Улмаар хайртай хатан Гүргэлийг, дараа нь Ачир хүүг
хороогоод Хүннү гүрнийхээ ирээдүйг Хүчир хүүдээ үлдээхээр шулууджээ. Үүнийг
мэдсэн түшмэл Эгэрэг Гүргэл хатан, хүү хоёроо хөнөөгдсөний дараа хааны хүү
Хүчирийг хөнөөв. Ийнхүү Хүннү гүрэн хаангүй болжээ. Түшмэл Эгэрэг хааны өргөөнд
орж ирэн Арчуг хаанаас тамгыг нь шаардахад хаан Хүннү гүрний төрийн тамгыг
хайртай хатан Гүргэлийнхээ цээжинд хийн онголов хэмээн хэлээд хаан түшмэл хоёр
бие биенээ хөнөөв. “Тамгагүй төр”
жүжгийн үйл явдал ингэж өндөрлөнө. Ийнхүү Драмын театр сарын турш түүхэн жүжиг
үзүүлэх нь ээ.
Ц.Намсрайжавын
нэрэмжит Улсын филармони тоглолтын нээлтээ товлоогүй байна. Харин Үндэсний
дуу бүжгийн эрдмийн чуулга хөгжмийн зохиолч М.Бирваа, ардын уран зохиолч
П.Бадарч, төрийн шагналт Д.Төрбат нарын “Оройн дээд” дуулалт жүжгээр өвөл
цагийн тоглолтоо нээх юм байна. Түүнчлэн төрийн шагналт Б.Мөнхболд,
Д.Баярбаатар нарын “Монголын их хатад”
бүжгэн туульс, “Монголын сайхан орон” Үндэсний их найрал хөгжмийн концерт гэсэн
гурван цуврал тоглолт хийх юм байна. ҮДБЭЧ нь үндэснийхээ хөгжмийн соёлын
уламжлалыг хадгалан авч яваагийнхаа хувьд жуулчдад зориулж зуны турш тоглодог.
Өнгөрсөн зуны хаалтын тоглолтоо өчигдөр хийжээ. Харин өвөл цагийн тоглолтоо
ирэх арваннэгдүгээр сарын 18-22-ны өдрүүдэд дээрх гурван цуврал тоглолтоор
нээхээр төлөвлөжээ.
“Оройн дээд”
Дуулалт жүжигт
1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний үнэн түүхийг өгүүлнэ. Уг жүжигт Чин
Ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Түшээ гүн Чагдаржав нарын эрх чөлөөний төлөө
тэмцэгч ноёд тайж нар, VIII Богд Жавзандамба нарын төр улсын тусгаар тогтнолд
гүйцэтгэсэн үүргийг өнгөрсөн үеийн түүх бичлэгийн “хөшигний ар”-аас ил гарган
тавихыг зорьсон тухайгаа зохиогчид нь онцолсон. “Оройн дээд” дуулалт жүжиг
гурван бүлэг зургаан үзэгдэлтэй. Дондогдулам хатны дүрд дуулсан гавьяат
жүжигчин Д.Ширмэнтуяа “Өмнө нь олон жүжигт ажиллаж байсан ч үүн шиг өгөөжтэй,
ихийг сургасан бүтээлд ажиллаж байсангүй” хэмээн жүжгийн талаар бодол санаагаа
хуваалцаж байв. ҮДБЭЧ энэ дуулалт жүжгийг өнгөрсөн 2014 оны арваннэгдүгээр сард
тайзнаа тавьсан. “Зарим талаар дуурийн хэлбэр формд хандсан жүжиг боллоо” гэж
анхны тоглолтын үеэр цомнолыг бичсэн ардын уран зохиолч П.Бадарч онцолж байсан
юм. М.Бирваагийн “Оройн дээд” дуулалт жүжгийг ирэх арваннэгдүгээр сарын 18-нд
тоглох бол арваннэгдүгээр сарын 20-нд Б.Мөнхболдын “Монголын их хатад” бүжгэн
туульсийг үзүүлэх юм байна. Монголын хөгжмийн зохиолчдын найрал хөгжмийн
томоохон бүтээлүүдийг эгшиглүүлдэг “Монголын сайхан орон” үндэсний их найрал
хөгжмийн концертыг арваннэгдүгээр сарын 22-нд толилуулахаар болжээ.