Categories
мэдээ цаг-үе

“Тэнгэр ээж минь өршөө” дууг дуулахдаа эмээгээ бодсон

Рок попын ертөнцөд өвөрмөц хоолойгоороо ялгардаг дуучин Б.Маралжингоотой ярилцлаа. Тэрээр “Яг түүн шиг” шоуны хоёр дугаарт ялагчаар тодроод байгаа билээ.

-Таны “Яг түүн шиг” шоунд бүтээж буй дүрүүд зан ааш, хэв маягтай чинь төстэй ажиглагддаг. Дүр бүтээхэд хэр хүндрэлтэй байна вэ?

-Хүндрэлтэй зүйлүүд байгаа. Ямар сайндаа л Г.Түмэндэмбэрэл гуайг дуурайх гээд байж байхав дээ. Бас Сиа, Эми Уайнхаус гээд л хоолой шаардсан дуунуудтай дуучдыг дуурайсан. Ш.Чимэдцэеэ эгчийн “Тэнгэр ээж минь өршөө” дууг дуулахад хэцүү байсан шүү. Энэ дууг эмээгээ бурхан болсноос хойш их сонсдог байлаа. Тийм болохоор эмээгээ бодож сэтгэлээсээ огшиж дуулсан. Хэцүү дүрүүдээрээ ялагч болж, үзэгчид сайхан хүлээж авч байгаа болохоор урамтай сайхан байгаа. Мөн хамт оролцож байгаа залуус маань бие биенээ гэсэн сэтгэлтэй. Нэгнийгээ бэлтгэл хийж байхад нь зөвлөж, “Youtube-д ийм нэг бичлэг байна, чи энэ бичлэгийг нь үзээч” ч гэдэг ч юм уу, бие биедээ тусалж дэмждэг. Өрсөлдөөн гэхээсээ илүү нэг нэгнээ гэсэн гоё уур амьсгалтай.

-Шоуны талаарх таны сэтгэгдэл ямар байна вэ?

-Надад хамгийн сүүлд санал тавьсан. Би Вашингтоноос Монголд ирээд удаагүй эмнэлэгт хэвтсэн болохоор шоу эхлэх дөхчихсөн байсан. Надад Оросын “Один в Один” шоу маш сонирхолтой санагддаг, үзэх дуртай нэвтрүүлгийн маань нэг. Тийм болохоор үзэх дуртай шоундаа орох саналыг дуртайяа хүлээж авсан. Гэхдээ орох тухайгаа хүмүүст хэлэхэд “Яг тийм гоё хийж чадах уу, хоёрын хооронд юм хийчих вий дээ, тийм амархан шоу биш шүү дээ” гэж байсан. Гэхдээ аливаа зүйлийг эхлүүлнэ гэдэг маш том алхам. Ямар ч зүйлийг айдасгүй, зоригтой эхлүүлж байх хэрэгтэй. Шоунд орсноор надад авууштай зүйл их бий болсон. Урлагийн хүмүүс задгай, нээлттэй байдаг бол миний хувьд дотогшоогоо, биеэ баримтгай байсан нь өөрчлөгдөж, илүү задарч өгсөн. Санасан бодсоноо чөлөөтэй илэрхийлдэг болсон.

-Дуучин Наранг дуурайж хоёрдугаар шатандаа түрүүлсэн, амаргүй байсан уу?

-Наран эгчийн хөдөлгөөнийг өөрийн болгож чадахгүй, учрыг нь олохгүй шөнөжин бэлдсэн. Тайзан дээр гарахын өмнөхөн л учрыг нь олсон доо.

-Жеймс Брауны дуулалтаас гадна хөл гарын хөдөлгөөнийг чадварлаг дуурайж байсан?

-Киног нь үзсэн, хөдөлгөөнүүдийг нь бичлэгээс үзээд дуурайгаад энд тэнд үсэрч үзсэний эцэст санасныг бодоход гайгүй болсон. Тайзан дээр гараад хөдлөхгүй зогсчих вий дээ гэж айж байсан шүү. Жеймс Браун бол бидний сонсдог бүх хөгжмийн ар дахь хэмнэлийг үндэслэсэн хүн гэж хэлж болно. Ямар мундаг юм бэ гэж боддог хүнээ дуурайх хүнд байдаг юм билээ. Харин Пинкийг дуурайхад надтай их ойр байсан шүү. Эршүүд, байгаа байдал нь надтай төстэй болохоор дөхүү байсан. Тайзан дээр хөгжилтэй, өөрийнхөөрөө байж байгаад л бууж ирсэн дээ. Дууны үг нь тэнэгдүүхэн хэрнээ зэвүүн.

-Ингэхэд гэр бүлд тань урлагийн хүн байдаг уу. Дуучин болсон тухайгаа ярихгүй юу?

-Би багадаа дуучин болно гэж бодож байгаагүй. Аавтайгаа хөдөө явах дуртай охин байлаа. Харин ээж маань урлагийн хүн болгохыг зорьдог, дэмждэг байсан. Тиймдээ ч Хөгжим, бүжгийн сургуулийн төгөлдөр хуурын ангид элсэн орж долоон жил сурсан. Дараа нь хөгжим сонсох, дуулах сонирхолтой болж 13 настайдаа “Nature sound” студид бүртгүүлж, дуучин болохоор шийдсэн юм. Манай гэр бүлээс урлагийн хүн гэвэл өвөө маань жүжигчин Ч.Цэрэннадмид гэж хүн байсан. Ч.Лодойдамбын зохиол “Тунгалаг тамир” киноны Бадарч тахар, “Энэ хүүхнүүд үү” киноны Идэрийн дүрээр нь хүмүүс сайн мэднэ. Манай гэр бүлийнхэн бүгд урлагт дуртай, хөгжим их сонсдог хүмүүс. Аав маань Элвис Пресли, “Битлз”-ийн дууг их сонсдог. Дүү маань ч гэсэн хөгжим зохиодог, чимхлүүр зүйлүүдийг маш сайн ажиглаж, олж хардаг гайхалтай мэдрэмжтэй.

-Таны анхны уран бүтээл “Чамайгаа алдмааргүй байна” жүжгийн дуу шүү дээ. Энэ дууг дуулах болсон тухайгаа яриач?

-Би анх дуулж эхлээд уйгагүй бэлтгэл хийдэг байсан. Бүх хүүхдүүд тараад явчихсан ч заал сул байвал бэлтгэлээ хийдэг, төгөлдөр хуур тоглож чадахгүй ч гэсэн гамм уншдаг байсан юм. Тэр үед “Хувьсал” продакшны Г.Цоггэрэл ах “Энэ хүүхдийг “Чамайгаа алдмааргүй байна дуунд оруулъя” гэж хэлсэн юм билээ. Тухайн үеийн залуучуудын сонсдог дуучид нь К.Номинжин, А.Хаянхярваа байсан. Алдартай дуучидтай хамтран дуулсандаа баярлаж байлаа. Түүний дараа “Миний ертөнцийн зүүд” цомгоо 16 настайдаа гаргасан. Хүмүүст хамгийн их хүрсэн нь “17 нас”, “Хүлээсэн учрал” дуунууд байдаг.

-“Хүлээсэн учрал”, “Жаргаах зүрхэн” гэсэн уянгын дуунуудыг хүмүүс сонсох дуртай байдаг. Уянгын дуу дуулъя гэсэн бодол байдаг уу?

-Би яг ийм дуу дуулна гэж онцлоод байдаггүй л дээ. Тухайн цаг үед ямар дуу ирсэн байна. Тэр дуугаа л сэтгэлээ зориулж дуулахыг хичээдэг.

-Исландын дуучин Бьоркоос л Лэди Гагагийн имиж эхтэй гэдэг. Энэ дуучныг та сонсдог гэсэн. Юу нь таныг татдаг вэ?

-Бьоркийн зарим дуунууд их сонирхолтой. Ялангуяа сохор эхийн тухай гардаг “Харанхуйд бүжиглэгч” хөгжимт киног багадаа үзсэн. Бьорк энэ киноны хөгжмийг зохиож гол дүрд нь тоглосон. Киног анх үзээд яасан ч хэцүү юм дээ гэж бодоод л дарамтад орж байлаа. Харин сүүлд үзээд байх тусам өөрөөр хүлээж авсан. Энэ төрлийн бүтээлийг хүлээж авах нь тухайн хувь хүнээс их шалтгаална. Надад гүн гүнзгий, огт өөр мэдрэмжийг өгч чаддаг.

-“Өөр өөрийн зүгт” гэсэн дуугаа гаргаад хэсэг нам жим байлаа. Шинэ уран бүтээл дээр ажиллаж байна уу?

-Одоогоор бэлэн зургаан дуу байгаа боловч дүрсжүүлээд, цомог болгон гаргах гээд хадгалж байна. Олон шинэ дуун дээр ажиллаж байгаа. Ямар ч байсан энэ зун хоёр шинэ уран бүтээл сонсогчдодоо барих болно. Уран бүтээлээс гадна гадагшаа хэд хэдэн орон руу явчихаад ирсэн. Цаашдаа урлагаас өөр чиглэлээр сурах төлөвлөгөөтэй байгаа.

-Таны жинхэнэ нэрийг Өүлэн гэсэн үү. Тайзны нэрийг чинь Маралжингоо гэж ойлгож болох уу?

-Би “50 саяын уналт” нэвтрүүлгийг их үздэг. Нэг удаа үзээд сууж байтал “Өүлэн гэдэг нэртэй дуучин нь аль нь вэ” гэсэн асуулт гарч ирээд Эгшиглэн, Агиймаа, Цэлмүүн, бид дөрвийн нэр гарсан. Би гайхаад л Эгшиглэнг Болортуяа гэдэг гэсэн Агиймааг Өүлэн гэдэг юм болов уу гээд л бодож байтал би болж таарсан. Хүмүүс яагаад тэгж ташаа ойлгосныг би сайн мэдэхгүй л байна. Надад тийм тайзны сүртэй нэр гээд байх юм байхгүй. Аав минь намайг төрөхөд л Маралжингоо гэж нэрлэсэн, энэ нэрээрээ л байна. Төрсний гэрчилгээн дээр минь ч энэ нэр минь байгаа.

-Та илүүдэл жингээсээ хэрхэн салсан тухайгаа сонирхуулаач?

– Би 14-тэй байхдаа л 89 кг жинтэй байсан. Хүмүүс намайг маш хурдан, амархан турчихсан гэж ярьдаг. Би хоёр жилийн хугацаанд фитнессээр эрчимтэй хичээллэж, явган алхаж, зөв хооллосноор илүүдэл жингээсээ салсан шүү дээ. Одоо бол хоолны дэглэм барьдаггүй. Хүн байнга хөдөлж байгаа нөхцөлд яаж ч идсэн жингээ хаяхгүй ч гэсэн барих боломжтой. Өдөрт хэдий хэр хэмжээний калори шатааж байгаагаа тооцоолох хэрэгтэй. Жингээ хаях, тогтвортой барих тал дээр мэргэжилтэн болсон шүү.

-Таныг “B” продакшнд ороод нүүрний мэс засал хийлгэсэн гэсэн яриа байдаг. Хацар, хамраа янзлуулсан гэдэг. Энэ хэр бодитой вэ?

-Хацрын тухай яриа намайг байнга дагаастай явж байдаг юм. Багадаа том хацартай болохоор ээждээ “Энэ хацраа яах вэ” гэхээр “Хорь гараад шөмбийчихнө өө миний охин” гэдэг байсан. Турсан ч унаган хацар арилдаггүй юм байна лээ, одоо ч байсаар л байна. Хацар, хамраа шулуулж, өөхөө соруулсан гэсэн яриа яагаад гарсныг мэдэхгүй юм. Ийм мэс заслыг манай аав, ээж зөвшөөрөх хүмүүс биш. Тэгээд ч 15,16-тай хүүхэд тийм мэс засалд орно гэж байхгүй шүү дээ.

-14 настайгаасаа л урлагт хөл тавьж олны хэл аманд өртөж эхэлсэн. Энэ бүхэнд та яаж ханддаг вэ?

-Миний нэг онцлог бол хэзээ ч, хаана ч өөрийнхөөрөө байж чаддаг. Олны хэл аманд өртсөн ч өөрийнхөөрөө л байхыг хүсдэг. Хэцүү үе мэдээж байлгүй яахав. Би 14-тэй байхдаа бүдүүн байсан болохоор “Чамайгаа алдмааргүй байна” дууг дуулсны дараахан автобусанд явж байтал нэг эгч “Пөөх яасан муухай хүүхэн бэ” гэж яриад. Гэртээ ирээд л сэтгэл санаагаар унаад, аав руугаа очиж уйлаад, ээждээ ч яриад хэцүүхэн юм болж байлаа. Одоо бол хэн юу ярьж байгааг ялгаж салгахтайгаа болсон. Зарим хүмүүс өөрийн стрессээ тайлахын тулд хүн муулдаг юм билээ. Нэмж хэлэхэд өөрөөрөө байна гэхээр манайхан буруу ойлгоод байдаг юм шиг. Хэтэрхий задгай, цүл пал байхыг өөрөөрөө байгаа нь гэж андуурдаг. Миний бодлоор өөрийнхөө мөн чанараар л байхыг хэлнэ.

О.АРИУНЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *