Categories
мэдээ утга-зоxиол яруу-найраг

Тэнгэр дуугарч байна

Өнөөдрийн яруу найргийн буландаа саяхан болоод өнгөрсөн Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн нэрэмжит тэмцээнд тэргүүн байрын шагнал хүртсэн О.Цэнд-Аюушийн шүлгүүдээс хүргэж байна.

Тэрээр Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, МЗЭ-ийн болон Сэр-Одын шагналт, “Болор цом” яруу найргийн хоёр удаагийн дэд байрын шагналтан юм.

НҮҮДЭЛ

Галав эртний бичиг үсэг шиг нүүдэлчид

Галын дөл шиг сүүмэлзсээр

Тэнгэр рүү тэмүүлж ургасан моддыг

Тэмээн дээрээ тэгнэж ирдэг

Уулын модод нүүдэлчдийн

Улаан тэмээдэд бүүвэйлэгдэж ирэхдээ

Агшин хором бүхэнд хөнгөрсөөр

Аяархан хөвөж эхэлдэг

Нүүдэлчид тэмээгээ хэвтүүлж

Нүдэнд итгэмээргүй ачаагаа засдаг

Домог эртийн дуу шиг нүүдэлчид

Дов толгод шиг чимээгүйгээр

Сум шиг ургасан моддыг

Нум шиг хөвчилж

Цагираг хүрдэнд эргэлдүүлэн

Цаг хугацааг туулах хөсөг тэргээ хийдэг

Амгалан шөнөөр нүүдэлчдийн тэрэгнүүд

Алтаар бүрсэн юм шиг гялалзаж байдаг

Гүн шөнөөр шинэ модон тэрэгнүүд

Гүрнийг туулахаар зэхэж хонодог

Хамгийн эртний үлгэр шиг нүүдэлчид

Гуниг шиг чимээгүй

Үүрийн цагаан гэгээнээр гэрээ буулгаж

Үүл шиг хөнгөн нүүж эхэлдэг

Шинэ модон тэрэгнүүд нүүдэлчдийг

Шивээтэй тал дээгүүр зөөж эхэлдэг

Ач хүүгээ араганд суулгасан өвгөн

Ачаа хөсгөө хөтөлсөөр явахад

Гүрнийг зорисон тэрэгнүүд өвгөнийг

Гүйцэж чадахгүй араас нь өнхөрдөг

Шамбалд хүрч чадахгүй шинэ модон тэрэгнүүд

Шаналан энэлэнтэй үлдэж хоцордог

Хамгийн эртний бодол шиг нүүдэлчид

Ганцаардал шиг чимээгүй

Хүлэглэгч үүлсийн доогуур

Хүний зовлонг эдэлж ирдэг

Ач хүү нь өвөөгөө тэнгэрт хүргэхээр

Ачаатай тэргээ хөтөлж явдаг

Дэндүү хүнд ачаатай тэргэний дугуйнд

Дэлхийн чулуу бутарсаар байдаг

Өвгөнийг очих газраа очиход

Өрөвдөлт хүүгийн араас модон тэрэг

Өнчин амьтан шиг дагасаар явдаг

Хамгийн эртний зүүд шиг нүүдэлчид

Хүсэл шиг чимээгүй

Үндэслэгч газар дээр гэрээ барьж

Үйлийн үрээ дахиад эхэлдэг

Хөхөө шиг үрээ тэвэрсэн өрөвдөлт хөвгүүн

Хөлөө газар дээр чанга гишгэхэд

Шинэ модон тэрэгнүүд аль хэдийн хуучраад

Шижир алт шиг байхаа болисон байдаг

Хөсөг тэрэгнүүд нүүсээр нүүсээр

Хөх чоно шиг болсон байдаг

2016-9-21

ТЭНГЭРИЙН
ДУУ

Тэнгэр дуугарч байна

Тэнгэр дүүрэн морьтой хүмүүс давхилдаж байна

Оддыг гартаа бамбар болгон атгасан морьтой хүмүүс

Огтхон ч зөрөлдөхгүйгээр

Харанхуй шөнийн тэнгэр дүүрэн

Халз урдаасаа давхилдаж байна

Тэнгэр дуугарч байна

Гүн хөх үүлс морьдын туурайнд

Гүүр шиг тачигнаж

Газаргүй хоосон тэнгэрт давхилдах морьтнуудын

Гартаа барисан бамбар харанхуйг шатааж байна

Эцсээ хүртэл давхилдах морьдын хөл юун дээр гишгэж байгааг

Эрээд олдохгүй зовлонтой байна

Тэнгэр дуугарч байна

Тэнгэрт морьтой хүмүүс давхилдаж байна

Цахилан эрчлэх тэнгис далайн

Цахлай хашгичсан хоёр эрэг мөргөлдөх гэж байгаа юм шиг

Өөд өөдөөсөө түмэн морьтон

Өндөр тэнгэр дүүрэн давхилдаж байхад

Зангирсан үүлсийн өчүүхэн чөлөөнд

Завь шиг бяцхан сүм

Сар хөвдөг тэнгэр дээр

Салхи түшин оршиж байна

Тэнгэр дуугарч байна

Тэнгэр дүүрэн морьтой хүмүүс давхилдаж байна

Ар нуруунаасаа оногдсон сумнуудаа сугалсан морьтнуудыг

Агаар мандал дээр алгаа хавсарсан хуварга ажиж байна

Оддыг бамбар болгон атгасан морьтнууд

Осолдохоор бие биерүүгээ давхилдах нь

Бүхнийг хуйлах хоёр их түймэр шиг

Бүгдийг хамах хоёр их үер шиг

Тэнгэр дуугарч байна

Тэнгэр цуурч байна

Тэнгэрээс бүх юм унаж байна

Харанхуй хөх үүлсийн цуурхай, аянгын завсар

Хавчуулагдсан эмээл бутарч үндэс рүү унаж байна

Ган дөрөөний хэлтэрхийнүүд энд тэнд нисэлдэж

Газрын ган руу жингэнэн унаж байна

Хурц улаан будаг цацсан юм шиг

Хувилгаан ламын орхимж цэцэг рүү унаж байна

Завь шиг жаахан сүм нурж

Залбирсан хүмүүс рүү унаж байна

Тэнгэрээс бүх унаж байна

Үүрдийн диваажинд үлдэж чадаагүй морьтнууд

Үнэг хайчлуулахаар эх хүн рүү хашгиралдан унаж байна

Хамгийн сүүлчийн мөч хүртэл давхилдаж

Хан тэнгэрийг цуурласан морьд

Азарга гүү хураах

Агшин руу янцгаалдан унаж байна

Тэнгэр дуугарч байна

Тэнгэрээс бүх юм унаж байна

Тэнгэр дуугарч байна

Тэнгэрээс морьтой хүмүүс

Монгол руу унаж байна

2017. О.Цэнд-Аюуш

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *