Флоридагийн амьтны хүрээлэнд тэмээн аалзны төрлийн, маш хүчтэй хортой, хэдэн арван жил амьдрах чадвартай шинэ зүйлийг нээжээ. Шинэ зүйл аалзыг Пайн Рокланд хэмээн нэрлэсэн бөгөөд хамгийн анх Майамигийн амьтны хүрээлэнд 2012 онд үзэгдэж байжээ.
Гэвч тухайн үед хангалттай судалж чадаагүй учир шинэ зүйл аалзны гарал угсаа тодорхойгүй хэвээр үлдэж, тус амьтны хүрээлэн гадны тусламжийг хүссэн аж. Тэр цагаас хойш аалзыг бараг арван жил судалсны эцэст өмнө нь шинжлэх ухаанд бүртгэгдэж байгаагүй шинэ зүйл гэдгийг баталжээ.
Амьтны хүрээлэнгийн хамгаалалтын дарга Фрэнк Ридгли “Надад бол эл аалз анх жижиг хар тэмээн аалз шиг харагдсан. Түүний төрлийн аалзнууд ихэвчлэн зөөлөн, элсэрхэг газарт нүх ухан, түүн дотроо тор татаж, үүдэнд нь хаалга урладаг. Ихэнх нь тус нүхэндээ насаараа амьдардаг бөгөөд ямар нэг амьтан нүх рүү нь орж ирэхийг хүлээж байгаад, орж ирмэгц нь хаалгаа хаан барьж иддэг” хэмээн тайлбарлажээ.
Судалгааны багийн гишүүн, Жиоржиа мужийн Пьемонт их сургуулийн амьтан судлаач Ребекка Годвин Пайн Гокландыг цоо шинэ зүйл хэмээн эхнээс нь таамаглаж байсан гэнэ. Түүний олж мэдсэнээр эл зүйлийн эмэгчин аалз 20 гаруй жил амьдрах чадвартай аж. Гэвч эрэгчин нь харьцангуй богино буюу долоон жил өсч байгаад үржилд орж, нүхээ ухсанаас удалгүй үхдэг байна. Тэрбээр “Амьтны хүрээлэнд анх үзэгдсэн аалз бол өсөх мөчлөгтөө тэнүүчилж явсан эрэгчин аалз байж. Тэд биеийнхээ урд хэсэгт барзгар бүрхүүлтэй, хэвлий хэсэг нь мөнгөлөг саарал өнгөтэй, дээрээ цайвар толботой, харахад маш үзэсгэлэнтэй зүйл” хэмээн тайлбарласан байна.
Түүнээс гадна эрэгчин Пайн Рокланд аалз хөлнийхөө урттай нийлээд евро зоостой дүйх хэмжээтэй бол эмэгчин нь түүнээс хоёр, гурав дахин том биетэй байдаг аж. Харин хорны хувьд зөгийн хортой төстэй учир жижиг амьтдын хувьд үхлийн аюултай юм.