Тэмбүү өвчин нь нянгаар үүсгэгддэг, даамжрах явцтай, олон эрхтэнг гэмтээдэг бэлгийн замын халдвар юм. Тэмбүү нь өргөн хүрээний ойлголтоор тодорхойлогддог өвчин. Товчоор тайлбарлавал нууц үе, 1,2,3-р үе гэсэн дөрвөн үе шаттайгаар явагддаг. Олон эрхтнийг гэмтээдэг, архаг, ужиг явцтай өвчин юм. Нууц үе нь дунджаар 21 хоног байдаг. Энэ үедээ шинж тэмдэг илрэхгүй, шинжилгээгээр ч мэдэгдэх боломжгүй. Харин нууц үе дуусаад 1-р үедээ бусад өвчнийг бодоход зовиур, эмзэглэл багатай хатуу яр гарч, ярны ойролцоох тунгалгийн зангилаа нь томордог. Тухайлбал, бэлэг эрхтний ойролцоо хатуу яр гарвал цавины орчим хөндүүрлэж болно. Хэрвээ аман дээр хатуу яр гарвал ойролцоох хүзүү, эрүүний булчирхай томордог.
Хатуу яр нь дунджаар 28 хоногийн хугацаанд гарч байгаад өөрөө аажимдаа алга болдог. Энэ үед шинжилгээгээр илрэх боломжтой ч зовиур багатай учраас иргэд хайхрамжгүй хандаж, оношлуулж эмчлүүлэхгүй байсаар 2-р үед шилжих нөхцөлийг бүрдүүлээд байна. Энэ үе нь тууралт гарлаа, алга боллоо, өвчин үүсгэгч цус руу орлоо гээд долгион маягтай 2-5 жил үргэлжилж, биеэр олон төрлийн тууралт шигүү байдлаар гарна.
Биеийн хэсгийн хоёр талд яг адилхан гардаг гэдгээрээ онцлогтой. Энэ нь мөн л зовиургүй, загатнаагүй, үрэвслийн шинж тэмдэггүй байж байгаад аажимдаа алга болно. Ихэвчлэн ажилд орох, гэр бүлээ батлуулах, жирэмсэн болох гээд урьдчилан сэргийлэх шинжилгээ өгөөд өвчнөө оношлуулах тохиолдол 2-р үед их байдаг байна.
Халдвар дамжих зам:
Халдвартай хүнтэй хамгаалалтгүй буюу бэлгэвчгүйгээр бэлгийн хавьталд орох үед
Халдвартай жирэмсэн эмэгтэйгээс урагт
Халдварлагдсан цус, цусан бүтээгдэхүүн, зүү тариур дамжуулан хэрэглэхэд тус, тус халдвар дамжина.
Илрэх шинэ тэмдэг:
Тэмбүү өвний халдвар авснаас хойш дунджаар 3 долоо хоногийн дараа бэлэг эрхтэн, түүний орчим өвчин эмзэглэлгүй шарх /хатуу яр/ гарна.
Энэ үед ойролцоох тунгалагийн зангилаа /ихэвчлэн цавины булчирхай/ цочиж томорно.
Эмчилгээ хийлгээгүй ч гэсэн хатуу яр нь аяндаа алга болно. Тодорхой хугацааны дараа арьс салстаар тархмал тууралт гарах, үс унах, арьс цайх шинж илэрнэ.
Цаашдаа өвчин даамжирч халдвар авснаас хойш 3-6 жилийн дараа арьс салстыг гүн гэмтээсэн тууралт гарна. Мөн дотор эрхтэн мэдрэлийн талаас гүнзгий өөрчлөлт илэрч яс, үе мөчийг гэмтээнэ.
Тэмбүү өвчний үед шинж тэмдэг илрэхгүй байж болох уу?
Болно. Энэ үед зөвхөн цусны шинжилгээгээр халдвартай болох нь тогтоогддог. Энэ үеийг тэмбүү өвчний далд хэлбэр гэдэг.
Эхээс урагт халдвар дамжсанаас ямар үр дагавар гарах вэ?
Тэмбүү өвчин урагт халдварласнаас зулбах, дутуу төрөх, жин багатай, амьгүй хүүхэд төрөх, төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөх, нярай эндэх зэрэг хүндрэлд хүргэнэ.