Categories
мэдээ нийгэм

Телевизүүд төлбөртэй болох санал гаргалаа

“Монголын телевизүүд”-ийн ээлжит форум өнөөдөр эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх тус чуулганаар “Контентын үнэлэмж Монголд” ямар түвшинд явааг хэлэлцэж, үзэгчдийн тоогоо алдах болсон телевизүүд хэрхэн мөнгө босгож, чанартай контент үйлдвэрлэдэг болох талаар хэлэлцэж буй юм. “Максима Медиа” компанийн судалгаанд Улаанбаатар хотын дундаж үзэгч өдөрт 293 минутыг телевиз үзэхэд зарцуулдаг гэжээ. Энэ нь өмнөх 2014 онтой харьцуулахад 10 минутаар буюу гурван хувиар буурсан үзүүлэлт юм. Зөвхөн рекламынхаа орлогоор ажилчдаа цалинжуулж, мэдээ нэвтрүүлгээ үйлдвэрлэдэг телевизүүд ингэж үзэгчгүй болсон нь хөрөнгөгүй болсонтой холбоотой гэж телевизийн захирлууд ярьж байна. Техник, технологийн хөгжлийг харуулсан сайн, чанартай контент телевизүүд хийдэг болохын тулд үзэгчдээсээ мөнгө авдаг болох хэрэгтэй. Ингэхдээ телевизүүдийн уран бүтээлчдийн бэлтгэж хийсэн бүтээгдэхүүнийг дамжуулдаг оператор компаниудын үзэгчдээс авдаг төлбөрийн тодорхой хувийг үзэгчдийн шалгуураар телевизүүд хуваан авах нь зөв. Муу мэдээ, нэвтрүүлэг хийсэн нь огт мөнгө авдаггүй, сайн бүтээл туурвисан нь мөнгөний ихэнхийг авдаг байх зарчмаар орлогоо шударга хуваадаг болохыг зарим телевизийн удирдлагууд санал болгож байна.

Зохиогчийн эрхийн тухай, Оюуны өмчийн тухай хуулиудыг яаралтай шинэчлэх шаардлагатай. Цаашид зохиогчийн эрх зөрчигдсөөр байвал хэвлэл мэдээллийн салбарын чанарын талаар ярилтгүй. Зохиогчийн эрхийг сайтар дээдлээд явбал чанаргүй телевизийн тоо цөөрнө. Хэвлэлийн салбарт хуваарилах төсөв, сурталчилгааны хүртээмж нэмэгдэнэ. Мөн аль суваг нь их үзэгчтэй, үзэгч ямар телевизийг илүү сонгож байна гэдгээр нь үзэгчээс авах орлогыг хуваарилаад явах нь энэ салбарын хөгжлийг тодорхойлох хамгийн энгийн гарц болох нь ээ.

Монгол Улс нэг хүнд ноогдох телевизийн тоогоор дэлхийд тэргүүлж, 16 мянга 216 хүн тутамд нэг телевиз ноогдож байна. Харилцаа холбооны зохицуулах хорооны албан ёсны зөвшөөрөлтэй өргөн нэвтрүүлгийн буюу агаараар цацагддаг 18, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг кабелийн 53 телевиз, орон нутагт 20 орчим кабелийн суваг, 60 орчим өргөн нэвтрүүлгийн телевиз байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *