Categories
мэдээ нийгэм

Тэгш ой нь тохиож буй таван аймаг DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаар бүх аймаг Үндэсний их баяр наадамтай хамт наадмаа тэмдэглэх шийдвэр гаргасан. Тодруулбал, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссийн шийдвэрээр энэ жилийн наадмыг долдугаар сарын 10, 11, 12-ний өдрүүдэд орон даяар бүх аймагт тэмдэглэх болов.

Харин энэ жил тэгш ой нь тохиож буй Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь, Сүхбаатар, Дорноговь аймгууд бүсийн хурдан морины уралдаантай нэгтгээд долдугаар сарын 22-30-ны хооронд наадмаа зохион байгуулахаар болжээ.

Тухайлбал, Баянхонгор аймаг долдугаар сарын 11-13-нд баяр наадмаа, даншиг наадмаа долдугаар сарын 22, 23-нд тэмдэглэн өнгөрүүлнэ. Харин Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай аймгууд 90,91 жилийн ойн баяр наадмаа долдугаар сарын 29-31-ний өдрүүдэд тэмдэглэх юм байна. Мөн Дундговь, Сүхбаатар аймаг байгуулагдсаны 80 жилийн ой энэ жил тохиож байгаа аж.

Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь аймгууд байгуулагдсаны 90, 91 жилийн ойн баяр наадмаа нэгтгэн тэмдэглэх хүсэлтийг зохион байгуулах комисст ирүүлжээ.

Шигшмэл хурдан морьдын “Их хурд-9” уралдаан долдугаар сарын 22-24-нд Хэнтий аймагт, баруун бүсийн хурдан морины уралдаан 29-31-нд Ховд аймагт, төвийн бүсийн хурдан морины уралдаан долдугаар сарын 29-31-нд нийслэлийн Налайх дүүрэгт болох аж.

Энэ жил Тулгар төр байгуулагдсаны түүхт 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ой, Ардын хувьсгалын 101 жилийн ой тохиож байна. Үүнийг тохиолдуулан “Улаанбаатарын үдэш” арга хэмжээг Хүй долоон худагт, Төрийн ёслол хүндэтгэлийн концерт Төв талбайд, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болсон байна.

Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны тасалбарыг цахимаар зохион байгуулахаар Цахим хөгжил харилцаа холбооны яам хариуцан ажиллаж байгаа аж. Энэ жилийн наадмаар гурван тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн байсан боловч төсвийн тодотголоор танагдаж, 2.3 тэрбум төгрөг зарцуулахаар болжээ. Баяр наадмын урлаг соёлын арга хэмжээний хөтөлбөрийг Соёлын яамнаас танилцуулна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *