ЗТХЯ, Автотээврийн үндэсний төв (АТҮТ) хамтран бүтээсэн тээврийн хэрэгслийн ашиглалтын талаарх түүхийг нэг дороос харах боломж бүхий “Авто үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сан”-г өнөөдөр олон нийтэд танилцууллаа.
Энэхүү сангаас автомашины зам, тээврийн осолд өртсөн байдал болон түүний эвдрэл, гэмтэл, зөрчлийн мэдээлэл, даатгал, татварын мэдээлэл зэргийг авах боломжтой аж. Мөн авто үйлчилгээний байгууллагад санал гомдол гаргах, тээврийн хэрэгслийн сэлбэг хэрэгсэлд хийгдсэн засвар, үйлчилгээ болон худалдан авсан сэлбэг хэрэгсэлдээ баталгаа гаргуулах зэрэг дэлгэрэнгүй түүхийг харах боломж бүрдэж байгаа юм. Энэхүү мэдээллийн сан нь “Үндэсний дата төв” дахь серверт байршиж төрийн цахим мэдээлэл солилцооны системээр дамжуулан ЦЕГ, ТЕГ, ОБЕГ зэрэг байгууллагын мэдээллийн сантай холбогджээ.
Мэдээллийн санг ашиглах хүсэлтэй иргэд www.autobox.mn цахим хуудсанд нэвтрэн тээврийн хэрэгслийн улсын дугаар, арлын дугаарыг оруулж дээрх мэдээллүүдийг авах аж.