Categories
мэдээ нийгэм

Тээвэрлэлтийг боловсронгуй болгох зааварчилгаа өгнө

Зам, тээврийн хөгжлийн яамны
удирдлагууд ээлжит шуурхай хурлаа өнөөдөр хуралдууллаа. Энэхүү хурлаар салбарын
хэмжээнд хийхээр төлөвлөсөн үүрэгт ажлуудаа дүгнэж, цаашид хийх шаардлагатай
тулгамдсан асуудлуудаа хэрхэн шийдвэрлэх талаар үүрэг чиглэл өгсөн юм.
Тухайлбал, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Ерөнхий зөвлөлийн хурлаар хэлэлцэх
асуудал, Автотээврийн үндэсний төвийн үйл ажиллагаанд шалгалт оруулж, цэгцлэх
асуудлыг хэлэлцсэн байна. Мөн Засгийн газрын хуралдаанаар Тавантолгой төслийг
урагшлуулах хэлэлцээр зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдсан талаар сайд
Д.Ганбат мэдээлэл өгсөн юм. Түүнчлэн автомашины дугаарын стандартын асуудлыг
шийдвэрлэж, дугаар үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт
тавьж, цэгцлэхийг холбогдох харьяа байгууллага болон газрын дарга нарт үүрэг
болгов.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр сайд Д.Ганбат Өмнөговь аймагт
ажиллаж, Гашуунсухайт боомтын нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг Ерөнхий сайдад
танилцуулсан. Энэхүү ажлын хүрээнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тулгарч буй
асуудалд шат дараатай, тодорхой арга хэмжээ авахыг Зам, тээврийн хөгжлийн
сайдад үүрэг болгосон. Тиймээс тээвэр зохион байгуулалтыг боловсронгуй болгож,
Хоногийн нэгдсэн графикт оруулах зааварчилгааг сайд Д.Ганбат холбогдох
албаныханд өгөхөөр боллоо. Мөн тэрээр Эдийн засгийн байнгын хорооны хурлаар Шинэ
нисэх онгоцны буудлын менежментийн асуудлыг танилцуулсан бөгөөд яаралтай
шийдвэрлэхийг харьяа байгууллагуудад үүрэг болгов. Тэрээр зам, тээврийн бодлого
зангидаж байгаа яамны удирдлагууд, харьяа байгууллагын дарга нар хариуцсан
ажилдаа хариуцлагатай хандаж, аливаа ажил үйлчилгээг хугацаа алдалгүй,
түргэн шуурхай ажиллахыг анхаарууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *