Categories
мэдээ эдийн-засаг

Тээвэр, логистикийн түгжрэл инфляцид нөлөөлж байна

Дэлхий нийтээр 2021 оны турш бараа үйлчилгээний үнийн өсөлт эрчимжиж, инфляцын түвшин олон улс оронд төв банкны зорилтот түвшнээс даваад байна. Үүнд хөгжсөн болон хөгжиж буй орнууд дахь эдийн засгийн идэвхжил, хүнсний бүтээгдэхүүн, нефть болон бусад түүхий эдийн үнийн өсөлт, үйлдвэрлэлийн орц болдог завсрын бараа бүтээгдэхүүний хомсдол, тээвэр ложистикийн гацаа зэрэг олон хүчин зүйлс нөлөөлөв.

Хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх жилийн инфляц 2021 оны есдүгээр сард улсын хэмжээнд жилийн 9.6 хувь, Улаанбаатар хотод 9.9 байв. Үнийн түвшний өсөлтөд эдийн засгийн сэргэлт нөлөөтэй хэдий ч инфляцын дийлэнх хэсгийг цөөн бараа бүтээгдэхүүний үнийн хурдтай өсөлт тайлбарлаж байна. Тодруулбал:

Гадаад шалтгаантай буюу нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс болох тээвэр логистикийн түгжрэл, түүнийг дагасан тээврийн өндөр зардал, дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлт, худалдааны түнш орнуудын инфляц эрчимтэй нэмэгдсэн зэргээс дотоодын үнэ импортоор дамжин өссөн байна. Дотоодын зах зээл дээр мах болон махан бүтээгдэхүүн, хатуу түлш, зарим төрлийн үйлчилгээний үнийн өсөлт жилийн инфляцын 4 нэгж хувийг бүрдүүлжээ. Эрэлт талаас эдийн засгийг тогтворжуулах төсөв, мөнгөний бодлогын багц арга хэмжээ сэргэлтийг дэмжиж буй ч ажиллах хүч ихээр шингээдэг үйлчилгээ, барилга зэрэг салбарууд бүрэн сэргээгүй тул өсөлт жигд бус, хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд сул, өрхийн хэрэглээ сүүлийн 3 улирал буурсан байгаа зэрэг нь эдийн засаг эмзэг хэвээр, халалтын шинж тэмдэг үгүйг илэрхийлж байна.

Гадаад орчноос инфляцад нөлөөлж буй гол хүчин зүйлсийг авч үзвэл:

Эрэлтийн хүчин зүйлсийн нөлөө: Вакцинжуулалт нэмэгдэн, хөл хорио суларч эдийн засгууд нээгдэхийн зэрэгцээ төсөв, мөнгөний бодлогоор сэргэлтийг дэмжиж байгаа нь эрэлт талаас худалдааны түнш орнуудын инфляцыг нэмэгдүүлж байна

Түүхий эд, материалын үнийн нөлөө: Дэлхийн эдийн засаг сэргэн аж үйлдвэрлэл нэмэгдэж түүнийг даган түүхий эд, материалын их хэмжээний эрэлт үүслээ. Ирэх улирлуудад түүхий эдийн үнэ өндөр түвшинд хадгалагдах хүлээлттэй байгаа нь үйлдвэрлэгчийн зардал нэмэгдэх, улмаар үнэ өсөх нөхцөлийг үүсгээд байна. Тухайлбал, Брент маркын газрын тосны дундаж үнэ энэ оны есдүгээр сард $78.5/баррель болж өмнөх оны мөн үеэс 92 хувиар өсжээ. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ огцом нэмэгдсэн нөлөөгөөр дотоодын шатахууны үнэ нэмэгдэж, 9-р сард инфляцын 1.7 нэгж хувийг дангаараа бүрдүүлэв.

Хүнсний инфляц: 2020 онд цар тахлын нөлөөгөөр улс орнуудын хүнсний бус инфляц буурсан боловч хүнсний үнэ цар тахлын өмнөх үеэс өндөр байж, инфляцыг нэмэгдүүлэх нөлөөтэй байв. Цаашид дэлхийн зах зээл дээрх гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнүүдийн үнэ өндөр түвшинд хадгалагдах төлөвтэй байна.

Тээвэр, логистикийн түгжрэл: 2021 оны 9-р сарын эцсийн байдлаар контейнер тээврийн үнэ өмнөх оны мөн үеэс 3.9 дахин өссөн бол БНХАУ-аас экспортлогдож буй ачаа тээврийн үнийг илэрхийлэх CCFI индекс 9-р сарын сүүлийн байдлаар өмнөх оны мөн үеэс 3.1 дахин нэмэгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *