Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.01.29) хуралдаан 12.00 цаг 14 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд онгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн.
Засгийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ирүүлсэн хэлэлцээрийн төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.
Мал аж ахуйд суурилсан үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, зах зээлтэй холбох, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулах замаар хөдөөгийн хүн амын амьжиргааг сайжруулж, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилготойгоор Дэлхийн банкны буцалтгүй тусламжийн санхүүжилтээр “Хөдөө аж ахуйн маркетинг” төслийг Хөвсгөл, Завхан, Архангай, Говь-Алтай, Баянхонгор гэсэн 5 аймгийн 15 суманд 2013-2017 оны хооронд амжилттай хэрэгжүүлсэн байна. “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийг Дэлхийн банкны 30.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр урьдчилан тохирчээ. Энэхүү зээлийн эргэн төлөгдөх хугацааг 30 жил, үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацааг эхний 5 жил зээлийн хүү 1.25 хувь, бусад шимтгэл 1,25 хувь байхаар төсөлд тусгажээ.
Хэлэлцээрийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Н.Амарзаяа, Б.Чойжилсүрэн нарасуулт асууж, санал хэлэв. Гишүүдийн зүгээс төслийн үр нөлөөг тодруулахын зэрэгцээ ирэх жилийн вакцины үйлдвэрлэл, хүрэлцээ хангамж хэр байгааг тодруулав. Мөн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг дэмжихэд Засгийн газраас баримталж буй бодлогын талаар лавласан.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан хариултдаа, 2020 оны хувьд графикийн дагуу хийдэг дотооддоо үйлдвэрлэдэг вакцинынөөцийг хангалттай бүрдүүлсэн. Ноднин жил вакцин үйлдвэрлэлтэд хугацаа алдсан тал бий. Цаашдаа Биокомбинатыг өргөтгөх төслийг хэрэгжүүлж эхлэх гэж байна. Энэ хүрээнд шүлхий, мялзангийн вакциныг дотооддоо үйлдвэрлэдэг болно. Биокомбинат дотоод нөөц бололцоогоо ашиглаад шүлхийн вакцин үйлдвэрлэх шугамыг нээхээр ажиллаж байгааг дурдав.
Мөн тэрбээр, Засгийн газрын зүгээс мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг дотоодын боловсруулах үйлдвэрийн хүчин чадалд нь тааруулж түүхий эдийг бэлтгээд, илүү гарсныг экспортлох бүх талын боломжийг нээж өгөх бодлогыг барьж байна. Энэхүү бодлогыг хэрэгжүүлэхэд хэлэлцэж байгаа төсөл шийдвэрлэх ач холбогдолтой. 14 аймгийн 150 суманд мал эмнэлгийн лабораторийг сайжруулах томоохон арга хэмжээг авна. Өөрөөр хэлбэл, энэ төсөл нь малчдын үйлдвэрлэж байгаа бүх бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах, олон улсын байгууллагын шаардлага, стандартад нийцэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, цаашлаад халдварт өвчнөөс ангид бүс нутгийг баталгаажуулахад чиглэж байна гэж байлаа.
Ингээд Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжив.Иймд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан танилцуулахаар боллоо.