Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2016.01.27/ хуралдаан 14 цаг 41 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, таван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.
Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг дэмжив
Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Байнгын хорооны дарга А.Бакей энэ талаарх танилцуулгадаа, Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгуулах хууль тогтоомжийн талаар хууль санаачлагчдын саналыг урьдчилж авсан. Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгч 16, Төрийн байгуулалтын байнгын хороо 3, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 1, Эдийн засгийн байнгын хороо 5, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг 14, МАН-ын бүлэг 10, “Шударга ёс” эвслийн бүлэг 28, Монгол Улсын Засгийн газар 84 хууль тогтоомжийн төсөл санал болгосон байна. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, С.Оюун нараас гурван санал тусгайлан ирүүлсэн. Хууль санаачлагчид хаврын ээлжит чуулганаар нийтдээ 161 хууль тогтоомжийн төсөл хэлэлцүүлэх саналаа ирүүлснийг дурдав.
Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг боловсруулахдаа өргөн мэдүүлээгүй боловч хуулиар хэлэлцэх хугацааг заасан хууль, тогтоолын төслүүд, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа төслүүдээс холбогдох Байнгын хороод нь эхний ээлжинд хэлэлцүүлэхээр санал болгосон төслүүдийг жагсаалтад нэр зааж тусгах зарчим баримталсан. Тогтоолд зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төслийг хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүр шийдвэрлэж байх нь зүйтэй гэж үзсэнэээ танилцуулав.
Ингээд байнгын хорооны даргын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд асуулт асууж тодруулсны дараа санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.
Хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаярын санаачилж энэ сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Ард нийтийн санал асуулгын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр энэ талаарх хууль санаачлагчийн илтгэддээ, Ард нийтийн санал асуулгын тухай хууль нь 1995 онд батлагдсан ч өнгөрсөн хугацаанд нэг ч удаа хэрэглэгдээгүй бөгөөд хуулийн зарим зүйл, заалтууд хуучирсан, холбогдох хуулиуд шинэчлэгдэн батлагдсанаар хэрэгжих боломжгүй болсон байна. Тиймээс Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд уг хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналыг үндэслэн хуулийг бүхэлд нь шинэчлэн найруулах шаардлагатай гэж үзсэн. Мөн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сонгуулийн тухай хуулийн төсөл шинэчлэн батлагдсан бөгөөд энэ хуулийн үзэл баримтлал, зарчимд Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг нийцүүлэх шаардлага бий болсныг дурдав.
Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төсөл нь 6 бүлэг, 24 зүйлтэй юм. Уг хуулийн төслийг шинэчлэн баталснаар ард нийтийн санал асуулга явуулах эрх зүйн орчин бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж. Хуулийн төсөлд төрийн дотоод, гадаад бодлогыг тодорхойлохтой холбогдсон тодорхой асуудлаар сонголт хийлгэх шаардлага гарсан, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулахаар тусгасны зэрэгцээ Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэг удаагийн санал асуулгыг хоёроос дээшгүй асуудлаар явуулахаар тусгасан байсныг өөрчилж санал асуулга явуулах асуудлын тоог тухайн санал асуулга явуулах эрх бүхий этгээд шийдвэрлэх, түүнчлэн гадаад улсад байгаа иргэдээс ард нийтийн санал авах өдрийг Улсын Их Хурал тогтоохоор тусгажээ.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд асуулт асууж тодруулсан юм. Ингээд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалгахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжив.
Мөн энэ өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Н.Энхболд нарын санаачилж, энэ сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаарх илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн А.Бакей танилцуулсан юм.
Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг өнгөрсөн оны сүүлчээр батлагдсан Сонгуулийн тухай хуультай нийцүүлэх зайлшгүй шаардлагын үүднээс уг хуулийн төслийг санаачлан боловсруулсныг төсөл санаачлагч илтгэлдээ дурдав. Хуулийн төсөл нь 1 зүйл, 1 заалттай юм.
Уг хуулийн төслөөр Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсгийг “Төрийн жинхэнэ албан хаагч Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвших бол тухайн ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших бол тухайн ээлжит сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших бол санал авах өдрөөс гурван сарын өмнө тус тус төрийн албанаас чөлөөлөгдөх өргөдлөө төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас чөлөөлөгдсөн байна. Сонгуульд нэр дэвшихтэй холбогдуулан төрийн жинхэнэ албан хаагч өргөдлөө гаргаагүй нь тухайн төрийн байгууллага түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй.” гэж өөрчлөн найруулахаар тусгажээ.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, үг хэлсэнгүй. Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.
Дэгийн хуульд өөрчлөлт оруулах төслүүдийг хэлэлцэв
Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хоёр хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Эхлээд Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогтын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт танилцуулав.
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны харьяа Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хороо нь Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудыг хууль тогтоомжид тусгаж хэрэгжүүлэх асуудлыг хариуцаж ажилладаг. Гэвч 2005 онд батлагдсан “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтыг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилтийн хугацаа 2015 онд дуусгавар болжээ.
Улмаар 2015 оны 9 дүгээр сард болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд хэмжээний 70 дугаар чуулга уулзалтаас 2030 он хүртэл хэрэгжүүлэх дэлхий нийтийн хөгжлийн хөтөлбөр болон “Тогтвортой хөгжлийн зорилгууд” хөтөлбөрийг баталсан. Тус чуулга уулзалтын үеэр Монгол Улс ядуурал, ажилгүйдэл, боловсрол, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, усны нөөц, байгаль орчны бохирдол, ногоон хөгжил зэрэг асуудалд өөрийн улсын байр суурийг илэрхийлж, уг баримт бичигт саналаа тусгуулсан байна. Иймээс эдгээр зорилгуудыг Монгол Улсын хууль тогтоомжид тусгаж хэрэгжүүлэх асуудлыг эрхлэх Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны нэрийг “Тогтвортой хөгжлийн дэд хороо” гэж өөрчлөх нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр уг хуулийн төслийг боловсруулжээ.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Бакей уг дэд хороо нь аль байнгын хорооны харьяанд байхыг тодруулахад төсөл санаачлагч гишүүн Д.Батцогт өмнөх дэд хороо нь Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны харьяанд ажиллаж ирсэн. Дэд хорооны нэрийг өөрчилсөн ч гэлээ НҮБ-аас баталсан Тогтвортой хөгжлийн зорилгуудад нийгмийн чиглэлийн асуудлууд голлож байгаа учраас үндсэн байнгын хорооныхоо харьяанд байх нь зөв гэж үзэж байгаа гэсэн хариулт өгсөн юм. Ингээд уг хуулийн төслийг хэлэлцэхийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаярын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлдээ, хууль санаачлагч болон Улсын Их Хуралд албан тушаалтныг огцруулах, эгүүлэн татах санал оруулсан Улсын Их Хурлын гишүүн тодорхой шалтгаангүйгээр уг асуудлыг хэлэлцэх хуралдаанд хүрэлцэн ирэхгүй байх, санаачилсан асуудлаа хуралдаанд танилцуулахгүй байх нь Улсын Их Хурал үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэл учруулж байна. Түүнчлэн хуулиар тухайн асуудлыг хэлэлцэх хугацааг тусгайлан тогтоосон байхад нам, эвслийн бүлэг завсарлага авч байгаа нь хууль зөрчигдөхөд хүргэж, асуудлыг хуульд заасан хугацаанд хэлэлцэх боломжгүй болгож байгаа учраас хууль тогтоох үйл ажиллагааг боловсронгуй болгох, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр хуульд зохих өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага гарч байгааг дурдлаа.
Иймээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд хууль санаачлагч болон Улсын Их Хурлын тухай хуулийн 7.1.12-т заасан санал оруулсан Улсын Их Хурлын гишүүн уг асуудлыг хэлэлцэхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй, эсхүл төсөл, саналаа танилцуулаагүй бол түүнийг уг хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, саналаа татан авсанд тооцох агуулгатай заалт нэмэх, 4.6 дахь хэсэгт Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд хэлэлцэх хугацааг тусгайлан тогтоосон асуудлаар нам, эвслийн бүлэг завсарлага авахыг хориглосон зохицуулалтыг нэмж тусгахаар уг хуулийн төслийг боловсруулжээ.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд дэгийн хуулийг ганц нэг гишүүний саналаар ойр ойрхон өөрчлөөд байх нь зохимжгүй, тогтвортой мөрдөх нь зүйтэй гэсэн байр суурьтай байдгаа хэлээд уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг байнгын хорооны ирэх долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэх горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжсэн юм.
Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нарын 8 гишүүний санаачилж 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байсан ч хуулийн төслүүдийг нэгтгэж анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий байнгын хорооны ажлын хэсгийн саналаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг ирэх долоо хоногт хийхээр хойшлууллаа.