УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2021.11.03/ хуралдаан 11.15 цагт эхэлж, Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулга хийсэн.
Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.
Төрийн байгуулалтын байнгын хороо 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24-т заасны дагуу:
1.Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд,
2.УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын нараас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
3.Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
4.Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг нэгтгэн Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулан, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Ё.Баатарбилэг, Б.Пүрэвдорж нарын гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан хэмээн танилцууллаа.
Ажлын хэсэг хуулийн төсөл, тогтоолуудыг нэгтгэхдээ Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөлд суурилсан гэлээ.
Ажлын хэсэг нь:
1.Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудалд хамаарахаар Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд таван асуудал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын нараас өргөн мэдүүлсэн төсөлд 11 асуудал, мөн түүнчлэн хуулийн төслүүдийг нэгтгэж хэлэлцүүлэгт бэлтгэх УИХ-ын гишүүн С.Чинзоригоор ахлуулсан Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй есөн саналыг харгалзан, Засгийн газар болоод гишүүдээс тавьсан асуудлуудыг уялдуулж, бодлого, төлөвлөлт, эрхлэх асуудал нь Эдийн засгийн, хөгжлийн сайдын эрхлэх асуудалд хамаарч үлдэхээр зарчмын зөрүүтэй долоон саналыг боловсруулсан байна.
2.Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээнд төсөлд туссанаас гадна УИХ-ын хэлэлцүүлэгт байгаа Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан зарим асуудлыг тусгахаар зарчмын зөрүүтэй хоёр саналыг боловсруулжээ.
3.Мөн өргөн мэдүүлсэн төслөөр Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлаас жендэрийн хөгжлийн асуудлыг хасч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудалд нэмэхээр оруулж ирсэнийг Ерөнхий сайдын эрхлэх асуудалд хэвээр үлдээх,
4.Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн худалдан авах ажиллагааны газрыг Сангийн сайдын эрхлэх асуудлын агентлаг болгохоор төсөлд оруулж ирсэнийг Шадар сайдын эрхлэх асуудалд хэвээр үлдээхээр зарчмын зөрүүтэй саналуудыг боловсруулсан байна.
Энэхүү танилцуулгын үеэр Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн, Ажлын хэсэг дөрвөн төслийг нэгтгэн нэг төсөл болгохдоо Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдэд суурилсан гэдгийг тодотгоод энэ саналыг зөвшөөрч байгаа эсэхээр горимын санал хураалгах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Байнгын хороо хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцсэн бөгөөд гишүүд хуулийн төслийн тухайн зүйлтэй холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг дэмжсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
Дараа нь Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Байнгын хороо эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасны дагуу Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзэн зарчмын зөрүүтэй саналаар санал хураасан юм.
Ингээд “Төслийн 1 дүгээр зүйлийг “Улсын Их Хурлын гишүүний үндсэн чиг үүрэгтэй холбоотой Монгол Улсын нэгдэн орсон олон улсын байгууллага, түүний төрөлжсөн байгууллагын гүйцэтгэх удирдлагаас бусад сонгуульт албан тушаал” гэж өөрчлөн найруулах санал дэмжигдсэнээр төслийн эцсийн хэлэлцүүлэг дуусч, чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийг эцэслэн батлуулах нь зүйтэй хэмээн үзлээ.
“Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” УИХ-ын тогтоолын анхны хэлэлцүүлгийг явуулж, 11 дүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолыг баталлаа
Мөн хуралдаанаар “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулан, 11 дүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолыг баталлаа.
Байнгын хорооны тогтоолоор Монгол Улсын Их Хурлын даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы 11 дүгээр сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай” 88 дугаар захирамжид заасан Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэх цаглаврыг хавсралтаар баталсан юм.
Байнгын хороо 11 дүгээр сард , Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг эцэслэн батлуулахаар цаглавартаа тусгажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.