Categories
мэдээ цаг-үе

Тавин жаалыг цэцэрлэгтэй болгохоор зүтгэж яваа сэтгүүлч залуу

NTV-гийн “Чухал яриа”-г хөтөлдөг
Б.Болдбаатарыг “Өдрийн зочин”-доо урилаа. МУБИС-ийг сэтгүүлч-утга зохиолын ажилтан
мэргэжлээр дүүргэсэн энэ залуу найзуудтайгаа тавин хүүхдийг цэцэрлэгтэй болгохоор
зүтгэж яваа юм.

Б.Болдбаатар XIII хорооллын хүүхэд.
Аав нь Улаанбаатарын уугуул бол ээж нь Завханы Яруу сумынх. Сэтгүүлч залуу “Аав
маань Батлан хамгаалах яамны барилгын цэргийн ангид насаараа ажилласан хүн. Харин
миний ээж онц холбоочин хүн байлаа. Хүүхдүүдийг цэцэрлэгтэй болгохоор сэтгэл шулуудсан
нэг шалтгаан ээж минь байсан. Ээжийнхээ дурсгалд зориулж ном бичих үү, суварга бүтээх
үү гэж бодоод яваад байлаа. Их сургуулийнхаа ангийн Сайхантуяатай таараад бодлоо
өөрчилсөн. Ангийн маань бүсгүй “Эгэл амьдралын мөр” гээд төрийн бус байгууллага
ажиллуулдаг юм. Сайхантуяа “Болдко нэг байр байна, засч тохижуулах хөрөнгө байдаг
бол ч…” гэдэг юм. Тэр үед л цэцэрлэг байгуулъя, хүүхдэд буян хийе гэсэн бодол
төрсөн. Суварга босгосноос илүү бодит буян юм даа гэж бодоод зүтгэсэн” гэж ярилаа.
Найзад нь тохиолдсон гунигтай явдал ч бас нөлөөлжээ. Найзынх нь эхнэр гурван настай
хүүгээ гэртээ хардаг байж. Нэг өдөр бүсгүйг хашаандаа мод хагалж байтал гэртээ тоглож
явсан хүү нь таварцаглаж унахдаа буцалж байсан хар цай руу орчихож. Гүн түлэгдэж
ирсэн хүүхдүүдийн ихэнх нь Хятадаас оруулж ирдэг улаан хүрэн өнгийн халуун тогооноос
болдгийг түлэнхийн тасгийн эмч нар анхааруулдаг. Яг ийм халуун тогоонд нүүрээрээ
унасан хүү ээжийгээ түлээ хагалаад орж иртэл буцалж буй уснаас гарч чадахгүй тарчилжээ.

Болдбаатар “Нэг өдөр хүүгийн аав
гэмтлээс над руу утасдаад, хүрээд ирээч хө, танил талтай хүн өөр шүү дээ, хүүд минь
туслаач гэдэг юм. Би ч тэр даруй гэмтлийн эмнэлэгт очсон. Гэтэл арваад хоногийн
дараа эмч нь намайг дуудлаа. Тэр эмч надад, хүүгийн аав ойлгохгүй юм, чи хэлээд
өгөөч, хүүг нь унтуулахаас өөр арга үлдээгүй гэсэн хүнд мэдээ дуулгасан. Найзынхаа
хүүтэйгээ эмчлүүлж байгаа өрөөнд ортол аав, хүү хоёр тоглоод сууж байна. Шулганаж
тоглоод сууж байгаа хүүгийн нүүр боолттой. Түлэгдэх бол учиртай юм байна. Амь насыг
нь аврах боломжтой. Харин тэр хүү шиг буцалж байгаа зүйлд чанагдчихаар авралгүй
юм билээ. Боолт хийх тоолонд мах нь хэсэг хэсгээрээ унаад араг яс л үлддэг, ямар
ч авралгүй гэдэг тайлбарыг эмчээс сонссоноо найздаа хэллээ. Ингээд эцэст нь хүүг
унтуулсан даа” гэж хэлээд санаа алдав. Хүүгээ оршуулсны дараахан залуу хос салжээ.
Эхнэр нь нөхөртөө “Би чамаас хүүгээ цэцэрлэгт оруулаад өгөөч гэж гуйсан биз дээ”
хэмээн гомдоллоход хүүгээ алдсан залуу өвдөг сөхрөн суугаад “Би дөрвөн цэцэрлэгээр
явсан. Хүүг минь аваагүй. Нэг нь надаас 400 мянган төгрөг нэхсэн. Надад тэр мөнгө
нь байгаагүй. Сугалаанд орсон ч аз таараагүй. Цэцэрлэг нь байхгүй юм чинь хаанаа
өгөх юм бэ” гээд уйлж суусныг Б.Болдбаатар нүдээрээ харжээ. Тэр үеэс цэцэрлэг байгуулахсан
гэж бодох болжээ.

Болдбаатар найздаа тохиолдсон гунигтай
түүхийг ярьсныхаа дараа “Энэ бол нэг л айлын амьдрал. Гэтэл өнөөдөр нийслэлд 55
мянган хүүхэд цэцэрлэггүй байна. Нэн ядуу, амьдралын боломжгүй, хаяг тодорхойгүй,
уулын оройгоор амьдардаг айлын хүүхдүүд цэцэрлэггүй байна. Гэмтэл согог судлалын
үндэсний төвд 16.00 цагаас өмнө өдөрт тогтмол 10-12 хүүхэд түлэгдэж бэртэж гэмтэж
ирдэг гэсэн. Ажлын цагаар харж хандах хүнгүй учраас тэр шүү дээ. Танай сонин дээр
ч гэсэн саяхан гурван хүүхэд гэртээ шатаж эндсэн тухай сурвалжлага нийтлэгдсэн байсан.
Бид гэрэлт ирээдүй гэж яриад байдаг. Өдөрт нэг микро автобус дүүрэн хүүхдээ түлэнхийн
төв рүү аваачиж өгөөд байвал гэрэлт ирээдүйн талаар өөдрөг зүйл яриад нэмэргүй.
Хүүхдээ л амьдралд нь хүргэчихвэл бусад нь хамаагүй гэсэн хандлага ээж, аавуудад
байдаг. Бусдын хүүхдийн төлөө ч гэсэн сэтгэлээ чилээж, нийлээд зүтгэвэл болохгүй
юм үгүй” хэмээн бодлоо хуваалцсан юм.

Цэцэрлэгийн барилгын хувьд хүнд
бэрх ажлынхаа ард гарчээ. Дотоод заслаа хийгээд эхэлчихэж. Хандиваар зургаан сая
төгрөг цугларсан гэнэ. Ашиг, зардал энэ тэрээ хасаад хориод сая төгрөгөөр босох
том ажил учраас энэ мөнгө хаанаа ч хүрэхгүй нь тодорхой. Санаа нийлсэн залуус ингэлээ
гээд шантраагүй юм билээ. Алиалагчийн хувцас өмсөөд зуун айл хавиар явж барилгын
материал зардаг хүмүүсээс тусламж хүсч эхэлжээ. Гэхдээ мөнгө биш, тэдний зарж байгаа
хадаас, цемент, багс гээд барилгын ажилд хэрэгтэй зүйлсийг наймаачдаас гуйжээ. Сэтгүүлч
залуу “Амьдрал хаа сайгүй хэцүү байгаа учраас юм гуйгаад очиход дуртай хандах хүн
цөөн байна. Өвчин зовлонгоо ярьж хандиваар амьдардаг хүмүүс олон болсон учраас хүмүүс
хаширчихаж. Заримд нь гуйлгачнаараа дуудуулж хөөгдөх энүүхэнд байгаа. Зорьсон ажил
маань бүтвэл өчнөөн хүүхэд аюулгүй орчинд амьдрах учраас элдвээр хэлүүлэх бол жижиг
асуудал” гэж байна.

Сэтгүүлч залуу “Би “Чухал яриа”-г
хөтөлсөн найман жилийн хугацаанд 850 гаруй дугаар хийсэн байна лээ. Монголын хамгийн
олон нэвтрүүлэг хийсэн рекордтой. Төрийн тэргүүнээс авахуулаад өчнөөн хүнтэй ярилцжээ.
Гэхдээ үр дүнтэй юм юу хийв гээд эргээд харахаар сэтгэл дүүрэн биш байна. Ингээд
дэлхий ертөнцөө тойръё, хүний төлөө сайн үйл бүтээе гэж шийдсэн дээ. Хөгжил гэдэг
чинь хүн хүнээ хайрлаж сурах л юм байна гэдгийг Японд очоод мэдэрсэн. “Болдоо фүүд
шоу” гээд дэлхийн улс орнуудын гаж хоолыг сонирхуулдаг нэвтрүүлэг бэлдэж байгаа.
Одоогоор 22 орноор аялаад байна. Хүний төлөө юм хийе гээд цэцэрлэг байгуулах ажил
руу орчихлоо. Энэ хоёр зорилгынхоо төлөө амьдарна” хэмээн ярилаа.

“Болдкогийн цэцэрлэг” Дарь-Эхийн
нэгдүгээр буудал хавьцаа удахгүй нээлтээ хийх нь тодорхой болчихож. Сэтгүүлч залуугийн
найзуудтайгаа нийлж босгож буй энэ цэцэрлэгт хэцүүхэн амьдралд өсч бойжиж байгаа
50 хүүхэд хамрагдана.

Цэцэрлэггүй өөр олон жаалыг дулаахан,
тохилог цэцэрлэгтэй болгох хүсэл Болдкод байгаа юм билээ. Нийслэлийн хороод шинэ
байртай болоод эхэлчихсэн. Хорооны хуучин байшингуудыг жаахан сэтгэл гаргаад засч
додомдоход л цөөн ч гэсэн хүүхдийн цэцэрлэг босно гэдгийг тэр олж харжээ. Ашигладаггүй
хуучин байр нийслэлд 300 гаруй бий гэсэн тооцоог хүртэл гаргачихаж. “Хуучин байрыг
цэцэрлэг болгох бүрэн боломжтойг харуулах гэж, анхны жишгийг нь тогтоох гэж хичээж
байна” гэж сэтгүүлч залуу хэлээд дараагийн ажилдаа яарлаа.

Цэцэрлэггүй жаалуудыг цэцэрлэгтэй
болгох Болдкогийн санаачилгыг дэмжиж байвал фэйсбүүкийн Болдко сэтгүүлч гэсэн хуудсанд
зочлоорой. Тэнд хандив өгөх данснууд байгаа. Шинэ цэцэрлэгийн түлхүүр, цоожийг иж
бүрнээр нь сольж өгсөн ээж, хүү хоёр, “Болдкогийн цэцэрлэг” гэсэн бичигтэй тавин
ширхэг аяга бэлэглэсэн компанийн захирал, 50 мянган төгрөг бариад ирсэн хоёр ихэр
хүүхэдтэй залуу хос гээд Дарь-Эхийн цэцэрлэгт чадлаараа тусалж буй олон хүний сэтгэл
хөдөлгөм сайхан түүхүүд ч бий.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *