Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Тавган дээрх Таван толгой

Таван толгойн уурхай бол монголчууд бидэнд бурхнаас хайрласан бэлэг. Үндсэндээ бурхнаас таваглаад бидний өмнө тавьчихсан хоол юм. Гэвч энэхүү тавган дээрх бэлэн хоолыг хүртэх гэж мөн ч олон жил хүлээсэн. Ард түмэн сөхөрч унатлаа итгэн горьдож хүлээсэн. Монголчуудын олон жилийн энэ их хүлээлтийг Ардын намын засаг тайллаа. Өнгөрөгч баасан гаригийн Их хурлын чуулганаар “Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” тогтоолыг баталж, түүхэн шийдвэр гаргалаа. Уул нь бурхны таваглаад тавьчихсан энэ бэлэн хоолыг бид хэзээ ч хүртэх боломжтой байсан. Ард түмэндээ ээлгүй төр засгийн удирдагчид тэрхүү хоолыг нь өгөхгүй, ходоодыг нь хонгинуулж тамлаж, тавласаар ирсэн нь үнэн.

Гол учир нь эрх барьж буй улс төрийн хүчний бүлэглэлүүд хоорондоо таардаггүй, хэн нэг нь өрсөж идэх гээд алалцаан болж, түүнийх нь хариуд ард түмэн өлсгөлөн байсан юм. Их хуралд сонгогдож төрийн жолооноос атгахын тулд бүгд том төслүүдээ хөдөлгөнө, та бүхнийг хоолтой болгоно гэж амладаг. Харин төрийн түшээд болчихоод Таван толгойгоо ярих завгүй байсаар сонгуулийн ээлжит хугацаагаа дуусгана. Олон нийтийг Таван толгойг ярих завгүй байлгана. Амьдралд ямар ч хэрэггүй улс төрийн акцууд хийж нийгмийг самууруулна. Улстөрчдийн Таван толгойг ард түмэнд мартагнуулж, өөрсдөө завгүй мэт харагддаг гол арга нь ердөө шударга ёсыг тогтоох, арчиллыг хөгжүүлэх. Шударга ёс ярьсан шударга бус нөхөд өөр хоорондоо дайсагнаж, дайснуудтайгаа тэмцэж байгаа мэт жүжиг тавьсаар нэг л мэдэхэд дөрвөн жил нь өнгөрсөн байдаг. Яг Таван толгойг ярьж, монголчуудаа хоолтой болгох нь уу гэтэл огт өөр асуудал нийгэмд шуугиан болгон гаргаад ирнэ. Түүнийгээ таван толгойгоос маш чухал зүйл гэж итгүүлнэ. Улстөрчдийн увайгүй ийм хар технологиор Монголын төр сүүлийн 30 жил явлаа. Эрх баригчдын бүлэглэл хоорондын тэмцэл, ханаж цадахыг мэдэхгүй, ард түмнээ хайрлахгүй сувдаг шунахай байдал том төслүүдийг хөдөлгөлгүй тал талаас нь яхийтал зуурч зогсоосон.

Ард түмэн эрх баригчдын шударга төрх үг, үйлдэлд эхлээд үнэмшдэг байсан. Одоо бол цаг өөр болсон. Хэн нь хэн бэ гэдгийг нийгэм сайн мэддэг болсон. Төрийн түшээдийн шударга болж харагдах жүжиг, шоу ард түмнийг тэгтлээ хэрсүүжихэд хүргэсэн байхгүй юу. Их хурлаас баталсан Таван толгойн түүхэн шийдвэрээс харахад улс төрийн бүлэглэлүүд тохиролцсон бололтой. Үндэсний аюулгүй байдал дээр тохирсон гэж дуулдсан. Гэхдээ сая яаж зүгээр байхав, Таван толгойг хөдөлгөхөөс өмнө мөн л улс төрийн башир аргаа хэрэглэх гэж үзсэн. Жаран тэрбум гэж нийгмийг төөрүүлсэн юм яриад эхэлсэн.

Монголчуудын аяган дахь хоолонд жаран тэрбумын гэх энэ хэрэг ямар ч нэмэргүй, ёстой нөгөө ганц боорцогны ч нэмэргүйг хэрсүүжсэн ард түмэн мэдэлгүй хаачихав. Тиймээс жаран тэрбум хэмээн шуугиан шаагиан болж, Таван толгойгоосоо зөрж давхисангүй. Таван толгойгоос илүү юм өгнө гэж худлаа амлаж, хоосон хоцорсон бүлэглэл нь хонзогнохдоо үлгэр зохион гол асуудлаас төөрүүлдэг жишиг энэ удаад бас давтагдлаа. Тодруулбал, Таван толгойн 30 хувийг өгөхтэй зэрэгцээд “Эрдэнэс МГЛ” компанийн хувьцааг иргэн бүрт хүртээж, 34 хувийг ард түмэнд тараах болов. Сонсоход чихэнд чимэгтэй ийм гоё үлгэрийг Ардчилсан нам зохиож Их хурлын чуулганд оруулж ирсэн. Энэ бол яагаад ч бүтэхгүй эд, ард түмнээ дахиад гоё үгээр хуурч хоосон байлгах гэсэн арга мэх. Ардчилсан намын энэ үлгэртэй холбогдуулж Их хурлын дарга “Ардчилсан намын гаргасан саналаар санал хураалаа. Олонх дэмжсэнгүй. Магадгүй энэ саналыг олонх дэмжээгүй нь зөв байсан байх. “Эрдэнэс МГЛ” компанийг би байгуулж байсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр Таван толгойн ордыг ашиглах үеэр “Эрдэнэс МГЛ”-ийн талаар нэг ч үг байгаагүй” гэдгийг хэлсэн.

Мөн Ц.Нямдорж “Эрдэнэс Монголын талаар Засгийн газар дээр яриагүй. Энэ компанийн бүх компаниудыг тус бүрээр нь оруулж ирэх ёстой. Засгийн газар оруулж ирэх боломжтой. Судалгаа тооцоогүй зүйл дээр яаж шийдвэр гаргах вэ. 1072 хувьцааны асуудал одоо болтол тодорхой биш байхад тооцоо судалгаагаа хийж, Засгийн газар дээр яриагүй зүйлийг ингэж оруулж ирж болохгүй. Намрын чуулганаар тус бүрээр нь санал оруулж хэлэлцэх хэрэгтэй. Ханцуйны зарчмаар асуудал оруулж ирдгээ Их хурал болих хэрэгтэй” гэв.

“Эрдэнэс Монгол” компани байгуулагдаад 10 жил болж байгаа. Стратегийн ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг хэрэгжүүлэгч ордуудын үйл ажиллагааг хариуцдаг. “Эрдэнэс Таван толгой” 65 хувь, “Эрдэнэс Оюу толгой”, “Багануур”, “Шивээ овоо”, “Эрдэнэс метан”, “Эрдэнэс шивээ энержи”, “МонАтом”, “Гашуунсухайт роуд” зэрэг компаниудын заримыг нь 100 хувь, зарим нь тодорхой хувиар эзэмшдэг. Хууль дүрэм зөрчсөн Ардчилсан намын энэ асуудал Таван толгойн хувь заяаг дахиад залгих нь гэж бодтол эрх баригч хүчин дэмжсэнгүй. “Эрдэнэс МГЛ”-ийн 34 хувийг хэлэлцэнэ гэж Ардчилсан намын бүлгийг чуулганд оруулангуутаа саналыг нь унагаж молигодсон. Д.Эрдэнэбат “Монголын уул уурхайн баялгийг ард түмэнд олгох санал санаачилга гаргаж МАН-тай улс төрийн зөвшилцөлд хүрсэн гэж ойлгосон боловч чадсангүй. Энэ Монголын баялгийн эзэд бид биш, Засгийн газар, МАН-ынхан ч биш. Энэ шийдвэрээс татгалзлаа. Тиймээс бид Таван толгойн ордыг эргэлтэд оруулах асуудал дээр гурав хоногийн завсарлага үргэлжлүүлэн сунгахыг хүсч байна. Дахин завсарлага авах, завсарлагын хугацааг сунгах хоёр өөр юм” гэж мэдэгдсэн ч УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуульд тухайн асуудлаар нам, эвслийн бүлэг дахин завсарлага авахыг хориглоно, төсвийн анхны хэлэлцүүлгийн үеэр завсарлага авсан учраас дахин завсарлага авах боломжгүй гэх тайлбарыг Их хурлынТамгын газраас өгсөн.

Ингэж Таван толгой хөдлөхөөр боллоо. Тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар Өмнийн говьд авто зам, төмөр зам, цахилгаан станц, нүүрс угаах үйлдвэр, гадаргын усны бүтээн байгуулалтын ажил гэсэн томоохон төслүүд хэрэгжинэ. Зүүн төмөр зам болон Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын тодорхой хэсгийг санхүүжүүлнэ. Макро эдийн засгийн тооцоогоор барилга, зам тээврийн салбарт шууд өсөлт гарч, дагалдах жижиг дунд үйлдвэрүүд олноор байгуулагдан, хэрэгжих төсөл бүр дээр багадаа 200-300, томоохон төслүүдийн хүрээнд 1000 орчим ажлын байр бий болох аж. Төсөл хэрэгжих эхний жилд 5000-8000 ажлын байр шууд бий болж, дам нөлөөгөөр 43 мянга орчим хүний ажлын байрыг хөдөлмөрийн зах зээлд бий болгоно. Мөн Сангийн яам болон холбогдох албаныхны гаргасан тооцооллоор экспортын орлого 2.8 тэрбум ам.доллараар нэмэгдэж улсын төсөвт жилд 400-гаас нэг тэрбум ам.долларын орлого орно гэдгийг салбарын сайд нь хэлээд байгаа. IPO гаргахдаа гадаад дотоодын хөрөнгийн биржүүдийн шалгуур үзүүлэлтүүдийг хангах боломжтой гэсэн дүгнэлтийг мэргэжлийн зөвлөх компаниудаас ирүүлжээ. Хонгконгийн хөрөнгий бирж дээр IPO гаргах шаардлагыг бүрэн хангасан. Мөн Нью-Йоркийн хөрөнгийн биржийг судалж байгаа гэсэн. Ер нь IPO-г хэн авахаа эрх баригч хүчин хэдийнэ тохирсон байлгүй. Мэдээж хувьцаагаа зарлана, ард түмэн чадлаараа ганц нэгийг нь авна. Тэгээд л эрх баригч намын нэг нөхөр бөөнөөр нь авна биз. Түүнд ард түмэн огтхон гудийхгүй байгаа. Томыг нь томчууд иддэг, жижгийг нь жижигчүүд иддэгийг мэдэхтэйгээ болсон. Олон түмэн “Та нар дээгүүрээ учир зүйгээ олчих оо. Таван толгойгоос бидэнд хусам байхад л хангалттай” гэж сүүлийн найман жил төр засгаас шаардсан, хусмаа горьдож хүлээсэн.

Монголчууд энэ зун ажлын бараа харах нь бололтой. Авсан хувьцаагаараа хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлөх, нийлүүлж байгаад нэг нь байртай болчих, ажилд ороод найман хувийн зээлнээсээ гарчих гээд маш олон боломж бидний амьдралд нээлттэй болж ирнэ. Ажилтай болсон нөхөд зургаан сарын дараагаас л лизингээр машин, байртай болно. Эдийн засаг сэргэж, тэр их ажлын байр бий болоод эхлэхэд Монголын нийгэмд гэрэл асаад ирэх нь мэдээж. Монголчууд бид бүтээн байгуулалтыг өрнүүлж, том том хотууд бий болгож, ажил ундарч, айл бүхний амьдрал дээшлэх цаг болсон баймаар. Алийн болгон морио уралдуулж, бөхөө барилдуулж, дуу хуур болж наргиж цэнгэн, хоосон гуйлгачин суух юм бэ. Ажилгүй өлсгөлөн байхын төлөөс маш хүнд. Монгол орноо ч устгаж мэднэ. Өлсгөлөн хүнд ардчилал ч хамаагүй, тусгаар тогтнол ч хамаагүй. Хоол өгч байгаа хүн л чухал байдаг. Таван толгой ингээд хөдөллөө. Одоо бол бүтээн байгуулалтын их түүхээ эхлүүлж улс шиг улс болох цаг нь ирсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *