Categories
мэдээ нийгэм

Тавантолгойн нүүрс тээврийн жолооч нар 185-р тогтоолоо эргэн харахыг Ерөнхий сайдаас хүслээ

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээврийн замд 140 орчим км урт дараалал үүссэн байна. Уурхайгаас нүүрс тээвэрлэдэг жолоочид нэг рэйс хийхийн тулд, 14-21 хонодог аж. Энэ талаар өнөөдөр “Баян зам” тээвэрчдийн холбооноос мэдээлэл хийлээ.

Үүсээд байгаа хүндрэлтэй нөхцөл байдал нь Засгийн газар 2018 оны зургадугаар сарын 20-ны өдөр хийсэн хуралдаанаараа нүүрс тээвэрлэлтийн замын шугамд өөрчлөлт оруулснаас үүдэлтэй хэмээн үзэж байгаа юм. Учир нь тус хуралдааны шийдвэрээр Гашуунсухайтаас Ганц модны хилийн боомт хүртэлх нүүрсний тээвэрлэлтийг Тавантолгойн нүүрсний ордоос Гашуунсухайт боомт хүртэл, Тавантолгойн нүүрсний ордноос Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэл, Цагаан хадны гаалийн хяналтын бүсээс Гашуунсухайт боомт хүртэл гэсэн чиглэлээр явуулахаар болсон.

Тодруулбал дээрх гурван замын чиглэлийг богино, урт, уртын урт хэмээн нэрийддэг байна. Уг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн хавар тус газарт үүссэн нөхцөл байдалтай танилцахдаа уртын урт буюу Тавантолгойн уурхайгаас Ганц модны боомт хүртэлх чиглэлийг БНХАУ-ын хилийн нэвтрүүлэлтийг сайжруулж, хэлэлцээ хийтэл түр зогсоох шийдвэрийг гаргасан. Гэвч хилийн ямар нэгэн хэлцэл хийж, байдлыг сайжруулалгүйгээр буцаан нээжээ. Мөн тус уурхайн тээврийн зам уг нь гурван урсгалтай байсан боловч өнгөрсөн сард орсон их хэмжээний бороо үерийн улмаас замын нэг урсгал нь усанд урсч Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн зам хоёр урсгалтай болсон байна. Энэ нь түгжрэл үүсгээд зогсохгүй тээврийн машиныг эвдэлж, осол гарах эрсдэлийг бүрдүүлж байгаа аж.

Жолооч Л.Гантогтох “Энд ажиллаж байгаа жолооч нарт олон асуудал тулгардаг. Жишээ нь бидний дунд гэртээ хариагүй жил гаруй болж байгаа хүн ч бий. Зарим жолоочид дарааллаас болоод нэгэнтэйгээ муудалцаж, зодолдсон. Саяхан л гэхэд хоёр жолоочийн дунд хүйтэн мэсний хэрэг гарсан. Тиймээс бид нөхцөл байдлыг цэгцэлж, богино хугацаанд ажил гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлж өгнө үү хэмээн Засгийн газарт өргөх бичиг барьж байгаа. Үүнээ гадна дараалалд удаан зогсохыг хүсээгүй жолооч гар Оюутолгойн шороон замаар явж, байгаль орчинд хөрсний гэмтэл үүсгэж байгаа юм” гэв.

Мөн “Баян зам” тээвэрчдийн холбооны ТУЗ-ийн гишүүн М.Нямжав “Гаалийн хяналтын бүсэд Ерөнхий сайд бие төлөөлөгчөө нэг сарын хугацаатай байлгаж, үүсээд байгаа нөхцөл, бодит байдалтай танилцна уу хэмээн хүсч байна. Бас өнгөрсөн зургадугаар сарын 20-ны өдөр гаргасан 185 дугаар тогтоолоо эргэн хараач, Цагаанхадны замд үүссэн 140 км дарааллыг хурдан шийдэж өгнө үү гэж Ерөнхий сайдаас хүсч байна” хэмээлээ.

Тэдний зүгээс, Цагаанхадыг тодорхой засаг захиргааны нэгтэй болгож өгөхөөс гадна, өнгөрсөн сонгуулийн үеэр Цагаанхадыг гэрэл цахилгаанд холбож өгнө гэсэн амлалтаа хэрэгжүүлэхийг шаардаж байгаа аж.

З.МӨНХСУВД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *