“Тавантолгой”-н нүүрсний ордод хөрөнгө оруулагч тодруулах шалгаруулалт эхлээд сар гаруйн хугацаа өнгөрсөн. Өчигдөр хуралдсан ажлын хэсгийн хуралдаанаар Техникийн саналдаа авбал зохих босго оноог авсан Хятад, Япон, Монголын “Чайна Шэнхуа Энержи”, “Сумитомо”, “Энержи Ресурс” ХХК-ийн хамтарсан түншлэл болон “Пибоди Энержи” компанийн Санхүүгийн саналын үнэлгээг Ажлын хэсгийн гишүүдэд танилцуулсан юм.
Үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан “Чайна Шэнхуа Энержи”, “Сумитомо” корпораци, “Энержи Ресурс” ХХК-ийн хамтарсан түншлэлийг “Тавантолгой”-н нүүрсний ордод хөрөнгө оруулагчаар шалгаруулав. Шалгарсан хөрөнгө оруулагч тал нь “Тавантолгой”-н нүүрсний ордод хөрөнгө оруулан, хөгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах бөгөөд ордыг өмчлөх эрх төрийн мэдэлд хэвээр хадгалагдан үлдэх аж.