Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто зам дагуух тэмдэг, тэмдэглэгээг сайжруулж, жолооч нарын амарч тухлах орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг чиглэл болгосон. Нийт 239 км үргэлжлэх Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын хатуу хучилттай авто замын засварын ажил дуусч, 48,5 км замыг асфальтаар хучсан байна. Ингэснээр өмнө нь 4-5 см зузаан байсан авто зам 10-12 см болж, стандартын дагуу шинэчилж барьсан замыг гүйцэтгэгч компаниуд хүлээлгэн өгч буй аж. Мөн жолооч нарын түр амрах зогсоол, бие засах газар, замын ус зайлуулах хоолойн ажлууд дуусчээ. Асфальт бетон хучилтанд үүссэн ан цавыг битумээр гагнах ажлыг хоёрдугаар сараас эхлэн хийснээр замын эвдрэл гэмтлийг шуурхай засварлахаас гадна өвөл, зуны аль ч улиралд засварын ажилд хэрэглэх боломжтой технологийг нэвтрүүлээд байна. Зам засварын ажил хийгдсэний үр дүнд осол аваар ч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.