Ерөнхий сайд У.Хүрэлсүх Таван толгойг цогцоор нь хөдөлгөе гэж дуугарлаа. Цахилгаан станцтай нь, төмөр замтай нь, баяжуулах үйлдвэртэй нь хөдөлгөнө гэдэг шинэ санаа биш л дээ. Хэдэн засаг дамжиж яригдаад шийдлээ олоогүй асуудал. Төслийн 30 хувьд IPO гаргана гэсэн өгүүлбэр Ерөнхий сайдын шийдэл дунд дурайж буй. IPO гаргаад 4.7 тэрбум ам.доллар босгоно гэдэг уг нь гоё өгүүлбэр. Гүйцэтгэх засаглалын тэргүүн ингэж олсон мөнгөөрөө Таван толгойн авто зам, төмөр зам, баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, нүүрс химийн үйлдвэр барих боломжтой гэж намын бүлэгтээ тайлбарлаж байгаа. Бас л гоё санаа. Ерөнхий сайд гайхалтай зоримог шийдвэр гаргалаа, гэхдээ энэ санаа нь улс төрийн өөр том бүлэгтэй нүүр тулна, Таван толгойг цогцоор нь хөдөлгөх санааг дэмждэггүй улстөрчидтэй байлдаад дийлвэл том төслөө хөдөлгөчихнө дөө гэх маягийн дүгнэлтүүд хэвлэлээр хөврөөд эхэллээ. Таван толгойн хувьцааг амь оруулах засгийн хувилбар Ерөнхийлөгчийн санаа зоригтой нийцээд том төслөө хөдөлгөчих байх гэх мэт таамаг ч дуулдаж байна. Улс төрийн цонхоор харвал тийм байх. Гэхдээ эдийн засаг гэж айхавтар том шалтгаан бий. Улстөрчид нь хичнээн сайхан санаа гаргаад ажил болоогүй жишээг өнгөрсөн түүхээс шүүрдвэл өчнөөнөөрөө тоологдоно. Дээр байгаа хэдийн нийгэмд таалагдах гэж бодож олсон санаанууд эдийн засгийн бодит боломжтой нүүр тулаад үнс болдог нь бодит үнэн.
Таван толгойн төмөр зам дээр Засгийн газар судалгаагүй хандаж байна гэсэн шүүмжлэлийг төмөр замын зөвлөх инженер Л.Пүрэвбаатар манай сонины өчигдрийн дугаарт өгсөн ярилцлагадаа онцолсон. Энэ удаа Таван толгойн хувьцааны 30 хувийг арилжаалаад 4.7 тэрбум ам.доллар босгох санаа бодит ажил болох уу гэдэг асуултад хариу хайлаа.
Д.АНГАР: IPO ГАРГАХ САНАА ОЙРЫН ХЭДЭН ЖИЛДЭЭ АЖИЛ БОЛОХГҮЙ
Таван толгойн хувьцааны 30 хувийг арилжаад 4.7 тэрбум ам.доллар босгох санаа өнөөхөндөө амилахгүй гэж хөрөнгийн зах зээлийнхэн онцолж байна. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар саяхан “Олон улсын хөрөнгийн биржийн босгыг давж хөрөнгө босгох шаардлагатай. Дотоодын Таван толгой компанийн үнэ тогтмол өсч байгаа. Энержи ресурс компани Хонгконгоос амжилттай хөрөнгө босгосон. Иймд бид олон улсын Хөрөнгийн биржийн шалгуурыг давах ёстой. Үүний тулд ордоо үнэлүүлж, засаглалаа сайжруулъя. Засгийн газар хамтран ажиллах хуулийн болон санхүүгийн зөвлөгөө өгөх байгууллагыг сонгон шалгаруулахаар ажиллаж байна. Дараа нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулна” гэж онцолно лээ. Сайдын яриагаар бол Засгийн газар дотоодын болон олон улсын хөрөнгийн бирж дээр ойрын хугацаанд IPO гаргах санаатай ажиллаж эхэлсэн бололтой юм. “Новел инвестмент” компанийн захирал Д.Ангар “IPO гаргана гэдэг чиглэлийнхээ хувьд зөв. Гэхдээ бэлтгэл алга. Дотоод, гадаадын аль ч зах зээл дээр IPO хийхэд хэцүү. Компанийн засаглал, ил тод байдал, улс төрийн асуудал байна. Засаглал муутайгаас гадна улстөрчдийн шахаа, ил далд завшсан мөнгөний асуудлаа шийдэж чадаагүй ийм үед IPO гаргах боломжгүй. Наад зах нь иргэдийн брокерийн данс гүйцэт нээгдээгүй. Урт цагаан дээр 1072 хувьцааг худалдаж авч байна гэсэн яриа гарах үед хүмүүс брокерийн компаниудын үүдэнд дугаарлан барин дансаа нээлгэсэн дээ. Тэр үед 100 мянган хүний дансыг л нээсэн. Тодруулж хэлэхэд бүтэн жилийн хугацаанд нээсэн гэхэд 100 мянгаар л тоологдож байна. Цаана нь байгаа хоёр сая хүний дансыг нээе гэвэл дор хаяж хоёр, гурван жил шаардлагатай. Ингээд харахаар арилжаанд орох бэлтгэлээ хангахад хэдэн жилийн хугацаа орно” гэж ярилаа.
Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд “Энержи ресурс”-ын Хонгконгийн хөрөнгийн бирж дээр IPO хийсэн үйл явдлыг Таван толгойтой холбон жишээ татаж харагдсан. Зах зээлийн зарчмаараа яваа хувийн компанитай төрийн мэдлийн, улстөрчдийн шийдвэр дохиогоор ажилладаг компанийг харьцуулах аргагүй л дээ. Тэнгэр газар шиг ялгаа зөрүү харагдана. Олон улсын хөрөнгийн бирж дээр IPO гаргах наад захын шаардлага гэхэд л сүүлийн 3-5 жилийн санхүүгийн тайлан тооцоо. Үйл ажиллагаа нь хэр цэвэр компани вэ гэдэг асуултын хариу санхүүгийн тайлан тооцооноос ил харагддаг учраас тэр л дээ. Тэгэхээр олон улсын хөрөнгийн бирж адаглаад мөнгөө юунд ямар зорилгоор яаж зарцуулсныг харж байж IPO гаргах эсэхийг шийднэ гэсэн үг. Нүүрсээ зарах явц нь ченжийн тогтолцоотой, компанийн толгойд суугаа улстөрчид нь худалдан авагчидтайгаа ашиг орлогоо хуваасан шигээ аж төрдөг “Эрдэнэс Таван толгой”-н хувьд санхүүгийн тайлан тооцоон дээрээ бүдрэх эрсдэлтэй. Олон улсын хөрөнгийн биржид гаргах шалгуур ингээд зогсохгүй. Бүх тайлан тооцоо, геологийн мэдээ сэлтээ олон улсын стандартаар баталгаажуулах гэх мэт олон босго бий.
Олон улсын хөрөнгийн бирж дээр биш юм аа гэхэд дотоодын хөрөнгийн зах дээр гарчих болов уу гэсэн горьдлого бийг үгүйсгэхгүй. Улс төрийн шийдвэр гаргаад шахвал ажил болж магадгүй. Гэхдээ зах зээлийн жамаараа хөрөнгийн зах дээр амилж, иргэдэд ашиг өгөх боломжгүй гэж салбарынхан нь онцолж байна.
Д.ГАНБАЯР: КОМПАНИЙН ЗАСАГЛАЛ ДЭЭР АСУУЛТЫН ТЭМДГҮҮД БИЙ
Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаяраас “Эрдэнэс Таван толгой” компанийн засаглал, үнэлгээ, хөрөнгийн зах зээл дээр хувьцааг нь арилжаалах боломжийн талаар зарим зүйлийг тодруулсан юм.
-Одоогоор “Эрдэнэс Таван толгой” хаалттай хувьцаат компани байгаа. Нээлттэй хувьцаат компани болж хувьцаагаа гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалах боломж нөхцөл нь бүрдсэн үү?
-Таван толгойг зургаан тэрбум тонн нөөцтэйгөөс гадна нүүрсний давхаргын метан хийтэй гэж ярьдаг. Метаны нөөц, олборлох арга, хөрөнгө оруулалтын дүн гэх мэт асуудал тодорхой болох учиртай. Геологийн судалгаа хийгээгүй, хэдий хэмжээний нөөцтэйгөө тооцоогүй, хорь, гучин жилийн өмнөх судалгаандаа тулгуурлаж яваа гэх мэт сул тал бий. MMC-гийн хувьд Хонгконгийн биржид гарахдаа нөөцийнхөө судалгааг JORC стандартаар тооцсон. Хөрөнгөө балансдаа суулгаагүй үедээ хувьцаа гаргах тухай асуудал яригдвал тухайн компанийн хувьцааг худалдаж авах сонирхол хэнд ч төрөхгүй. Хувьцааны хамгийн чухал ойлголтын нэг нь дансны үнэ. Эрдэнэс Таван толгойн нийт хөрөнгийнх нь дүн 11.8 их наяд төгрөг. Нөгөө талд нь өр төлбөр эзэмшигчийн өмч гэж бий. Өр төлбөр нь 613 тэрбум төгрөг. Энэ мөнгийг хасахаар эзэмшигчийн өмч 11.2 их наяд болчихож байгаа юм. 11.2 их наядыг нийт хувьцаандаа хуваахаар нэгж хувьцаанд ногдох эзэмшигчийн өмчийн хэмжээ гарна. Тэр нь багцаагаар 933 төгрөг болов уу. Тодруулж хэлбэл Таван толгойн нөөцийн хувь хэмжээг санхүүгийн тайланд тусгаагүй. Нөөцийн хэмжээг нь тогтоочихвол одоогийн үнэлгээ өснө гэсэн үг. Ийм нарийн мэдээллийг хувьцаа эзэмшигчдэд ойлгуулах хэрэгтэй. Тэгсний эцэст хувьцааг арилжаалвал иргэдэд өгөөжөө өгсөн шийдэл болно.
-Нүүрсний хэрэгцээ ирээдүйд багасна гэсэн мэдээлэл их цацагдаад байхаар иргэдэд хувьцаагаа эртхэн мөнгө болгоё гэсэн сонирхол төрөөд байх шиг…?
-Нүүрс хэзээ ч үнээ алдахгүй. Сансрын хөлгийн гадна талыг нүүрснээс гаргасан элементээр хийдэг. Алмаазны төрлийн элемент учраас хатуу чанарын гэж үнэлэгддэг. Дээрээс нь төмрийг орлох сайн бүтээгдэхүүн. Зэвэрдэггүй, ганддаггүй бүтээгдэхүүн хийдэг юм. Тиймээс бид Таван толгойг томоор харах хэрэгтэй. Хэдхэн төгрөгөөр хувьцаагаа зарах уу, ирээдүйд Эрдэнэс Таван толгойг өгөөжтэй компани болгоод их ашиг хүртэх үү гэдгээ бодох цаг ирсэн.
-Компанийн бодит үнэлгээ сая таны хэлсэн тооцоо судалгаануудыг хийсний эцэст гарч ирнэ. тэгэхээр хөрөнгийн бирж дээр гарахад үнэлгээ бодитой биш гэсэн асуудал байгаа юм байна?
-Хөрөнгийн бирж дээр гарлаа гэхэд үнэлгээ нь тодорхой биш гэсэн асуудал бий. Нэгж хувьцааны үнэлгээг 933 төгрөгөөр гаргалаа гэхэд хувьцааны үнэ унах нь ойлгомжтой. Учир нь түрүүн хэлсэнчлэн компанийн хөрөнгийн хэмжээг үнэлээгүй, нөөцийн хэмжээг тогтоогоогүй. “Эрдэнэс Таван толгой” компанийн зүгээс хувьцаа эзэмшигчдийнхээ хурлын үеэр геологийн судалгаа хийж байгаа, нөөцөө тогтоогоод балансдаа суулгана гэсэн мэдээлэл өгсөн. Тэгснийх нь дараа нээлттэй хувьцаат компани болгоно гэж байгаа юм билээ. Зарчмын хувьд зөв асуудал л даа. Гэтэл нөгөө талаас нээлттэй хувьцаат компани болох ёстой гэсэн улс төрийн шахаа хийх нөхцөл анзаарагдаад байна. Хөрөнгийн зах зээл дээр хүчээр гаргалаа гэхэд иргэдэд өнөөдөр талхны мөнгө чухал байгаа учраас зарах сонирхол давамгайлна. Хувьцаа эзэмшигчдийн эрх талаас харвал цаашдаа үнэлгээ нь ямар байх, өсөх эсэхийг нь тодорхой харахгүйгээр арилжаанд оруулах эрсдэлтэй. Тэгэхээр эхлээд иргэдийг хувьцааны тухай ойлголттой болгомоор байна. Тэр зуур нь компанийнхаа засаглалд анхаарах шаардлагатай. “Эрдэнэс Таван толгой” компанийн засаглалд асуултын тэмдэгүүд бий. Хууль дүрэм өөрчлөх гэх мэт зайлшгүй хийх ажлууд байгаа. Өнөө зун “Эрдэнэс Таван толгой” геологийн судалгаагаа хийчихвэл тайландаа тусгаж таарна. Энэ тохиолдолд ирэх намраас хөрөнгийн зах зээл дээр гаргах нөхцөл боломж бүрдэж магадгүй. Нөөц, ТЭЗҮ-ээ эцэслэж боловсруулсны дараа юу хийх гэж байгаагаа хөрөнгө оруулагчдад танилцуулах хэрэгтэй. Нөгөө талаас хөрөнгө оруулагчид сонирхвол Таван толгойн хувьцааны зах зээлийн бодит ханш тогтоно.
-Компанийн хөрөнгийг үнэлэхгүйгээр хувьцааг нь арилжаанд гаргавал эдийн засаг талаасаа ямар эрсдэл тулгарах бол?
-Компанийн хөрөнгийг үнэлэхгүйгээр 1072 хувьцааг гаргавал шударга бус зах зээл бий болох эрсдэлтэй. 1072 хувьцаа эзэмшигчид энэ компанийн ирээдүй, стратеги цаашдаа ямар байхыг мэдэх эрхтэй. “Эрдэнэс Таван толгой компани” үүнд анхаарах хэрэгтэй.